Хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга С.Зоригтбаатартай ярилцлаа.
-Шинээр байгууллагдсан улс төрийн хүчнүүдээс ХҮН анхаарал татах боллоо. Боловсролтой залуус олноороо элсээд байгаа юм уу?
-Хөдөлмөрийн үндэсний намын гишүүд бие биеэ яаж олсон, таньсан бэ гэдэг нь чухал шүү дээ.
Бид нам байгуулахаасаа өмнө “Цахим өртөө”, “Монгол хүний төлөө”, “Шударга хүү”, “Эв Монгол хөдөлгөөн”, “Рефорум” гэх мэт олон бүлгэм, ТББ, клубуудад явдаг байлаа. Ардын хувьсгалын өмнөх жилүүдэд хэсэг залуус “Хүрээний, Консулын, лам нарын бүлгэмд явдаг байлаа” гэдэг шиг. Ажлынхаа зав чөлөөгөөр санал бодлоо интернэтээр, утсаар, хурлын зааланд хүртэл солилцдог байсан. Өдрөөс өдөрт уулзалтууд нэмэгдэж, гишүүд маань томоохон анги танхимд хүртэл багтахаа байлаа.
Тэгээд ер нь нам байгуулья гэж ярьцгаасан даа.
-Нам байгуулах сэдэл юу байв?
-Бид улс төр, эдийн засгийн талаар их шүүмжлэлтэй зүйл ярьдаг байлаа.
Ингэж ярихгүй бол, цээжээ онгойлгохгүй бол, салхи оруулахгүй бол бухимдаад байсан хэрэг. Үр дүн муутай шүүмжилж байхын оронд нам байгуулаад ярьсан, мэдсэн зүйлээ улс орондоо зориулъя гэж шийдсэн. 2011 оноос эхэлсэн улс төрийн бүлгэмүүдийн идэвхитэй гишүүдийн нэгдэл өнөөдрийн Хөдөлмөрийн үндэсний намын эхийг тавьсан гэхэд болно.
-Боловсролын тухайд…
-Энэ нам олон түмний иргэдийн оролцоотой нам учраас боловсрол энэ тэрээр ялгах нь утгагүй.
Бидний зарчим, үнэт зүйл, үзэл баримтлалыг дэмжиж буй Монгол хүн бүрт Хөдөлмөрийн үндэсний намын хаалга нээлттэй. Олон нийтийн хүрээнд “Өндөр боловсролтой залуус нам байгуулсан” гэх утгатай яриа хөөрөө байгаа юм билээ. Улс орныг аваад явчих ёс зүйтэй, боловсролтой, тодорхой хэмжээгээр төрийн алба хашиж байсан салбар салбарын мэргэжилтнүүд намд байгаа.
Манай намын дэргэдэх Хөгжил хүн бодлого судалгааны хүрээлэнд шинжлэх ухааны эрдэмтэн, мэргэжилтнүүд идэвхитэй үр дүнтэй ажиллаж байна.
-Ямар ажил мэргэжлийн хүмүүс голдуу байдаг бэ?
-Төрийн албанд ажиллаж байсан хүмүүс бий.
Өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч, суралцаж байгаад ирсэн хүмүүс ч байдаг. Бидний туулах ёстой зах зээлийн замыг 30-аад жилийн өмнө туулаад ирсэн улс оронд үр бүтээлтэй ажиллаж байсан нөхөд маань ч байна. Төрөл бүрийн мэргэжилтэй, төлөвшчихсөн, хэн нэгний цүнх барьж яваагүй, бүлэг фракцийн гар хөл болж үзээгүй сайхан хүмүүс зөндөө элссэн. Энэ МАНАН гэдэг улс төрийн бүлэглэл, ялзралыг тэвчихгүй байгаа Монголоо аваръя гэсэн улсын бөөгнөрөл, хүч бол Хөдөлмөрийн үндэсний нам гэхэд болно. Өөрөөр хэлбэл улс төрийн цоо шинэ замыг харсан, тэмүүлэлт хөгжлийн түүчээ болох хүсэл зорилгын нэгдэл.
-Танай намын ард хэн байдаг бэ?
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Н.Энхбаяр, Н.Алтанхуяг байдаг гэж байна уу?
Ийм цуу яриа их гарах юм. Энэ намын ард Монголоо гэсэн сэтгэлтэй Та бид байгаа, Үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг тийм л Монгол хүн бүр байгаа. Ямарч хувь хүн байхгүй.
Ц.Элбэгдорж гуай 2017 онд ямар сонголт хийхийг би хэлж мэдэхгүй, манай намын хаалга хувиа бодож довоо шарлуулдаггүй, Монголоо гэсэн хүн бүрт нээлттэй байгаа.
-Санхүүгээ яаж босгодог бэ?
-Намуудын санхүүжилт гэдэг зүйлээс болоод албан тушаалын наймаа, улс төр, бизнес дамнасан бүлэглэлүүд үүссэн юм шүү дээ.
Намд хандив өгсөн улс төрч албан тушаалд очдог, аж ахуйн нэгж тендерт ялдаг нь нууц биш болчихлоо. Манай намын хувьд ах нарын гаргасан бохир замаар явахгүй. Намд санхүүжилт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Тэр мөнгөө гишүүдийн татвар, сонгуульт гишүүдийн хураамж, олон нийтийн хандив, тусламж хэлбэрээр хуулийн хүрээнд, адил тэгш эрхийн зарчимд тулгуурлан “Бид ийм зүйл хийх гэж байна. Та дэмжих үү” гэдгээ хэлээд мөнгө босгоно.
-Танай нам эрдэмтэн, докторуудаа ашиглаад их сайн судалгаа хийж байх шиг байна. Хүний хөгжлийн талаар юу хэлэх бэ?
-Хүн амьд байхын тулд орон сууцтай, хоол хүнс авах, эрүүл мэндээ хамгаалах орлоготой байх ёстой.
Бас дээр нь боловсрол хэрэгтэй болно. Хүний хөгжил дээр судлаад үзэхээр тааруухан дүн гардаг юм билээ. Улс орон өнгөрсөн 25 жилд хүний хөгжлийг ор тас хаясан. Хүн хөгжсөн цагт улс орны чадавхи дээшлэнэ гэдгийг одоо хүртэл бодлого болгоогүй. Өнгөрсөн он жилүүдэд гурван сая иргэнээ хоолтой, оронтой байлгах, боловсролтой болгох төрийн бодлого байсан байх. Дандаа л өрөвдсөн, их хайр халамжаар харж ирлээ. Зайлуул ажилгүй юм, амьдралгүй юм гэж тэтгэмж өгөх нь холгүй. Яагаад ажилгүй байгаа юм бэ. Мэдээж төрөөс, гэхдээ хувь хүнд ажиллах амьдрах асар их нөөц бий. Улс төрчид байгалийн баялагаа хэрхэн борлуулах тухай их ярилаа.
Тэр байгалийн баялагаас илүү үнэт зүйл бол хүн. Хүнээ ажилуулж, амьдруулж улс орон хөгжинө.
-Танай намын үзэл баримтлалд байгалийн баялагаа ашиглах тухай байгаа юу?
-Нөөц нь тогтоогдсон ордуудаа монголчууддаа ашигтай ажиллуулж чадвал Монгол хүн сайхан амьдрах боломжтой.
Энэ их баялагаа зөв зохистой хувиарлаж чадахгүй учраас ядуу хоосны ялгаа, улс төр бизнесийн бүлэглэлүүдийн тулаанаас болоод Засгийн газар тогтвортой ажиллахаа болчихсон. Байгалийн баялаг цөөхөн гэр бүлийн хэрэгцээг хангаад байгаа учраас нийтээрээ хөгжихгүй байгаа юм.
Хүн амын 65 хувь нь дундажаас доогуур буюу ядуу амьдарч байна шүү дээ. Миний бодлоор байгалийн баялагийн хувиарлалтанд төрийн оролцоо өндөр хувьтай баймаар санагддаг.
-Байгалийн баялагаас ашиглуулахгүй, улс орныг сэхээгүй гэсэн улс төрчид буюу популистууд байна гэх юм?
-Үнэндээ бол инээдтэй гэмээр тайлбар л даа.
Энэ хэдэн тэмцэгчдээс болоод уул уурхай эргэлтэнд орохгүй байна гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Харин хэтэрхий их баялаг ард түмний хяналтаас гадуур урсаж байгаа гэвэл үнэнд ойртоно. Цөөн хэдэн улс төрчдийн үгийг сонсдог юм уу. Улс орноо сэхээнд оруулчихсан гэм нүглийг МАНАН үүрэх ёстой.
Тэд гэм нүглээ цайруулах гэхдээ буруугаа бусад руу чихээд сурчихсан улс.
-Танай нам Халх голын чөлөөт бүсээр анх дуугарч эхэлсэн. Одоо бүх намууд эсэргүүцээд эхлэв бололтой. Юу нь буруу байгаа юм бэ?
-АН, МАН гэсэн улс төрийн хоёр хүчин сонгууль болохоор нэг нэгнээ будаа идэж байгаа хүүхдүүд шиг нэг зүйл ярьдаг.
Санаж байгаа бол нэг сая гээд нөгөөх нь 1,5 сая төгрөг ч гэх шиг. Ард түмний саналыг дуудлага худалдаагаар авч болохгүй. Бас хот байгуулна, үйлдвэр барина, Баянмонгол корпарци, Ази европыг холбосон шилэн кабель тавьж хүмүүсийг сайхан амьдруулна гэж залилангийн гэмт хэрэг үйлдэж болохгүй. Манай намын тухайд Халх голыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс 500.000 гаагийн их хурлын 75 р тогтоол батлагдсан өдрөөс л ярьж эхэлсэн, газар дээр нь эрдэмтэн судлаачидын хамт ажиллаж дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээ 76 гишүүнд явуулсан Н.Алтанхуяг, Бие даагч гишүүд дэмжиж ажиллахаа албан ёсоор илэрхийлсэн.
Яагаад гээч энэ хоёр нам чинь 2008 онд Оюу толгойгоор, 2012 онд Тавантолгой, бондоор сонгуулийн мөнгө, арга мэх босгосон байх магадлалтай. Миний хувьд энэ хоёр намд эх орноос минь зарах байгалийн баялаг, үнэд хүрэх зүйл үлдээгүй учраас өвөг дээдсийн цусаа урсган хамгаалсан Халх голоо заран сонгуулийн мөнгө босгох гэж хардаж байна.
Газар нутгаа зарах дээрээ тулсан улс төрчдийн эсрэг 10 сарын 28 ны өдөр 11 цагт Чингисийн талбайд бүх нийтийн эсэргүүцлийн тайван жагсаалийг Хөдөлмөрийн үндэсний намаас зохион байгуулна.
А.СҮХ
Эх сурвалж: ikon.mn