Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулиудыг баталлаа

Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа

DSC_7535

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.11.10/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл байлаа.

Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор уншиж танилцууллаа. Улсын Их Хурлаас батлагдсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хүрээнд эдийн засгийн хүндрэлийн үеэр нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн стандартыг зохих түвшинд хадгалах, төсвийн алдагдлыг нөхөх зорилтот арга хэмжээнүүдийг тусгасан. Иймээс Засгийн газар уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Азийн хөгжлийн банкинд хандаж төсвийн алдагдлыг нөхөх, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсч, хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавьсныг тус банк хүлээн авч “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр тогтсон байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын санхүүжилтийг 2015-2016 онд хоёр үе шаттай авахаар төлөвлөж байгаа бөгөөд хөтөлбөр нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжих ажээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэлцээд соёрхон батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.1 хувь нь дэмжсэнээр Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдлаа.

Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцүүрүүдийг соёрхон баталлаа

Үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор танилцуулсан юм.

Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн эхний шатанд түүхий эд бэлтгэн нийлүүлэгч малчид, хоршоодыг дэмжих хөрөнгө оруулалт хийх, чадавхжуулах ажлыг Засгийн газраас сонгосон 6 аймгийн 38 суманд хэрэгжүүлж, 1,46 сая ам.доллар бүхий 176 тэтгэлгийг 104 хоршоонд олгож, 23 төрлийн сургалтад 4300 гаруй хүнийг хамруулжээ. Мөн сонгон шалгаруулалтын үндсэн дээр ноос, ноолуур, махны салбарын тус бүр 2, арьс шир, сүүний салбарын 3 зэрэг нийт 12 аж ахуйн нэгжид жилийн 8-11.4 хувийн хүүтэй, 7 хүртэлх жилийн хугацаатай, үүнээс 3 хүртэлх жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй, нийтдээ 22.3 сая ам.доллар буюу 29 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудтай хамтран олгосон байна. Уг төсөлд хамрагдсан компаниуд нийтдээ 1854 ажлын байр бий болгосны зэрэгцээ ашиг орлого, улсад төлөх татвар, шимтгэл нь нэмэгджээ. DSC_7537

Төслийн хоёр дахь шатанд эхний шатанд хэрэгжүүлсэн ажлыг улам өргөжүүлж оролцогч компанийн тоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 20 гаруй жил шинэчлэгдээгүй техник, технологи, тоног төхөөрөмжийг орчин үеийн төхөөрөмжөөр шинэчлэх, нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулж, үндэсний брэндийг хөгжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулахад чиглүүлэхээр төлөвлөжээ. Төслийн хоёр дахь шатны нэмэлт санхүүжилт нь нийтдээ 50 сая ам.доллар бөгөөд үүний дийлэнх нь нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд зарцуулагдах аж. Тухайлбал, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зорилгоор нийтдээ 41,3 сая ам.долларыг жилийн 6-8 орчим хувийн хүүтэй, 7 жил хүртэл хугацаатай, эхний 3 хүртэлх жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөх хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан арьс шир, ноос ноолуур, мах, сүү, оёдол, зөгийн аж ахуй,эрчимжсэн аж ахуй, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуйн салбарын компаниудад зээлдүүлэх юм байна. Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан танилцуулсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, О.Баасанхүү нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.5 хувь нь дэмжсэнээр хууль батлагдсан юм.

DSC_7535

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах бодлогын баримт бичгийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

Мөн өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан танилцуулсан юм.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр тогтоолын төсөлд улсын төсөв, санхүү, мөнгөний бодлогыг эдийн засгийн бодит секторыг дэмжих, хувийн хэвшлийн идэвхжилийг сайжруулахад чиглүүлэх, Монгол Улсын зээлжих зэрэглэл, эдийн засгийн орчныг сайжруулах чиглэлээр тус тус заалт нэмэх саналыг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Ж.Батсуурь, Г.Батхүү, Д.Зоригт, А.Тлейхан нар гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн танилцуулгад дурдсан.

Түүнчлэн зээлийн эрсдлийг бууруулж, санхүүгийн зуучлалын үр ашгийг нэмэгдүүлэх замаар зээлийн хүүг дунджаар 1-3 хувиар бууруулах бодлого боловсруулж хэрэгжүүлэхийг Монгол банк, Засгийн газар, санхүүгийн зохицуулах хороонд даалгасан заалтыг тогтоолын төсөлд нэмж тусгах саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гаргасныг гишүүдийн олонх мөн дэмжсэн байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Д.Лүндээжанцан, Ц.Баярсайхан, Д.Тэрбишдагва, Я.Содбаатар, Х.Болорчулуун, Ж.Батзандан, С.Бямбацогт, Д.Хаянхярваа, Ё.Отгонбаяр, Д.Оюунхорол, Д.Сумьяабазар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах бодлогын баримт бичгийг үдээс хойшх нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх ажээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …