Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, томчуудыг бага насны хүүхдийг харах хүнгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг анхааруулж байна. Гэртээ ганцаараа үлдсэний улмаас хүүхдүүд гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох, өндрөөс унаж гэмтэж бэртэх, амь насаа алдах эрсдэлтэй тул онцгойлон сэрэмжлүүлж байна. Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт энэ төрлийн дуудлага ирж аврагчид шуурхай ажиллаж хүүхдийг аавд нь эсэн мэнд хүлээлгэн өглөө.
Тодруулбал Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 39 дүгээр байрны 5 давхраас бага насны хүүхэд цонхоороо унах гэж байна гэсэн дуудлагыг 20:57 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 4 настай, эрэгтэй хүүхэд гэртээ ганцаараа, цонхоороо унах гэж байсныг аврагчид шуурхай ажиллаж гэрийнх нь хаалгыг онгойлгон амжиж аюулгүй болгожээ. Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 75 дугаар байрны 12 давхрын цонхоор согтуу хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 22:59 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход иргэн Г нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ унах гэж байсныг орж цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамтарч аюулгүй болгосон байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.