Эмэгтэйчүүдийн зургаан эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоов

olloo_mn_1445488392_tsaНийслэлийн  мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр эх барих эмэгтэйчүүд, арьс гоо заслын эмнэлгүүдэд хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Шалгалтад Эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ортой болон оргүй нийт 84 эмнэлэг, Арьс, гоо сайхан, мэс ажилбар, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мөн ортой, оргүй  15 эмнэлэг нийт 99 эмнэлэг хамрагдсан байна. Эдгээр байгууллагууд нь хувийн хэвшлийн эмнэлгүүд байгаа бөгөөд ортой эмнэлэг 20, сувилал 2, оргүй  77 эмнэлэг  байжээ.

Шалгалтаар эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага, эмнэлгийн дотоод зохион байгуулалт болон үйл ажиллагаатай нь холбоотой нийтлэг зөрчлүүд илэрсэн.
Тухайлбал, Шалгалтад хамрагдсан эмнэлгүүдийн 48 буюу 56 хувь нь зураг төслийн дагуу баригдаагүй зориулалтын биш байранд үйл ажиллагаа явуулж байжээ. Мөн өөрийн байрандаа ариутгал хийдэг 29 эмнэлгийн 58 хувьд нь бохир багаж, хэрэгсэл, материалыг хүлээн авах, угаалга, халдваргүйжүүлэлт хийх, хатаах, засварлах,  боох, савлах, ариутгах, ариун багаж, материал хадгалах зэрэг зориулалтын 3-5 өрөөтэй байх шаардлага зөрчигдөж байсныг НМХГ-ын дарга Д.Цэнд-Аюуш мэдээллээ.

Тэрээр “Дотоод зохион байгуулалт болон үйл ажиллагаатай нь холбоотой зөрчлүүдийн хувьд, эмнэлгүүд нь үзүүлж байгаа тусламж үйлчилгээнийхээ чанарт тогтмол хяналт тавьж ажилладаггүй, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлээгүй, хүчин төгөлдөр анхан шатны маягтаар бүрэн хангагдаагүй, хөтөлж буй баримт бичгүүдийг зааврын дагуу хөтөлдөггүй, үйлчлүүлэгчийг мэс засалд бэлтгэж, өвчтөнүүдэд заавал хийх шинжилгээнүүдийг бүрдүүлээгүй хагалгаа хийсэн, ор бүхий эмнэлгүүд нь өвчтөнд эмчилгээний хоолоор үйлчилдэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Түүнчлэн гоёлын гоо сайхны газар буюу гоёлын будалт, арьс зөөлрүүлэх иллэг, хөмсөг, сормуус наах, будах, чимэглэх үйлчилгээ үзүүлдэг газрууд хүний арьс салстад мэс хүргэх ажилбарууд хийж байна. Гоо сайхны газарт эмчилгээний гоо заслын үйл ажиллагаа явуулах нь элдэв халдвар, элэгний B, C вирус халдварлах аюулыг дагуулж байна. Иймд илэрсэн зөрчлийг үндэслэн 53 байгууллагад улсын байцаагч нарын  хамтарсан албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч,  зургаан эмнэлгийн үйл ажиллагааг түр хаасан” гэлээ.

Тодруулбал, “Нарру family”, “Арвин шүүдэр”, “Энх-Од”, “Ирээдүй өнөр бүл”, “Зээ”,  “Бүсгүй” зэрэг байгууллагын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, 15 байгууллагад 6 сая 612 мянган төгрөг, есөн албан тушаалтанд 4 сая 920 мянган төгрөг  нийт 11 сая 532 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулсан”  байна.

Мөн тэрээр, Нийслэлд эмчилгээний гоо сайхны газар гэсэн нэртэй олон байгууллагууд ажиллаж байгаа. Гэтэл энэ газруудын зааг ялгааг иргэд сайтар ойлгож, сонголтоо зөв хийж үйлчлүүлэх нь зүйтэйг энэ үеэр хэллээ.

Гоёлын болоод эмчилгээний гоо заслын газруудын ялгаа юу вэ

Эмчилгээний гоо заслын газар нь тусгай зөвшөөрлийн хүрээнд ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл, тоног төхөөрөмж, эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчний хангалт, халдвар хамгаалал, аюулгүй ажиллагаа, ажиллагсдын эрүүл ахуйн шаардлагыг холбогдох стандартын дагуу хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг.
Харин Гоёлын гоо заслын газар нь арьсыг гэмтээх үйлчилгээ үзүүлэхгүй.Зөвхөн гоёлын будалт, арьс зөөлрүүлэх иллэг, хөмсөг, сормуус наах, будах,чимэглэх, мөн хумс засах, будах, чимэглэх зэрэг үйлчилгээг энэхүү чиглэлээр сургалтад хамрагдаж, эрх бүхий байгууллагаас мэргэжлийн үнэмлэх авсан ажиллагсад хийнэ. Гоёлын гоо заслын газарт тусгай зөвшөөрөл авах шаардлага байхгүй.

Иймд үйлчлүүлэгчид  эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйлчилгээ авахдаа сонголтоо зөв хийж эрсдэлээс өөрийгөө хамгаалж, эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, арьс гоо заслын чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан газарт хандаж үйлчлүүлэхийг сэрэмжлүүлж байна.

Г.Уянга
olloo.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …