Хятад, Тайванийн удирдагчид энэ сарын 7-нд анх удаа албан ёсоор гар барин уулзах гэж байна. 1949 онд Хятадын Үндэсний намын зарим гишүүд Тайвань арал руу зугтсанаас хойш ийнхүү хоёр талын удирдагч анх удаа нүүр тулан уулзах гэж байгаа юм.
66 жилийн дараах албан ёсны уулзалтаар Си Зиньпин, Ма Инжоу нар бие биеэ Ерөнхийлөгч хэмээн дуудахгүй, зөвхөн “ноён” хэмээн хүндэтгэн харилцахаар тохирчээ. Сингапур дахь тэдний уулзалтын талаарх албан ёсны мэдээнд ч Ерөнхийлөгч гэхийн оронд “удирдагч” хэмээх үгийг ашиглаж байна.
Ийнхүү эмзэг сэдвээ хөндөхгүйгээр нийтлэг асуудлаа найрсгаар хэлэлцэхээр тохирсон хоёр талын уулзалт Си Зиньпиний Сингапур дахь айлчлалын үеэр тохиож байгаа юм. Тэд эхлээд албан ёсны уулзалт хийсний дараа Шангри-Ла зочид буудалд зоог барих ажээ.
Энэхүү уулзалт Тайваньд улс төрийн уур амьсгал халуухан байгаа нөхцөлд тохиож буйгаараа онцлог болж байна. Ирэх жил суудлаа өгөх Ми Инжоу Азийн төдийгүй дэлхийн нөлөө бүхий гүрэн болж буй Хятадтай харилцаагаа сайжруулахаар хичээж байгаа нь ирэх сонгуулиар сөрөг хүчнийхэндээ ялагдахын цондон ч болж болзошгүй хэмээн ажиглагчид үзэж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь Тайванийн тусгаар тогтнолыг албан ёсоор дэмждэг сөрөг хүчний удирдагч Цай Инвений талд сонгуулийн ялалтыг эргүүлж ч магадгүй гэнэ. Ингэж Тайванийн улс төрд эргэлт ч авчирч магадгүй түүхэн уулзалтаас харин хоёр талын харилцаанд бодитойгоор гэрээнд гарын үсэг зурах гэдэг юм уу гэрээ хэлэлцээ байгуулах талын үр дүн гарахгүй, ерөнхийдөө бэлгэдлийн шинжтэй уулзалт болно гэдгийг аль аль тал нь мэдэгдэж байна.
Уулзалтын сургаар Тайванийн хөрөнгийн зах зээлийн индекс өсчээ. Энэ нь Хятадтай харилцаагаа сайжруулснаар эдийн засаг нь өснө хэмээх найдлага олон нийтэд төрснийг харуулж байгаа юм.
1993 онд Хятадын Коммунист нам болон Гоминьданы намын төлөөлөгчид уулзсанаас хойш “Нэг хятад” гэдэг далбаан дор дээд түвшний уулзалтууд хийсээр ирсэн. Гэвч өнгөрсөн жил АПЕК-ийн чуулганы үеэр Ма Инжоугийн уулзах саналд Си Зиньпин татгалзсан хариу өгсөн. Гэвч Си Зиньпин Тайваний хоолойн талаарх асуудлыг “үеэс үед” уламжлуулан үлдээж болохгүй гэж мэдэгдсэнчлэн Хятад-Тайванийн асуудлыг өөрийнхөө үед барьж авч шийдэхи гэсэн бололтой.
Гэхдээ энэ удаагийн уулзалт хоёр талын харилцаанд түүхэн эргэлт болно гэж дүгнэхэд хараахан эрт байна гэж Цагаан ордон үзэж байгаа аж.
Эх сурвалж: newscom.mn
Б.Сэвжидмаа