Б. Бэлгүтэй: Оюутан залуучууд ОХУ-д ажиллаж, туршлага хуримтлуулах боломжтой боллоо

12209378_926441674110780_2078136826_oМонголын Залуучуудын Холбоо оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийг 2013 онд байгуулан ажиллуулж эхэлсэн. Тэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтдээ 30.000 гаруй ажил хайгч оюутан залуусыг бүртгэж, 12000 орчим залуусыг цагийн ажилд, 4000 гаруй залуусыг байнгын ажилд зуучилсан юм.

Түүнчлэн Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, гадагшаа ажиллах хүч гаргах, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх зорилгоор ОХУ-ын залуучуудын байгууллагуудтай холбоо тогтоож харилцан тохиролцсон үндсэн дээр Оросын оюутны отрядтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Хамтран ажиллах гэрээг энэ сарын 24,25,26-ны өдрүүдэд  ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск районд зохион байгуулагдсан Эрхүүгийн Оюутны отрядын 55 дахь удаагийн  цугларалтын үеэр  Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Бэлгүтэй, Эрхүү мужийн оюутны отрядын удирдлагын газрын дарга Н.С.Петров нар хийсэн бөгөөд ОХУ-ын төрийн ДУМ-ын гишүүн Сергей Тин  Монголын төлөөлөгчидтэй уулзан санал бодлоо солилцож оюутны хөдөлмөр эрхлэлт, отрядын хөдөлгөөний талаар туршлагаа хуваалцсан юм.

Хоёр улсын оюутан залуучуудын хөдөлмөрийн хамтын ажиллагааны гэрээний талаар төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонслоо.

Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржийн захирал Б. Бэлгүтэй

-Энэхүү гэрээний ач холбогдлын талаар та ярихгүй юу?

– Оросын оюутны отрядтай  Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд Орос Монгол 2 орны залуус оюутан байх хугацаандаа суралцаж байгаа мэргэжлээрээ зуны амралтын хугацаанд, хичээлийн бус цагаар тухайн чиглэлээр нь үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад ажиллаж туршлага хуримтлуулах ажлыг зохион байгуулах явдал юм. Тухайлбал Монголд эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа залуус Орост эрүүл мэндийн чиглэлээр цалин урамшуулалтай ажиллах,  нөгөө талаар Орос залуус Монголд ирж ажиллах харилцан боломжтой болно.

Хамгийн гол зорилго нь 2 орны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, оюутан байх хугацаанд нь дадлагажуулах туршлагажуулах, хоёр орны залуучууд нэг нэгэнтэйгээ танилцаж тухайн улсын түүх, соёл урлаг, аж амьдралтай танилцах, бүтээн байгуулалт, эдийн засаг гэх мэт бусад салбаруудын  хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж залуучуудын харилцааг бэхжүүлэх явдал юм.

-Оросын оюутны отрядын талаар тодорхой ойлголт өгөхгүй юу?

1958 онд тухайн үеийн Зөвлөлт холбоот улсад Москвагийн УИС-ийн оюутнуудын санаачлагаар Оюутны анхны отряд байгуулах шийдвэрийг гаргаж тэдний саналыг бусад бүс нутагт дэмжсэнээр Оюутны отрядыг хаа сайгүй байгуулж эхэлжээ. 1959 оноос 1985 онд 13 сая орчим оюутнууд Отрядад орж ажилласан юм. Оюутнууд Байгал Амарын төмөр зам, Волжский автомашины завод, Норильскийн уул уурхайн комбинат гээд томоохон олон барилга байгууламж барихад оролцсон. Зөвлөлт засгийн үеийн хагас зуун жилийн тэртээх санаачилгыг өнөөгийн залуус үргэлжлүүлж Оюутны отрядад нэгдэж ажиллахыг их сонирхож байна. Тэд Сочи хот, Красноярскийн хязгаарт ажиллаж Ленинградын АЦС барихад оролцсон. Зөвхөн барилга, бүтээн байгуулалтын ажилд оролцохоос гадна суралцаж буй мэргэжлээрээ зуны амралтын хугацаанд, хичээлийнхээ бус цагаар ажиллаж хөдөлмөрлөн туршлага хуримтлуулж улс орныхөө хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

-Монголд ийм туршлага бий юу ?

– Манай улсын хувьд 1960 онд Элгээлтийн эзэд хөтөлбөрийг санаачилж 10-р анги төгссөн болон сурагчид болон оюутнуудыг бүтээн байгуулалт, хүнд, хөнгөн үйлдвэрүүд, хөдөө аж ахуйн салбарт ажиллуулж эхэлсэн. Тухайн үедээ улс орны бүтээн байгуулалт, хүнд хөнгөн үйлдвэрүүд, хөдөө аж ахуйд шаардлагатай байсан ажиллах хүчний хэрэгцээг хангахын зэрэгцээ залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх, залуу чадварлаг боловсон хүчнийг төрөн гаргаж байсан чухал ач холбогдолтой юм. Тэр үед залуучууд гар бие оролцож улсынхаа бүтээн байгуулалтад асар их хувь нэмэр оруулж байсан. Ингээд 1990 оноос хойш зах зээлийн шуурганд өртөөд залуучуудын хөдөлмөр зуучлал гэдэг зүйл байхаа больсон гэж үздэг. 2013 оноос Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж байгуулагдаад оюутан, залуучуудад бодитой төсөл хөтөлбөрүүдээрээ хүрч үйлчлээд хоёр жил амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.

-Хэрэгжсэн төсөл хөтөлбөрийнхөө талаар та ярихгүй юу?

-2013, 2014 онуудад Ажилтай, орлоготой Монгол залуу хөтөлбөрийг санаачилж хөдөлмөрийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрт сумын залуус, ажлын гараа, цагийн ажил гэсэн гурван төсөл багтсан. Залуусыг оюутан байхад нь хөдөлмөрт бэлтгэе, ажлын байртай болгоё, тухайн залуу ажлын байр  дээр гарахдаа шаардлагатай ур чадварыг эзэмшсэн байх чадвартай болгоё гэсэн  үндэслэлтэйгээр энэ гурван төслийг хэрэгжүүлсэн. Ажлын гараа төсөл нь зам барилга, барилга байгууламж, өвөлжөө барих, сум орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудад оролцох,  МУ-ын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй томоохон үйлдвэрүүдэд залуучуудыг ажилуулах зэргээр хэрэгжсэн. Харин сумын залуус төсөл маань залуусыг хөдөө орон нутаг, суманд очиж ажиллах боломж байдаг гэдгийг залуучуудад ойлгуулах гэж энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байгаа. 4 бэрх баг буюу 4 залуу сумдад хүрч очин сумын иргэдэд эрүүл мэнд, нийгэм, боловсролын үйлчилгээг үзүүлсэн. Цагийн ажил төслийн хувьд цагийн ажлын системийг Монголд хөгжүүлэх оюутан залуучуудад цагийн ажил хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байсан. Энэ зорилгодоо ч хүрч одоо Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж өдөрт 30-100 залууг цагийн ажилд зуучлан ажиллаж байна.

-Энэхүү гэрээ хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? Сонгон шалгаруулалт хийх журмаар оюутнуудыг солилцоонд явуулах уу?

-Бид ирэх оноос гэрээний дагуу хэрэгжүүлээд эхэлнэ. Хамгийн эхлээд залуус маань бүтээн байгуулалтын салбарт ажилана. Барилгын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд байгаа суралцаж байгаа оюутнууд ч их байгаа. Тиймээс эдгээр оюутнуудын дунд сонгон шалгаруулалт тодорхой хэмжээгээр явуулна. Ингээд шилэгдсэн залуус маань ОХУ -д баригдаж байгаа зам,  барилга байгууламж, гүүр гэх мэт бүтээн байгуулалтын ажил дээр ажиллана гэсэн үг юм. Мөн Оросд суралцаж байгаа оюутнууд тодорхой шалгуурт тэнцээнд тухайн мэргэжлээрээ МУ-д ажиллах юм. Цаашид заавал барилга, хөдөө аж ахуй гэхгүйгээр бүх салбарт  Орос, Монголын солилцоогоор оюутан залуусыг ажилуулж хөдөлмөрч залуусыг олон болгохын төлөө ажиллана.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …