Авилгач улс төрчдийн саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэр үе үеийн томчуудын арааны шүлсийг асгаруулсаар ирсэн. Албатай юм шиг даргыг нь байнга дарамталдаг нь гэм биш зан, гэнэт биш хууч. Ч.Ганзориг 2008 оноос эхлэн Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байгаад энэ оны эхээр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн юм. Өнгөрсөн жил өнөөх Ч. Ганзоригийг 2012 оны УИХ-д сонгуульд дэвшүүлэхгүй гэж МАН-ын Т. Бадамжунай мэтийн зарим нөхдийн явуулгаар хорьсон ч гэх шиг мэдээ чих дэлсээд өнгөрсөн. Хэсэг хугацааны дараа түүнийг эрх баригч АН-тай тохироо хийгээд, албан тушаалдаа түр үлдээд дараа нь хаа нэгтэй элчингээр явах юм гэнээ гэсэн бор шувуу ниссэн. Энэ удаа ч Ч.Ганзоригийг баривчилсан тухай мэдээ сайтууд, хэвлэлээр хөвөрч эхлэв. Хоёр гурван хоногийн өмнөөс түүнийг баривчилсан тухай тус үйлдвэрийн хурган дарга нар ам амандаа цуурч гарсан гэнэ. Баривчилгаатай холбоотой тус үйлдвэрийн баримт бичигт шалгалт хийж эхэлсэн мэдээ ч байгаа. Харин түүний ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Ч.Ганзориг гадаадад эмчлүүлж байгаа юм байна. АТГ-ын баттай эх сурвалжийн хэлснээр түүнийг ТӨХ-нд ажиллаж байсан томоохон албан тушаалтны хэрэгтэй холбогдуулан шалгаж, мэдүүлэг авсан байна. Наадмын дараахан Эрдэнэт үйлдвэрт санхүүгийн шалгалт оруулсан бөгөөд олон улсын шинжээчид ажиллаж байгаа гэнэ.
Эх сурвалж: www.aravt.mn