Хүмүүсийг өндөр болгож харагдуулдаг гутал бидний мэдэхээр эртний Грекийн үеэс үүдэлтэй. Тэр үед жүжигчид тайзнаа өндөр болон харагдахын тулд котурн гэдэг нэртэй мод ба үйсэн өндөр ултай шаахай өмсдөг байжээ.
Дундад зууны үеийн Европын хотууд нь шавар шавхай, хог новшинд дарагдсан байсан учраас суран бүстэй өндөр модон гутлууд хэрэгтэй болсон гэдэг. Өдөр тутмын гутал дээрээ давхарлан өмсдөг ийм өндөр өсгийтийг сабо гэж нэрлэдэг байсан гэнэ. Дорно зүгт ийм гутлыг кабкаб гэж нэрлэх бөгөөд халуун шаланд нь хөлөө түлэхгүйн тулд халуун усны газар өмсдөг бйжээ. XV зуунаас эхлэн Венецийн дэгжин эмэгтэйчүүд 20 см хүртэл өндөр ултай цокколи гэх гутал өмсдөг болов. Цокколи гэдэг нь туурай гэсэн утгатай үг ажээ. Хамгийн эртний болох өсгийг нь өргөсөн улнаасаа тусдаа тулгуур бүхий гутлыг археологчид XIV зуунаар хаягладаг. Язгууртнууд ан агнуурт их явдаг байсан учраас гуталчид нь хөлийг дөрөөнөөс мултруулахгүйн тулд өсгий хавийг улыг нь зузаалж эхэлснээр өндөр өсгийт “мэндэлжээ”.
Хожим өсгийтэй гутал тархахад явган цэрэг онцгой үүрэг гүйцэтгэжээ. Холын замд явахад цэргийнхний гутлын улыг зузаалж, тохиромжтой өсгийтэй болгожээ. Орост өсгийтэй гутал XVI зууны эхээр бий болсон гэдэг. Археологичдын олдвороос харвал өсгийг нь модоор зорж уланд наасны дараа арьсаар хучин оёдог байж. Тийм гуталтай явахад хүнд байсан нь мэдээж. Тэгээд л өсгийг гулгуулахгүйн тулд улны хэл зэрэг туслах деталиудыг гаргаж ирсэн ажээ. Мөн энэ үеэр олон давхар ширийг метал хадаасаар хадаж тахалсан гутал хийдэг болов. Оросоор “каблук” гэж нэрлэх өсгийн нэрийг туркуудаас авсан гэдэг.
Энэ нь “өсгий” гэсэн утгатай. Өндөр өсгийтэй гутлыг эхэндээ зөвхөн эрчүүд өмсдөг байгаад хожим XVII зуунаас эмэгтэйчүүд өмсөх болсон байна. Цэвэр гоо зүйн талаас нь эмэгтэйчүүд өндөр өсгийтөд дурлах болов. Өндөр өсгийтэй гуталтай эмэгтэйчүүдийн нуруу эгц, сүртэй бөгөөд цэмцгэр харагддаг гэх яриа үүссэн байлаа.
Өсгийний өндөр нь заримдаа 20 см хүрдэг байсан нь гуталын үзүүрийг газарт хатгуулаад явахад нэн хүнд байсан гэнэ. Гутал, шаахайн өсгийг янз бүрийн өнгөөр буддаг байсан ба улаан өнгө гэхэд л Европт язгууртны гарлыг нь илэрхийлдэг чухал тэмдэг байжээ. XVII зуунаас гутлын өсгийг хар өнгөөр будаж эхэлсэн. Гэхдээ шаахайны өсгий улаан өнгөтэй хэвээр. XIV Людовик хааны үеийн ганган бүсгүйчүүдийг “ноён улаан өсгий” гэж дууддаг байсан гэх. Францад хаант засаглал унахын өмнө улаан өсгийтэй гутлыг зөвхөн ордонд л өмсдөг уламжлал тогтсон байлаа. Өсгийний түүх үргэлж шинэ зохион бүтээлтээр нэмэгдэж байв. Тухайлбал, XVIII зууны сүүлчээр дотор тал руу нь живүүлсэн, гутлын үзүүр ба өсгий хоёрын зайг багасгаж харагдуулах “Франц” буюу “тагтаан савруу” гэх өсгийг бүтээжээ. ХХ зуунд шпильк гэж нэрлэгдсэн нарийхөн өсгийг бүтээв. Хэн түүнийг зохиосныг бид мэдэхгүй ч харин үүнд төмөр хамгаалалт хийсэн хүнийг мэднэ. Түүнийг гуталчин Сальваторе Феррагамо гэдэг. Энэ хүний нэрээр Флоренц хотын Гутлын музейг нэрлэжээ.
эх сурвалж: emegteichuud.mn