Төрийн өмчийн их дээд сургуулиудын сонгон шалгаруулалт дуусгавар болжээ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төрийн өмчит их сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтыг 2013 оны нэгдүгээр сарын эхээр зарлаж мөн сардаа оролцогчдын материалыг хүлээн авч дууссан билээ. Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу яамны Төрийн нарийн бичгийн даргыг албажуулсны дараа явуулахаар хойшлуулаад байсан юм. Тэгвэл их сургуулиудын шинэ захирлуудын эцийн сонгон шалгаруулалт дуусаад дүнгээ хүлээж буй ажээ. Захирлын албан тушаалд өрсөлдөхөөр МУИС-иас 10, ХААИС-иас 10, ШУТИС-иас 14, ЭМШУИС-иас 16 нийт 50 хүн нэрээ дэвшүүлж материалаа ирүүлснээс эхний шатны сонгон шалгаруулалтаар МУИС-аас 5, ШУТИС-иас 5, ЭМШУИС-иас 3, ХААИС-иас 3 хүн хасагдаад байсан юм.
Ингэснээр үлдсэн нэр дэвшигчидийн дунд өрсөлдөөн явагдсан ба Сонгон шалгаруулалтын комиссоос урьдчилсан байдлаар эцийн дүнг танилцуулах хугацаа болсон ч зарим сургуулиудын дүнг БШУЯ-нд ирүүлээгүй байгаа ажээ. Энэ долоо хоногийн эхээр захирлын сонгон шалгаруулалтын дүнг яаманд ирүүлэх ёстой ч ХААИС-д Сонгон шалгаруулалт явуулсан комиссынхон нь дүнгээ ирүүлээгүй байна.
Учир нь ойрын эх сурвалжийн мэдүүлж буйгаар шинэ захирлын томилгоонд томоохон албан тушаалтны ашиг сонирхол явж байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Тодруулбал, ХААИС-ийн ректорын суудалын төлөө УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Батчулуун өрсөлдөж байгаа ажээ. Дүнг танилцуулахгүй удааж байгаа нь Ж.Батчулуунтай холбоотой хэмээн үзэх хүмүүс байгаа юм.
ХААИС-ийн сонгон шалгаруулалтанд 10 хүн нэрээ дэвшүүлснээс 3 нь анхны шалгаруулалтаар хасагдсан байдаг. Ж.Батчулуун нь анхны шалгаруулалтанд ч тааруухан оноо авч, хасагдах байсан ч УИХ-ын гишүүн дүүгийнхээ нөлөөгөөр дараагийн шалгаруулалтанд тэнцсэн гэсэн мэдээлэл байна. Улмаар Ж.Батзандан ахыгаа тус сургуулийн захирлаар томилуулахын тулд дээрх сонгон шалгаруулалтын дүнг яаманд танилцуулах ажлыг гацааж, хойшлуулж байгаа ажээ. Иймд Сонгон шалгаруулалтын комиссынхонд нөлөөлсөн гэнэ.
Ж.Батзандангийн ах Ж.Батчулуун нь МҮЭХ-ны дэргэдэх “Хөдөлмөр”-ийн дээд сургуулийн захирлаар ажилладаг юм байна. Хувийн сургууль ажлуулдаг энэ эрхэм төрийн өмчид сургуулийн захирлаар очихоор зүтгэж буй нь ашиг сонирхлын зөрчилдөөн үүсч буй юм. Төрийн албаны тухай хуулиар ч төрийн албан хаагч нь өөрийн ажилтай холбоотой хувийн бизнес, ижил төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт бий. Энэ журмыг Ж.Батчулуун эрхэм зөрчиж буй ажээ.
Мөн түүнтэй холбоотой нэгэн мэдээлэл хүргэхэд Ж.Батчулуун нь 2007 онд МҮЭХ-ны ерөнхийлөгчийн төлөө дүүгийнхээ дэмжлэгтэйгээр өрсөлдөөд амжилт олоогүй аж. ХААИС-ийн захиралд ахыгаа томилуулахын тулд БШУЯ-ны сайд Л.Гантөмөрт ч нөлөөлж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Л.Гантөмөр сайд амралтаа аваад хөдөөг зорьсон ба ирэх долоо хоногоос ажилдаа орох юм байна. Нам нэгт найзынхаа гуйлтыг Л.Гантөмөр сайд хэрхэн шийдэх нь ирэх долоо хоногт тодорно. Хувийн сургуулийн захирлаар ажилладаг Ж.Батчулуун эрхэм ийнхүү төрийн өмчит сургуулийн захирлаар очихоор ахынхаа дэмжлэгтэйгээр зүтгэж байна. Шударга ёсыг тогтооно, авлига, албан тушаалтай хатуу тэмцэнэ хэмээн дуугардаг Ж.Батзандан гишүүний дээрх үйлдэл хэр нийцэж байгаад эргэлцэхгүй байхын аргагүй юм. Шударга хэмээх үгийг амнаасаа харамлахгүй унагадаг түүнд энэ томилгоо зохихгүй байна.
Дээрх томилгооноос гадна БШУЯ-ны сайд болоод АН-ын эрхэмүүдийн дундах өөр нэгэн тохиролцоож дуулдаж байна. ЭМШУИС-ийн захирлын суудалд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын ойрын хамаатан М.Сүмбэрзулыг зүтгүүлж буй ажээ. М.Сүмбэрзул нь тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд энэ ажилд нь ч мөн Н.Батбаяр сайд томилоход нь оролцсон аж. Захирлуудын томилгоо ийнхүү гацаанд орсон байдалтай байна.
Т.Түвшин
Ugluu.mn