Бага Олимп гэгддэг оюутан залуучуудын 27 дугаар Универсиад ОХУ-ын Казань хотноо долдугаар сарын 6-17-нд 12 хоног үргэлжлэн, тамирчдын ялалт, ялагдлын баяр гунигаар дүүрэн ёслол төгөлдөр өндөрлөлөө. Энэ удаагийн универсиадад тив тивийн 162 орны 13500 гаруй тамирчин 27 спортын төрөлд 350 гаруй багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Урьд өмнө байгаагүй олон орны тамирчид оролцсон энэ наадамд тэмцээнийг зохион байгуулагч орны баг медалийн тоо, чанараар хол тасархай тэргүүллээ.
Манай улс хойд хөршид болсон Универсиад наадамд түүхэндээ анх удаа спортын 15 төрөлд 202 тамирчнаа илгээсэн билээ. Энэ нь ч үр дүнгээ өгч манай баг тамирчид Казань хотноо “медалийн хур буулгасан” юм. Оюутан тамирчид маань гурван алт, зургаан мөнгө, 16 хүрэл, нийт 25 медальтайгаар нүүр бардам эх орондоо ирлээ. Ингэснээр монголын баг тамирчид дэлхийн таван тивийн 166 орноос медалийн чанараар 20, нийт медалийн тоогоор 12 дугаар байрт жагслаа. Хэрэв зургаан мөнгөн медалийн ганцыг нь ч болов алт болгон хувиргаж чадсан бол ХБНГУ, Бразил, Казахстан зэрэг спортын гүрнүүдийг ардаа орхин медалийн чанараар 15 дугаарт эрэмбэлэгдэх байлаа.
Манай улс Универсиадад 1965 оноос оролцож ирэхдээ зургаан алт, долоон мөнгө, зургаан хүрэл, нийт 19 медаль хүртээд байсан юм. Тэгвэл ганцхан наадмаас 25 медаль авсан нь яахын аргагүй бахдам амжилт. Өмнө нь манайхаас 1977 онд Софид ах дүү З.Ойдов, З.Дүвчин нар чөлөөт бөхөөр, 1999 онд Испанийн Пальма де Мальоркаас Х.Болдбаатар жүдогоор, 2005 онд Туркийн Измирээс Б.Наранбаатар чөлөөт бөхөөр, 2007 онд Тайландын Бангкокоос М.Бундмаа жүдогоор аваргын алтан медалийг эх орондоо авчирч байжээ.
Хоёр жилийн өмнө БНХАУ-ын Шенжень хотноо болсон 26 дугаар Универсиадад манай баг тамирчдаас жүдогийн О.Чинбат, шатрын Б.Мөнгөнтуул, буудлагын Ч.Нарантуяа, буудлагын эрэгтэй баг мөнгөн медалиар энгэрээ мялааж байлаа. Тэгвэл Татарстаны нийслэл Казаньд манайхан амжилтаа хэд дахин ахиуллаа.
Алтан медалийн салхийг бүстэй барилдааны +100 кг.жинд хүч үзсэн Б.Сугаржаргал хагалсан. Мөн Б.Сугаржаргал сонгомол бөхийн төрлөөр хүрэл меадль хүртсэн. Тэрбээр бага олимпоос хос медальтай эх орондоо ирсэн юм.
Б.Сугаржаргал Универсиад наадмаас долдугаар сарын 7-нд түрүүлж, хоёр хоногийн дараа сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн бол долдугаар сарын 13-14-нд эх орондоо болсон “Чингис хаан” жүдогийн гран при тэмцээнээс хүрэл медаль авсан. Энэ нь Б.Сугаржаргалг ямар хэмжээний бөх болохыг тодорхойлох биз ээ.
Мөн 18 настай боксчин Х.Энхдэлгэр Универсиад наадмын аварга болж, төрийн далбаагаа ОХУ-ын тэнгэрт намируулсан юм. Дөнгөж насанд хүрээд буй залуу боксчин Х.Энхдэлгэр аваргын төлөө ОХУ-ын хамгийн хайртай боксчдын нэг, Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Миша Алоянтай тулалдсан билээ. Танхим дүүрэн үзэгчид нэр хүндтэй боксчноо дэмжсэн нь мэдээж. Нутгийн рингний хашир боксчин ч эхний үед илүү байлаа. Гэвч хоёрдугаар үеэс манай тамирчин рингийн төвийг хяналтдаа аван Миша Алояныг үнэхээр илүүрхэж, гуравдугаар үед санаачилгаа алдалгүй давшилсаар өрсөлдөгчдөө ямар ч боломж өгөөгүй юм.
Ингээд шүүгчдийн шийдвэрийг хүлээх л үлдсэн. Хаана ч гэсэн илт илүүрхэхгүй л бол шүүгчид нутгийн тамирчинд талтай байдаг даа. Тэгтэл хажуугийн гурван шүүгчээс хоёр нь зүй ёсоор манай боксчинг ялсан гэж үзсэн билээ. Ийнхүү Миша Алоян гурав дахь удаагаа Монголын боксчинд ялагдсан юм.
Гурав дахь алтыг Лондонгийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэг чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн өрсөлдөгчдөө илт илүүрхэн ялсаар, аваргалсан билээ. Гавьяат тамирчин С.Батцэцэг эх орондоо ирснийхээ дараа тосч авсан сэтгүүлчдэд “Чөлөөтийн шинэчилсэн дүрэм манай улсын тамирчдад маш тохирсон мэт санагдлаа” гэдгийг онцолсон юм.
Харин чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Лондоны олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэг “Казань-2013” Универсиадын гурав дахь алтан медалийг эх орондоо авчирлаа. Оюутны “олимп”-оос дээд тал нь хоёр алтан медаль хүртэж байсан монгол тамирчдын түүхэн амжилт Казань хотноо ийн шинэчлэгдэв.
“Софи-77” Универсиадад төрсөн ах дүү З.Ойдов, З.Дүвчин нар аваргын титмийн эзэн болсон түүхтэй. Тэгвэл З.Дүвчингийн гарын шавь С.Батцэцэг багшийнхаа амжилтыг давтлаа. Чөлөөт бөхийн төрөлд манай бөхчүүд хамгийн сүүлд 2005 онд алтан медаль хүртсэн билээ.
Универсиад ийнхүү амжилттай өндөрлөж, Казань хот тус наадмын далбааг Гуанжуд шилжүүллээ. Хоёр жилийн дараа БНСУ-ын чухам энэ хотод дараагийн Универсиад наадам болох юм.
ОХУ-ын Казан хотноо болж буй оюутны Универсиад наадмаас медаль хүртсэн тамирчдыг танилцуулъя.
Алтан медаль:
Б.Сугаржаргал (Бүстэй барилдаан, 100 кг)
Х.Энхдэлгэр (Бокс, 52 кг)
С.Батцэцэг (Чөлөөт бөх, 63 кг)
Мөнгөн медаль:
Д.Анар (бүст барилдаан, -100 кг)
Б.Жанчивдорж (жүдо, 90 кг)
Урт бууны эмэгтэйчүүдийн баг
Э.Сумъяа (чөлөөт бөх, 51 кг)
О.Насанбурмаа (чөлөөт бөх, 67 кг)
Ч.Марал-Эрдэнэ (57 кг)
Хүрэл медаль:
Б.Түвшинбат (бокс, 69 кг)
Д.Отгондалай (70 кг)
Г.Ган-Эрдэнэ (49 кг)
Шинэбаяр (75 кг)
Э.Идэрхүү (56 кг)
Б.Сугаржаргал (бүст барилдаан, сонгомол, 100 кг)
С.Энхчимэг (бүст барилдаан, 66 кг)
Б.Мөнхтуяа (бүст барилдаан, 76 кг)
М.Отгон-Эрдэнэ (б/б сонгомол, 62 кг)
Г.Нандинзаяа (урт буу, 10 м)
Г.Мандахнаран (чөлөөт бөх, 66 кг)
Д.Хүдэрбулга (чөлөөт бөх, 96 кг)
Н.Нямтуяа (самбо, 80 кг)
Ж.Чанцалдулам (самбо, 48 кг)
О.Мөнхцэцэг (самбо, 72 кг)
Т.Амаржаргал (самбо, 56 кг)
Б.БИЛЭГ
Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №021