Баянгол дүүрэг хуучин Эрүүл мэндийн долдугаар төвийн барилгыг дүүргийн Орон нутгийн хөрөнгө оруулалтаар засварлаж, тоног төхөөрөмжийг шинэчлэн 140 ортой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад орууллаа. Хүүхдийн эмнэлэг нь Баянгол дүүргийн хэмжээнд 0-16 насны 73 мянга гаруй хүүхдэд хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.
Шинээр ашиглалтад орж буй Хүүхдийн эмнэлгийн мэргэжилтэн, боловсон хүчнүүдийг 2013 оноос хойш тусгайлан бэлтгэж, сургасан бөгөөд шинээр 50 эмч, эмнэлгийн ажилтны орон тоо нэмэгдэж байна.
Тус эмнэлэг нь ашиглалтад орсноор дүүргийнхээ хүүхдүүдэд хоёр дахь шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг хангалттай хүргэх боломж бүрдэх юм. Мөн тоног төхөөрөмжийн хувьд зөвхөн хүүхдэд зориулсан ор, зөөлөн эдлэл, эмчилгээний сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан гэдгээрээ онцлог давуу талтай.
Мөн тус Хүүхдийн эмнэлэгт оношлох, эмчлэх, сэргээн засах чиглэлээр хүүхдийн яаралтай түргэн тусламжийн кабинет, өсвөр үед ээлтэй клиник, нарийн мэргэжлийн 5 төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэх кабинет ажиллана. Тодруулбал, Дотор, зүрх судас, шүд, рентген, чих хамар хоолой, физик эмчилгээ, арьс, харшил, лаборатори, Эхо зэрэг үйлчилгээг үзүүлнэ. Түүнчлэн хүүхдийн хөдөлгөөн, сэтгэцийн хөгжлийг тодорхойлох, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, сэргээн засах төв хамт нээгдэж байгаагаараа онцлогтой.