Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ЕрөнхийлөгчийнТамгын газар, Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний хоёрдугаар чуулганыг зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулган нь 2011 оны дөрөвдүгээр сарын 14-15-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгын дор болсон “Шүүх эрх мэдлийн шинэтгэл ба шударга ёс” үндэсний чуулганы үргэлжлэл болж байгаа юм.
Тус чуулганаар Шүүх эрх мэдлийн шинэтгэл, шүүхийн багц хуулийн хэрэгжилт, шүүхийн захиргааны өөрчлөлт, цаашдын чиг хандлага, Эрүүгийн хуулийн шинэтгэл, боловсруулж буй хуулийн төслүүдийн танилцуулга, Авлигатай тэмцэх зорилгоор хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, тус үйл ажиллагааг эрчимжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх арга зам, авлигатай тэмцэх үндэсний стратегийн төслийн танилцуулга, Иргэдэд эрх зүй, улс төр, эдийн засгийн суурь үндсэн боловсролыг олгож, хууль дээдэлдэг, шударга иргэдийг хэрхэн бэлтгэх талаар гэсэн дөрвөн салбар хуралдаантай байх юм. Чуулганаар дээрх асуудлуудыг шүүх, хууль сахиулах байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хамтран хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэхээр болжээ.
Т.Түвшин
Ugluu.mn