Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой, Улаанбаатар, Улаан-Үд хотын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын гавьяат зураач, Буриад улсын ардын зураач, төрийн соёрхолт Юрий Мандаганов Ёндоновичийн “Чулууны аялгуу” сэдэвт уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Буриад Улсын Засгийн газрын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын Нарийн бичгийн дарга Сергей Ёндонович, ОХУ-ын гавьяат зураач Юрий Мандаганов нар оролцов.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун тус үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “ Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Энэхүү үзэсгэлэнг нийслэлийн өдрийг тохиолдуулан гаргаж байгаа бөгөөд 10 хоногийн турш нийслэлийн иргэддээ толилуулах юм. Монголчуудын түүх, зан заншил, ахуй амьдралыг байгалийн чулуугаар дүрсэлсэн нь тус үзэсгэлэнгийн гол онцлог юм. “Чулууны аялгуу” хэмээх сайхан үзэсгэлэнг гаргаж байгаа Юрий Мандагановид нийслэлийн Засаг дарга болон нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд амжилт хүсье” гэв. Тэрээр Улаанбаатар хотын соёл урлагийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Юрий Мандаганов Ёндонович, Ербах Алейксей Анатольевич, Истаев Валерий Тышеевич нарыг “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.
Байгалийн чулуугаар уран бүтээлээ туурвидаг зураач Юрий Мандаганов нь Монгол Улсад анх удаа бүтээлээ дэлгэж байгаа бөгөөд нийт 27 бүтээлийг олны хүртээл болголоо. Зураач1968 оноос хойш зурж эхэлсэн бөгөөдбайгалийн чулууг ашиглан гэрэл сүүдэр гаргаж хар цагаан өнгө хослуулан бүтээлээ туурвидаг байна. Тэрээр 2000 – 2012 онд АНУ, Москва, Улаан-Үд хотноо уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.