Монголчууд буддын шашин шүтлэгтэй ард түмэн. Харамсалтай нь буддизмын мөн чанарыг жаахан ч гэсэн сэхээрэн, амьдрал ахуйдаа ухааран тусгасан нь цөөн. Бидний бурхан багш хэмээн хүндэлж ирсэн Будда буюу Сиддхарта Гаутама бол одоогоос 2500 жилийн өмнө амьдарч байсан бие хүн. Тэр буддизмыг үндэслэсэн. Ингэхдээ тэрээр амьдрал бол зовлон юм байна, зовлонг гэтлэн давах боломж нь сэтгэлийн энэрэл, нийгүүлсэл юм байна, иймээс энэрэн нигүүлсэх сэтгэлийн ухаарал бол гэгээрэл юм байна гэдгийг өөрийн амьдрал туршлагаараа нотлосон нэгэн.
Будда хэзээ ч сухар сүсэг, зөн билэг, уншлага гүрэм, далд ертөнцийн тухай яриагүй. Харин тэрээр ухаарал, сэхээрэл, мунхагийн харанхуйг хэрхэн давах тухай сургаалиа шавь нартаа айлдсан. Хожим нь Буддаг жанч халсан хойно мянга мянган шавь нар нь буддизм дотор олон сургаал чиглэл бий болгож, амьдрахуйн эрхээр гүрэм засал хийж, лам хуврагийн үйлийг бий болгосон гэдэг. Худлаа гэвэл Бурхан багшийн намтарыг аваад уншаад үзээрэй таминь ээ.
Буддизмын жинхэнэ мөн чанар бол хүн дотоод ухамсараа жолоодох, амьдралын утга учрыг ойлгох, энэрэн нигүүлсэх сэтгэлийг бий болгох, уур бухимдлын сөрөг үр дагаврыг ухаарах зэрэгт чиглэсэн байдаг. Буддизмын энэхүү сургаалын үнэн мөнийг гайхамшигтай яруу сайханаар илэрхийлсэн “Агнистын гэгээ” тэргүүтэй олон цуврал зохиол бүтээлүүд хэвлэгдэн гарч, олны мэлмий ухамсарыг залж байна.
Гэвч энэ бүхэн Монголын буддизмын төв болсон Гандантэгчинлэн хийдээс лав гараагүй. Гандангийн лам нарт номоо сайн унших нь чухал. Учир нь тэд цалин авах, амьдрах хэрэгтэй. Тэдэнд буддизмын мөн чанарыг олон нийтэд заан сургах нь чухал биш. За нарийндаа бол тэдэн дунд буддизмын мөн чанарыг ухаараагүй мухар сүсэгтээ баригдсан лам хуврагууд олон.
Монголчууд сүсэгтэй ард түмэн. Чухаг дээд гурав буюу ном, бурхан, багш гуравт сүслэн залбирч ирсэн түүхэн уламжлалтай. Харамсалтай нь социализмын түүхийн бурангуй үе Монголчуудыг 3 үеийн шүтэн бишрэх эрх чөлөөг хаан боогдуулж байсны улмаас бид өнөөдөр юуг шүтэх, юунд сүслэх, юуг ухаарахаа мэдэхгүй болтлоо “манантсан”.
Энэ хорвоо дээр хамгийн муу зүйл бол мунхагийн харанхуй. Мунхагийн харанхуйг гэгээн гэрлээр сүлэн засах ёстой. Харамсалтай нь өдгөө бид техник технологийн 21-р зуунд амьдарж буй атлаа улам бүр мунхагийн харанхуйд живсээр л. Бүр сүүлдээ үхсэн чиний “хүүр цогцос”-т сүслэн залбирах хүртлээ бидний ухамсар доройтсоор…
Монгол орон далайн түвшнээс дээш харьцангуй өндөрлөг бүсэд оршдог улс. Үүнийг зарим тохиолдолд цэвдэгтэй хөрс гэж хэлэх нь бий. Ийм хөрс, уур амьсгалд эртний аргаар тусгайлан бэлтгэсэн хүний бие цогцос тэр хэвээр хадгалагдан үлдэх явдал дэлхийн хаана ч гэсэн бий. Та 200-1000 жилийн настай ийм “муми”-г дэлхийн олон улс орноос харж болно.
Хамгийн сонирхолтой нь манай улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн буюу Шинжлэх ухааны байгууллагаас “дээрх биеийн нугас, тархи нь амьсгалж байна. Иймээс бусад эрхтэнг шинжлэх шаардлагагүй” хэмээн агуу их чин сүсгийн дүгнэлт гаргажээ. Тэдний энэ дүгнэлт ёсоор бол “тархи нь амьд, амьгалж байгаа” энэ цогцос удахгүй АМИЛААД БОСООД явч мэдэх болтой юм билээ. Бас дээр нь төр засгийн зүгээс эл “шүтээн” нэртэй цогцосыг үргэлж байлгах дуган сүм барихад зориулж 164 сая төгрөг гаргаж өгсөн гэнэ билээ. Монголын төр засагт мухар сүсэгтэй хүмүүс олон байдаг бололтой. Тиймгүйсэн бол энэ хямралтай цаг үед 164 сая төгрөгийг цогцсонд гаргаж өгтлөө сайд дарга нарын ухамсар мунхарахгүй л байлтай.
Гандангийнханы хувьд бол монголчууд бид мухар сүсэгтэй байх тусам “сайн” гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Тэд сүсэгтэн олныг хуйлруулж, оочерлуулж байж “өөрсдийгөө мэдрүүлэн кайф авдаг” этгээд зуршилтай гэмээр хүмүүс. Тиймдээ ч тэргүүн хамбаас нь эхлээд шүтээнийг магтан ярьж, сүслэн залбирах нь зүйн хэрэг.
Үнэндээ Монголчууд үхсэн хүнээс жийрхэж, талийгаачдыг нутаглуулж ирсэн газраас ч хол дөлж, “Үхээрийн бузар шингэнэ” хэмээн бэргэж ирсэн ард түмэн. Гэтэл өдгөө цогцост мөргөхөөр өргөл барьцаа барин оочер дугаар үүсгэн зогсож байгааг юу гэх вэ?
Бурхан багш нэгэн цагт шавь нартаа захиж хэлэхдээ: “Бурхан шашныг гаднаас биш дотроосоо мөхөөх аюул ирж мэднэ” хэмээн анхааруулж байсныг гэрчлэх мэт бурханы шашинд өнөө цагт мухар сүсэг, хар шүтлэг, ухамсаргүй байдал давамгайлах боллоо. Ариун гэгээн нэртэй хутагт хуврагууд олон төрөвч ганц Хархорин хийдийн тэргүүн Баасан лам шиг хүний амьдарлын утга учрыг бусдад ухааруулан эд баялаг, эрх мэдлийн ад донгоос хол байж, буддизмын арай өөр өнцөгөөс харж чадах тийм мэлмийтэн ховор болжээ.
Ухамсар, оюун ухаан үүдэнд үлдэж, мухар сүсэг хоймор заларсан энэ янзаар бол бид улс оны хөгжил дэвшлийн тухай ярих өдий хол байна даа.
/News.mn сайтын мэдээний фото зургаас ашиглав/
Ц.Мөнх