Мэргэжлийн жүжигчин биш ч Америкчуудын бүтээсэн “Хадаг” киногоороо “Азийн шилдэг жүжигчин” шагнал авч, Монгол улсынхаа нэрийг олон улсад гаргаж байсан жүжигчин бүсгүй Б.Цэцэгээг анх UBS телевизийн хөтлөгч гэдгээр нь мэдэх болсон. Түүний цахим ертөнцөд ажиллуулдаг “Ээж болох бэлтгэл” хуудаснаа бэлтгэн хүргэдэг эрүүл хоололтоор өөрийгөө хэрхэн эрүүлжүүлж, жин хаях тухай зарим зөвлөгөө мэдээллийг авлаа. Тэрээр хүүхдээ төрүүлэх үедээ 128 кг болж жин нэмсэн ч эрүүл хоололтын ачаар нэг жилийн дотор 58 кг болтлоо жингээ хаясан гэх гайхалтай үр дүнгээ хуваалцжээ. Түүний энэ өөрчлөлтийг гайхсан олон бүсгүйчүүд зөвлөгөө авч байгаа ба жүжигчин бүсгүйг уран бүтээлдээ эргэн ирэв үү хэмээх бор шувуу олны дунд нисээд эхэлсэн гэнэ лээ. Тэрээр бүсгүйчүүддээ хэдэн зөвлөгөө өглөө.
“Хүн хэзээ ч хоолой хасч, өлсөж турдаггүй юм” шүү бүсгүйчүүд ээ.
– Би эрүүл хоололтын тухай уулзалтууд зохиодог юм. Миний хүргэж байгаа мэдээллүүдийг ихэвчлэн илүүдэл жинтэй бүсгүйчүүд уншиж, судалдаг. Би тэдэнд илүүдэл жингээ хасах талаар зааж зөвлөж өгдөг. Учир нь би энэ бүхнийг өөрийн биеэр давж туулсан шүү дээ. Би 128 кг жингээс хавангаа буулгаад 113 кг, үүнээс өнөөдрийнхөө төвшинд 58 кг жинтэй болохын тулд бүхэл бүтэн нэг жилийг зарцуулсан. Яаж би эргээд хэвийн хэмжээндээ очих вэ? Яавал би нэг жин дээрээ удаан гацахгүй байх вэ? гэдгийг судалсан. Ингээд хүмүүсийн нүдэн дээр эрс өөрчлөгдөхөд илүүдэл жинтэй бүсгүйчүүд надаас яаж турсан бэ? гэж маш их асуух болсон. Тэгэхээр нь би ийм хоол ид, эрүүл хоол гэж ийм юм байдаг гээд ярьж өгөхөөр уулзалт зохион байгуулахаар нөгөө илүүдэл жинтэй хүмүүс маань ирэхгүй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл сэтгэл гутралтай. Гэтэл энэ уулзалтад хамгийн түрүүнд ирээд суудал дээрээ суучихсан байдаг хүмүүс маань дандаа гуалиг, дэгжин ганган, сайхан бүсгүйчүүл байдаг. Энэ хүмүүс өөрийгөө илүү их хайрладаг байх нь байна шүү дээ. Тэгэхээр уулзалтад ирдэггүй хүмүүстээ зориулж би видео хийж “Алив над дээр ирээд уулздаггүй юмаа гэхэд миний видеог үзээд та эрүүл сайхан болох боломжтой, та итгэл төгс байх боломжтой, та ямар ч мөнгөөр эм худалдаж авахгүйгээр турах, эрүүлжих боломжтой” гэж хэлэхийг хүссэн.
Гоолиг сайхан биетэй болохыг хүсвэл “тархиа цэгцэл” гэж хэллээ.