Д.Дорлигжав: ИХШХЕГ-ын харьяаны Хилийн шалган нэвтрүүлэх  албыг буцааж ХХЕГ-т шилжүүлнэ

2Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.  

Тэрбээр  мэдээлэлдээ: Жил хагасын өмнө Хилийн боомтын тухай хуулийг батлан гаргасан, тус хуулийн дагуу  ХХЕГ-ийн харьяанд байсан хилийн шалган нэвтрүүлэх албыг  ИХШХЕГ-т шилжүүлсэн. Уг хилээр орж гарч байгаа хүмүүсийг шалгадаг энэ алба Хил хамгаалах газрын харьяанд 80 гаруй жил явж ирсэн. Одоо бид хилийн шалган нэвтрүүлэх энэ албыг буцааж ХХЕГ-т шилжүүлэхгүй бол болохгүй байна. Үүнтэй холбогдуулан Хилийн хуульд нэмэлт өөрчлөлт орно. Юу гэвэл хилийн ойролцоох газар нутагт бизнес эрхлэх, ашигт малтмалын судалгаа явуулах, барилга байгууламж барих  нь  одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд нэлээд төвөгтэй байдал үүсгэж байгаа. Иймээс хуульд өөрчлөлт оруулж  ХХЕГ-аас зөвшөөрөл авдаг биш, холбогдох байгууллагаасаа зөвшөөрөл авсан бол Хил хамгаалах байгууллагад бүртгүүлдэг системтэй больёо гэж байгаа юм.

Мөн манай хилийн хамгаалалтын зурвас 100 км, хяналтын зурвас   20 км байгаа одоогийн хуулийн эл заалтыг 2 дахин бууруулж хилийн хамгаалалтын зурвасыг 50 км, хяналтын зурвасыг 10 км байхаар өөрчлөх заалтыг оруулсан. Аль ч улс орны иргэд хил рүү дөхөж, хилтэйгээ ойр байж үйл ажиллагаагаа явуулдаг байхад манай улсын хувьд хилээсээ хол хөндий байгаа нь тухайн бүс нутгийн хөгжилд сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаа юм.

Хилийн шалганы албыг ИХШХЕГ-ын харьяалалаас гаргаж ХХЕГ-т буцааж шилжүүлж байгаа асуудал  маргаан дагуулж байгаа. ХЦУГ болон ИХШХЕГ нь хоёулаа Хуульзүйн сайдын эрх мэдлийн хүрээнд байдаг  агентлагууд. Хэн нэгэн хүнээс ямар нэгэн эрх мэдэл авах, өгөх гээд байгаа хэрэг огт биш. Асуудлын гол  юунд байна вэ гэвэл хилийн шалган гэхээр хүмүүс өнгөцхөн ойлгоод хилээр орч гарч байгаа хүмүүсийн паспорт, визыг шалгадаг, нэвтрэх тамга дардаг ажил учраас энэ алба Харьяатын албанд байх нь зүйтэй гэсэн үндэслэл ярьдаг, мөн зарим хүмүүс Монгол улсын хилээр нэвтрэн орж ирэхэд цэргийн хувцастай албаныхан  “муухай” харагддаг гэх зэргээр хэлдэг.4

Гэтэл үнэндээ хилийн шалганы хяналт гэдэг бол зөвхөн хүний паспорт шалгадаг төдий алба  биш. Тусгаар тогтносон Монгол улсын  хилээр  хэдий зөвшөөрөлтэй ч гэлээ орж гарч байгаа аливаа тээврийн хэрэгсэл, галт тэрэг, машин тэргэнд үзлэг шалгалт хийж байх үүрэгтэй алба байх хэрэгтэй. Дэлхий дахинд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ өсөн нэмэгдэж хууль бус тээвэрлэлт, зөөвөрлөлтийн асуудал олон улсын анхаарлын төвд байгаа ийм цаг үед Монгол улсын хилээр эл төрлийн бодис болон бусад хилээр гадагш, дотогш  нэвтрүүлэхийг хориглосон зүйлсийг нэвтрүүлэх, гаргах үйл явцад хатуу хяналт тавигдах ёстой.

Цаашлаад хоёр улсын хил хамгаалах байгууллагатай хилийн хяналтын асуудлаар  маргаан зөрчил гарах юм бол цаад байгууллагатай уулзаж, гэрээ хэлэлцээр хийх шаардлага тулгардаг. Манай улсын хувьд Орос, Хятад хоёр улстай хиллэдэгийн хувьд  хууль журам ёсоор  энэ төрлийн хэлэлцээр хийхийг төлөөлсөн байгууллага нь ХХЕГ байдаг.  Хилийн зөрчлийг шийдвэрлэх энэ хэлэлцээр өөрчлөгдөөгүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хэвээр. Үүний дагуу Орос, Хятадын тал хэлэлцээр ёсоор манай хилчдэд асуудлаа тавьдаг, бид өөдөөс нь Хилийн байгууллага үүнийг хариуцахаа больсон, ИХШХЕГ-т шилжсэн гэдэг тайлбарыг өгдөг. Хөрш улс орнуудын хувьд ИХШХЕГ-тэй харьцаж ойлголцож чаддаггүй ийм л нөхцөл байдал үүсээд байна.

Вагоны нүүрсэн доор автомашины ачаан дотор нууж хориотой эд зүйлсийг хил нэвтрүүлэхийг завдсан тухай хэрэг зөрчлийг та бүхэн сонссон байх. Эдгээр тээврийн хэрэгслийг шалгах үүргийг Хилийн хяналтынхан л хийдэг. Зарим хүмүүс Гаалийн байгууллага гэж байхад дахин ийм байгууллага байх хэрэг байна уу гэж асууж байна лээ. Энэ бол ихээхэн андуу ойлголт. Гаалийн байгууллага бол зөвшөөрлийн дагуу Монгол улсын хилээр нэвтэрч байгаа бараа таваар, эд зүйлсийг бүртгэлжүүлж, тухайн бараа мөн биш эсэхийг хянаж, хуулийн дагуу татвар тогтоодог байгууллага. Тухайн хил нэвтэрч байгаа этгээд бараа бүтээгдэхүүний тухай буруу юмуу худал мэдүүлэг өгсөн бол тухайн барааг хурааж авах, торгууль тавьдаг болохоос бусдын бараанд үзлэг нэгжлэг хийгээд явдаг байгууллага биш, тэгээд ч манай бүх хилийн боомтон дээр тийм цаг зав боломж ч байхгүй.

Тиймээс Монгол улсын хилээр нэвтрэх, ачаа  бараа нэвтрүүлэх, тээврийн хэрэгсэл нэвтрэх асуудал нь хил хамгаалалтын  нэг хэсэг юм. Зөрчилгүй байгаа бол хэвийн үйл ажиллагаа нь явж, зөрчил гарсан тохиолдолд  таслан зогсоодог ийм л үйл ажиллагаа энд явагддаг. Өнөөгийн байдлаар хил хамгаалах дээрх үйл ажиллагааг хоёр байгууллагад өгчихсөн байдалтай байна. Хуулиараа бол нэг байгууллага мэт харагдавч, үйл ажиллагаа нь хоёр байгууллагаар дамжин хэрэгждэг. ИХШХЕГ-т шилжсэн хилийн шалганы байгууллага дээр хэлсэнчлэн визны тэмдэг дарахаас бусад үйл ажиллагааг идэвхтэй явуулж чадахгүй байгаа юм. Одоогоор ИХШХЕГ-ын 20 гаруй хилийн шалганы байцаагч жирэмсний амралтаа авсан,  тэдний оронд  хүн түр авч ажиллуулж болдоггүй, бусад байцаагч нар ээлжгүй ажиллах нөхцөл үүссэн, зарим газар ээлжгүй ажиллаж байгаа жишээ байна.

Хилийн цэргийн харьяанд байх юм бол хилийн хороо нь өөрөө асуудлаа зохицуулаад, хилийн шалгагч нараа ээлж гарган ажиллуулаад болчихдог байсан. Хамгийн гол нь үүний цаана амьдрал дээр бэрхшээл учраад байна. Хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэглийг тэр бүр бүрэн гүйцэд шалгаж чадахгүй байна. Сонор соргог байх ёстой хилийн хяналтынхан ийм нөхцөлд ажиллаж байгаагийн цаана Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг  хориглосон, хууль бус зүйлс нэвтэрч байхыг үгүйсгэх аргагүй. Энэ бүхэн улсын хилийн хамгаалалт, халдашгүй дархан байдалд ноцтой хохирол учруулж эхлээд байна.

Ийм л бодит нөхцөл байдал тулгараад байгаа учраас ИХШХЕГ-ын харьяанд байгаа  шалган нэвтрүүлэх  албыг буцааж ХХЕГ-т авахаас өөр арга алга. Товчхондоо бол бодит амьдрал биднээс ингэж ажиллахыг шаардаж байна гэсэн үг. Энэ салбарыг хариуцсан сайдын хувьд би нүдээ аниад яваад байж болохгүй байна. Жил хагасын өмнө хийсэн зүйлийг өөрчиллөө, хууль эрхзүйн салбарын  шинэчлэлийн ажлаас ухарлаа гэж хэлэх хүмүүс гарах л байх. Анхнаасаа дутуу бодож энэ ажлыг эхлүүлсэн нь аргагүйн эрхэнд эргээд өөрчлөхөд хүргэж байна.

Ийм л үүднээс энэ Хилийн боомтын тухай  хуулийн нэмэлт өөрчллөтийг  өргөн барьсан, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд, Хууль зүйн байнгын хороонд шилжсэн” гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав сэтгүүлчдэд мэдээллээ.

Ц.Мөнх

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …