“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдээс санаачлан Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар цагдаагийн газар хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэр оронгүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, амьдралд нь гэрэл гэгээ нэмэхээр “Хайрын гар” үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд тогтсон гэр оронгүй тэнэмэл байдлаар амьдарч буй иргэдийг халуун усанд оруулж, хооллож, хувцаслаж, үсийг нь засч, анхан шатны эмнэлгийн үзлэгт хамруулжээ. Мөн тухайн иргэдэд дүүргийн авьяаслаг хүүхэд, багачууд уран бүтээлээ толилуулж, Хүүхэд гэр бүл, хөгжлийн төв, Халамж, Хөдөлмөрийн хэлтсээс ажлын байранд зуучилж, хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна.