Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Энхболдтой аймгийн төсвийн хүрээн дэх асуудлаар ярилцлаа.
–Өмнөговь аймаг уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай. Гэвч сүүлийн жилүүдэд уул уурхайн салбаруналтад орж, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Үүнийг дагаад иргэдийн амьдралдоройтож, төсвийн байгууллагын үйл ажиллагаа тасалдахад хүрээд байгаа гэсэн?
-Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд 2016 оны төсөв батлах гэж байгаатай холбогдуулан аймгийнхаа бүх суманд ажиллаж, ард иргэдийн амьдрал, тулгамдаж буй асуудлыг сонсож, төрийн үйлчилгээг үзүүлж буй төсвийн байгууллагуудын нөхцөл байдалтай танилцаж, санал бодлыг нь сонслоо. Мөн аймгийн ИТХ-аас өнгөрсөн гурван жилийн хугацаанд баталсан төсвийн зарцуулалт болон улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалтын чанар, гүйцэтгэлтэй танилцлаа. Үүнээс үүдэн говийн иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг ач холбогдлоор нь жагсааж, ирэх оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан нэн тэргүүний асуудлыг тусгуулахаар зорьж байна.
–Хямралаас үүдээд иргэдийн амьжиргаа тааруу байгаа нь үнэн. Гэхдээ хөдөөг дагасан иргэдийн хувьдарай гайгүй байгаа болов уу?
-Иргэдийн амьдрал хүнд байна. Үүнд эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлж байгаа. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт зогсонги байдалд шилжиж, түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унасантай холбоотой. Энэ нь уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай аймгийн хувьд хүндхэн цохилт болж байна. Үүнийг дагаад аж ахуйн үйл ажиллагаа тасалдаж, төсвийн байгууллагын үйлчилгээ тасалдахад хүрээд байгааг дуулгаж байна. Тухайлбал, төсөвт байгууллагын 13 дахь сарын цалинтай холбоотойгоор “Үдийн цай” хөтөлбөр, цэцэрлэгүүдийн зарим зардлыг тусгахгүй бол эцэстээ өр болж үлдэх магадлалтай байна. Эмнэлгүүдийн хувьд тендерээр ирсэн эмүүд нь дуусаад эмийн эргэлтийн сан руугаа ороод өртэй болчихсон байна. Засаг даргын Тамгын газрууд бүгд л өртэй, дээрээс нь цахилгаан, дулааных нь мөнгө дутчихсан. Ерөөсөө төсөвт байгууллагууд бүгд өрийн сүлжээнд орчихож. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна.
–Сүүлийн жилүүдэд танай аймагт хийгдсэн бүтээн байгуулалтыг бусад аймагтай харьцуулахад боломжийнтөвшинд байх шиг санагдсан. Энэ тухайд?
-Бүтээн байгуулалтын ажил хангалттай бус байна. Үүнийг иргэд ч бас хэлж байна. Аймгийн зарим суманд бүтээн байгуулалтын ажлыг хангалттай гүйцэтгэсэн байхад төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй зарцуулсан тохиолдол ч байна. Өмнөговь аймаг өнгөрсөн гурван жилийн хугацаанд 330 гаруй тэрбум төгрөгийн төсөв баталсан. Өөрөөр хэлбэл, жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийн төсөв баталдаг гэсэн үг. Улсын төсөвт 7-9 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлдэг аймаг.
–Тэгвэл 330 тэрбумаас хэдэн хувийг нь бүтээн байгуулалт болоод дэд бүтцийн салбарт зарцуулсан бол?
-Хэдийгээр МАН аймгийн ИТХ-д цөөнх боловч аливаа бүтээн байгуулалтын ажлуудыг шуурхай явуулахыг дэмжиж ирсэн. Бүгд л Өмнөговийн бүтээн байгуулалт, ард иргэдийн сайн сайхны төлөө гэсэн тодотголтой учраас нэг дуу хоолой болж, дэмжиж ажиллаж байна. Өнгөрсөн гурван жилийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймаг өнгөө засаж, гудамж, талбай, соёл амралтын хүрээлэнгүүдтэй болж, орон сууц, олон км зам тавьсан. Баруун чиглэлд 60-аад км зам тавьсан зэрэг сүүлийн гурван жилийн хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг дэд бүтцийн салбарт зарцуулсан. Мөн газар доорх байгууламж болох цэвэр, бохир усны холболтуудыг хийсэн. Гэхдээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд ард иргэдийнхээ амьдрал ахуйг дэмжсэн бодлого явуулж чадсан ч эргэлзээтэй байна. Үүнийг сумдад ажиллах үеэр иргэд хэлж байна. Тиймээс ирэх онд нийгмийн салбарт түлхүү анхаарах хэрэгтэй байна. Тухайлбал, ирэх оны төсвийг нийгмийн салбарт 50, дэд бүтцийн салбарт 50 хувь зарцуулах байдлаар шийдвэрлэж болно.
–Уул уурхайн салбараас олсон орлогоосоо иргэддээ тулгамдсан асуудлыг шийдэх боломж хэр байдаг юмбол?
-“Оюутолгой” компани аймгийн удирдлага, нөлөөллийн бүсийн сумдын удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд таван сая ам.долларын дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулж байсан. Эхний санхүүжилт орж ирээд 1.8 тэрбумаар нь хүүхдийн цэцэрлэг, 2.2 тэрбумаар дахин цэцэрлэг тус тус барьж байгаа. Үнэхээр цэцэрлэг тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ бид үүнээс гадна бусад асуудлаа анхаарч ярилцаж, шийдэх шаардлагатай гэж харж байгаа.
–Тухайлбал?
-Сардаа 20-100 мянган төгрөгөөр амьдарч байгаа төрийн албан хаагчдыг дэмжих хэрэгтэй. Тухайлбал, МАН эрх барьж байх үедээ говийн нэмэгдлийг хэрэгжүүлж эхэлсэн. Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт ажиллаж байгаа багш нарын цалин адилхан байдаг ч хөдөөд хэрэглэж байгаа барааны үнэ хоёр дахин үнэтэй байдаг. Тиймээс энэхүү зөрүүг арилгах үүднээс 2006 оноос говийн нэмэгдэл бий болгож сардаа есөн мянган төгрөгийн дэмжлэг үзүүлдэг байсан. Гэвч 2014 оны арванхоёрдугаар сарын 2-ны ИТХ-аар хүчингүй болсон. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед цалин нэмэх асуудлыг улсын хэмжээнд шийдэхэд хэцүү. Тиймээс орон нутагтаа говийн нэмэгдлийг хэрхэн шийдэж болох нөхцөл, боломжоо хайх хэрэгтэй. “Оюутолгой” компанийн орон нутагт үзүүлж буй дэмжлэгээр говийн нэмэгдлийг дахин өгөх боломжтой гэж харж байгаа. Тус компани орон нутагт 10 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр гэрээ байгуулсан. 2006 онд нэмэгдлийг есөн мянгаар баталж байсан бол өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляцийн төвшинтэй уялдуулан 3-5 дахин нэмэх боломжтой. Өмнөговь аймагт 3460 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Есөн мянган төгрөгийн нэмэгдэл байхад жилдээ 370 сая гаруй төгрөг өгч байсан. Үүнийг тав дахин үржүүлэхэд 1.8 тэрбум гаруй төгрөгийн хэрэгцээ байгаа юм.
–Эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулан хөрөнгө оруулалтаа зөв төлөвлөх ёстой гэсэн үг үү?
-8.1 тэрбум төгрөгийн өртөгтэй Соёл амралтын хүрээлэн буюу Динозавор паркын бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Иргэд чөлөөт цагаа өнгөрөөх сайхан газартай болж байгаа ч дөрвөн жил говийн нэмэгдлийг өгөх хэмжээний мөнгийг зөвхөн парк барихад зориулж байна. Иймд соёл амралтын хүрээлэн, талбай, гэрэлт хөшөө зэрэг үр дүн, ач холбогдол багатай бүтээн байгуулалтын ажлаа түр хугацаанд хойшлуулж, эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулан нийгмийн салбарт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж дэд бүтцийн салбар дахь бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн дэмжих ёстой. Зам дагаж хөгжил гэдэг шүү дээ. Гэхдээ нийгмийн салбарт анхаарах боломж байгаа. Зөвхөн эрэлхийлж ажиллах хэрэгтэй байна. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт 1000 орон сууц барих бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Өнөөдрийн байдлаар энэхүү хөтөлбөрт аймгийн төсвөөс нийтдээ 13 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, үнэ тогтворжуулах зорилгоор ийм дэмжлэг үзүүлсэн. Харамсалтай нь, миний яриад буй сардаа 20-100 мянган төгрөгөөр амьдарч байгаа иргэд өндөр үнэтэй орон сууцыг хуралдаж авч чадахгүй байна. Иргэдийн худалдан авах чадвар муудсан, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед үүнийг түрээслүүлэх хэрэгтэй. Учир нь боловсон хүчний тогтвортой ажиллах бололцоог хангах үүднээс энэхүү түрээсийн байр хөтөлбөрийг эдийн засгийн хүнд байгаа үед хэрэгжүүлэх ёстой. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, иргэдийн худалдан авах чадвар нэмэгдсэн үед орон сууцаа хувьчлах боломжтой.
Миний хувьд энэ хоёр асуудлыг нэн тэргүүнд тавих болно. Би 2012 оноос хойш нутаг орондоо боловсон хүчнээ дэмжиж тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон оюутны хотхон, дэлхийн малчин, өрх болгонд уурхайчин гэх зэрэг нийгэм эдийн засгийн чухал ач холбогдол бүхий шийдэх шаардлагатай найман хөтөлбөрийг санаачилсан боловч аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг дэмжээгүй. Мөн эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах үүднээс “Сумын эмч” хөтөлбөрийг санаачлан гадаадын түнш байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлсэн ч дэмжлэг хүлээгээгүй. Тиймээс аймаг, орон нутгийн удирдлагыг ард иргэдтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсож, гаргаж буй шийдвэртээ тусгах хэрэгтэй гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн амьдрал ахуйтай нэн тэргүүнд танилцах хэрэгтэй.
–Ажилгүйдэл ямар хэмжээнд байгаа вэ. Мөн байгалийн баялгаас олсон орлогоосоо тодорхой хуримтлалүүсгэж, түүнийгээ иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулах боломж хэр байгаа вэ?
-Статистик тоогоор ажилгүйдлийн төвшин харьцангуй бага байдаг. Гэвч бодит байдал дээр өөр. Иргэд Хөдөлмөрийн бирж дээр бүртгүүлэх нь ховор байдаг. Ингээд харвал бараг ажилгүйдэл багатай аймаг шиг харагддаг. Газар дээр нь очоод, иргэдтэй уулзахад бараг айл бүрийн гишүүн уул уурхайн салбарт ажиллаж байгаад, ажилгүй болсон байна. Хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүсийн дийлэнх нь дэлгүүр, цайны газар ажиллуулдаг. Гэтэл эдгээр газраар үйлчлүүлдэг төсвийн байгууллагын албан хаагчдын цалин тааруу байгаа нь эргээд худалдан авалтад нөлөөлдөг. Үйлчлүүлэгчгүй болсон олон бизнес эрхлэгч хаалгаа барих нөхцөл үүссэн. Үүнийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. 2013 оны төсөв Засаг даргын мөрийн хөтөлбөр үндсэн чиглэл хэлэлцэж буй ИТХ-д нутгийнхаа бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Орон нутгийн Тавантолгой ХК -ний нүүрсний экспортыг түргэтгэх үүднээс 50-аас доошгүй ажлын байр гаргаж буй аж ахуйн нэгжид 50 мянган тонн нүүрсний квотыг өгье гэсэн саналыг дэвшүүлж байсан. Харамсалтай нь аймгийн ИТХ дахь АН-ын бүлэгдэмжээгүй тэр үед нүүрсний өнөөгийнх шиг хаа хаанаа үнэгүйдээгүй байлаа. Өнөөдөр манай аймагт 10-20 ажилтантай аж ахуйн нэгжүүд л ажиллаж байна. Хэрэв дээрх байдлаар квот өгвөл гурван талын ач холбогдолтой. Нэгдүгээрт Тавантолгой ХК нүүрсний экспорт нэмэгдэж хувьцаа эзэмшигчдэд буюу аймагтаа өгөх ногдол ашгийн хувь хэмжээг өсөх, хоёрдугаарт, аж ахуйн нэгжийн ашиг ихэсч татварын орлого нэмэгдэж аймгийн эдийн засаг тогворжих, гуравдугаарт, ажлын байр нэмэгдэж ард иргэд орлоготой байх гэх мэт. Олон талын ач холбогдолтой саналуудыг гаргаж байсан боловч хэт их улстөржилт өнөөгийн нөхцөл байдалд хүргэлээ дээ. Харин Аймгийн ИТХ –ын шийдвэрээр уул уурхайгаас дэмжиж буй хандив бусад дэмжлэгийг иргэн болон нөлөөллийн бүсийн сумдуудад биш аймагтаа төлөврүүлж, аймгийн хэмжээнд байгалийн баялгийн тэгш хуваарилалт хийж байгаа санаа зөв боловч хэрэгжүүлж байгаа бодлого дээр алдаа хийгээд байна уу гэж харж байгаа.
–Та Өмнөговь аймгийн хөгжлийг зөвхөн уул уурхайн хамааралтайгаар харж байна уу эсвэл өөр хүчин зүйлбайх ёстой юу?
-Өнөөдөр өмнийн говийнхны минь амьдрал төдийлөн сайжрахгүй харин ч дан ганц уул уурхайн хамаарлаас болж улам доройтох байдал амьдрал дээр ажиглагдаж байна. Би өөрөө аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувиар жилдээ аймгийн бүх сумаар явж иргэд сонгогчидтой уулзаж тэднийхээ санаа бодлыг сонсдог л доо. Ард иргэдийн маань санаа бодол уул уурхайг нэг их дэмжихгүй харин өөр гарц хайхыг байнга зөвлөж, хэлж ярьж байдаг. Миний хувьд ч гэсэн уул уурхай бол говь нутгийн хөгжлийн тулах цэг, харин аялал жуулчлал, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийг дэмжсэн бодлого нь тулгуур хөгжлийн гарц болох юм гэж бодож ухаант иргэд, оюунлаг залуучуудтай санал бодлоо хуваалцаж байдаг. Ер нь говь нутгийнхаа онгон дагшин байгалиа аварч үлдэх, уул уурхайн үйл ажиллагаа саармагжсан үед иргэд байнгын ажлын байртай, орлоготой байх ирээдүйг хэлж байгаа юм. Бас нэг хөгжлийн чухал гарц нь, бодлого шийдвэр гаргагчид албан тасалгааны цонхоор амьдралыг харж ширээний араас шийдвэр гаргах биш, ард түмнийхээ амьдралын гүнд орж тулгамдсан асуудлыг зөв оношлож шийдвэрээ гаргах явдал юм гэж би боддог. Тэгэхээр УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагууддаа хандаж хэлэхэд говийн ард түмэн та бүхэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байгааг уламжлахын ялдамд иргэд сонгогчидтойгоо нүүр тулж биечлэн уулзаж санаа бодлыг нь сонсохыг уриалж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин