Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба хотын дахин шинэчлэх” төслийн урьдчилсан хамрах хүрээ, санхүүгийн болон институцын зохицуулалт, төслийг боловсруулах, бэлтгэх үйл явцыг тохирсон харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Санамж бичигт Сангийн сайд Б.Болор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер нар гарын үсэг зурлаа.
Уг төсөл гэр хороололд төлбөрийн чадварт нийцсэн 10,000 гаруй өрхийн орон сууцыг барьж байгуулах бөгөөд гэр хорооллын 130 га газарт дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэх юм. Гэр хороололд амьдардаг иргэдэд амьдрах орчин нөхцөлөө сайжруулах, дулаан, ус хангамж болон цахилгааны сүлжээнд холбогдох, эдийн засгийн үйлчилгээг авах нэн хүсэл, шаардлага бий. Тиймээс эдгээр иргэдийн 75-аас дээш хувь нь тохирсон нөхцөл санал болгосон тохиолдолд орон сууц худалдан авч нүүхэд бэлэн байна. Энэ нь өрхийн орлогын долоо дахь төвшингээс доогуур орлоготой буюу дунджаас маг бага орлогтой 150,000 айлын орон сууцны эрэлт байгааг илэрхийлж байна. Одоо шинээр баригдаж ашиглалтад орж байгаа орон сууцны дийлэнх нь дундаас дээгүүр орлоготой иргэдэд зориулагдсан байгаа юм.
Төслийн өртгийг эхний байдлаар 500 орчим сая доллар гэж урьдчилан тооцоолж байна. Энэхүү санхүүжилтийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд Азийн хөгжлийн банкны зээл, олон улсын бусад байгууллагуудын тусламжтайгаар шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн хамгийн тулгамдаж буй гэр хорооллын орлого багатай иргэдийг оронсууцжуулах, дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд амьдрах орчныг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банк томоохон дэмжлэг үзүүлж буйд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Улаанбаатар хот нэг төвтэй хотоос 9 дэд төвтэй хот болохоор ажиллаж байна. Үүний хүрээнд эхний 2 дэд төв буюу Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажлыг явцыг хурдасгахад Азийн хөгжлийн банк ихээхэн туслалцаа үзүүлж байгаад бид их баяртай байна” хэмээн онцлон хэллээ.
Мөн энэ үеэр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер Улаанбаатар хоттой томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран оролцож буйдаа таатай байгаагаа илэрхийллээ.
Төслийн ТЭЗҮ судалгааг 2016 оны 09 дүгээр сард дуусгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны Захиралуудын зөвлөл 2017 оны нэгдүгээр улиралд баталж, төслийг хэрэгжүүлж эхэлнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.