Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд бодлогын хүүг бууруулж байна

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.

-Монголбанк мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулж, бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 12 хувьд хүргэлээ. Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад эдийн засгийн гадаад болон дотоод ямар хүчин зүйлийг харгалзан үзсэн вэ?

-Монголбанкны бодлогын хүү нэмэгдэж эхэлснээс хойш 26 сарын дараа анх удаагаа бууж байна. Та бүхэн санаж байгаа бол 2021 оны эцэст бодлогын хүү 6 хувьтай байсан. Энэ нь ковид-19 цар тахлын үед эдийн засгийг сэргээх, дэмжих бодлого хэрэгжиж байсантай холбоотой. Харин цар тахлын дараа дэлхий дахинд өндөр инфляц, гадаад орчны тодорхой бус байдлууд үүссэнээр 2022 оны нэгдүгээр сараас эхлэн бодлогын хүүг өсгөж, 13 хувьд хүргэсэн. Өнөөдөр бид анх удаа бодлогын хүүг бууруулах алхмыг хийж байна. Энэхүү шийдвэрийг гаргахад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байгаа. Нэгдүгээрт, инфляц сүүлийн 2-3 сарын хугацаанд Төв банкны зорилтот түвшин рүү буурч эхэлж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч хоёрдугаар сарын инфляц 7 хувьтай гарсан. Цаашдаа 2024-2025 онд инфляц Төв банкны зорилтот түвшинд хадгалагдах хүлээлттэй байна. Тиймээс дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад бодлогын төлөв чиглэх ёстой. Үүний хүрээнд 2025, 2026 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг харж, үүн дээр сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх зорилгоор бодлогын хүүг буурууллаа. Нөгөө талаас гурав дахь том хүчин зүйл нь гадаад валютын орох, гарах урсгал буюу төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдлыг авч үзсэнээр бодлогын хүүг тодорхой хэмжээнд бууруулах орон зай байна гэж үзсэн. Үүнээс гадна дэлхийн санхүүгийн зах зээлийн төлөв байдлыг харахад энэ оны сүүлийн хагасаас эхлээд томоохон Төв банкнуудын бодлогын хүү аажмаар буурч эхэлнэ гэсэн хүлээлттэй байгаа. Энэ нь дэлхийн зах зээл дээрх санхүүгийн суурь хүүнүүдэд өөрчлөлт оруулна. Тэгэхээр ийм төлөв байдал хүлээгдэж байгаа учраас бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргаж байгаа.

-Гэхдээ дөрөвдүгээр сараас цалин, тэтгэвэр нэмэгдэхээр байна. Мөн төсвийн зардлын тэлэлт эхлээгүй байхад бодлогын хүүг буурууллаа гэх шүүмжлэл байна. Түүнчлэн олон улсын байгууллагын зүгээс ч бодлогын хүүг бууруулахад эрт гэсэн байр суурьтай байсан?

-Бодлогын хүүг бууруулах асуудлыг Төв банк Мөнгөний бодлогын хорооны хурал дээр өнгөрсөн оны 6 дугаар сараас хойш ярьж байгаа. Харамсалтай нь, бодлогын хүүг бууруулах шийдвэр түүнээс хойш 2, 3 улирлын дараа гарч байна. Үүнд голчлон төсвийн бодлогын төлөв байдал нөлөөлсөн. Өнгөрсөн оны 6 дугаар сард Төв банк яагаад бодлогын хүүгээ бууруулаагүй вэ гэхээр яг тэр үед цалин, тэтгэврийн өсөлттэй холбоотойгоор төсөв дээр 1.8 их наяд төгрөгийн тодотгол хийгдсэн. Энэ нь бодлогын хүүг бууруулах шийдвэрийг хойшлуулсан. 9, 12 дугаар сарын хувьд 2024 оны төсвийн хэмжээ нэлээд тэлэхээр байсан тул бодлогыг хүүг бууруулаагүй. Ингээд 2024 он гарснаас хойших эхний 2-3 сарын байдлаарх төсвийн тодотгол, зардлын өсөлт зэргийг харахад инфляц дээр ирж байгаа нөлөөлөл нь бидний төсөөлж байснаас харьцангуй бага байна. Тэгэхээр энэ нь бодлогын хүүг бууруулах тодорхой хэмжээний орон зай үүсгэсэн. Нөгөөтээгүүр, Сар шинийн баярын өмнө иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг тараасан. Энэ үйл явцын хариуд Төв банк зах зээл дээр байгаа илүүдэл нөөцийг Төв банкны үнэт цаасаар шууд татаж авч байгаа. Тэгэхээр энэ нөлөөллүүд эдийн засаг руу мөнгөний нийлүүлэлтийг хэт их нэмэгдүүлэх, улмаар инфляцын дарамт үүсгэх бололцоог нь мөнгөний бодлого, түүний арга механизмаар тухай бүр хязгаарлаад явж байгаа юм.

-Ерөнхийдөө сонгуулийн жилд Монголбанк мөнгөний бодлогын хүүг бууруулж байгаа дүр зураг ажиглагддаг. 2020 онд УИХ-ын сонгуулийн өмнө буюу 4 дүгээр сард 10-аас 9 хувь руу бууруулсан. 2016 онд мөн 12-аас 10.5 хувь руу бууруулж байсан. Тэгэхээр Төв банк сонгуулийн өмнө бодлогын хүүг буурууллаа гэх хардлага, шүүмжлэл бас бий. Энэ талаарх таны байр суурь?

-2018 оны Төв банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Төв банкны бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт гарсан. Тодруулбал, мөнгөний бодлогын шийдвэр дан ганц Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрээр бус, Мөнгөний бодлогын хорооны гишүүдийн олонхын саналаар хэлэлцэгдэж гардаг болсон. Тэгэхээр мөнгөний бодлогын хүүг өсгөх, бууруулах асуудал нь Мөнгөний бодлогын хорооны гишүүдийн санал хураалтаар шийдэгддэг. Мөнгөний бодлогын хороонд Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчөөс гадна хараат бус дөрвөн гишүүн байдаг. Одоогийн байдлаар хараат бус гурван гишүүнтэй байгаа. Хараат бус эдийн засагч нар Төв банкны гадна болон доторх мэдээллүүдэд үндэслэн, эрсдэлүүдийг үнэлээд шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр бодлогын шийдвэр харьцангуй хөндлөнгийн эдийн засагчдын нүдээр мэргэжлийн түвшинд гарч байгаа гэдгийг хэлмээр байна. Хоёрдугаарт, мөнгөний бодлогын хүү, бодлогын төлөвийг өөрчилнө гэдэг нь өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлэхээс илүүтэй ирээдүйд чиглэсэн шийдвэр байдаг. Энэхүү шийдвэрийн эдийн засагт нөлөөлөх хугацаа дор хаяж 4-6 улирлын дараа бүтэн гарч, дуусдаг. Тэгэхээр өнөөдрийн гаргаж байгаа шийдвэр ирэх 6 дугаар сард болох гэж байгаа сонгууль бус 2025, 2026 оны эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байгаа юм.

-Дотоодын цаг үеийн нөхцөл байдлын хувьд зудаас үүдэлтэй хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт эрсдэл дагуулахаар байгаа. Энэ нь инфляцын төлөвт сөргөөр нөлөөлөх эрсдэлийг хэр харж байгаа вэ?

-Инфляц эргээд өсөх эрсдэлүүдийг Төв банкны Мөнгөний бодлогын хорооны хурал дээр нэлээн дэлгэрэнгүй ярьсан. Ер нь аливаа шийдвэр гаргахдаа инфляцыг өдөөх магадлалтай эдийн засгийн тодорхой бус байдал, эрсдэлт хүчин зүйлсийн талаар үргэлж ярьдаг. Одоогийн байдлаар инфляцад нөлөөлж болзошгүй хүчин зүйл нь нэгдүгээрт сонгууль угтсан бэлэн мөнгө тараалт, төсвийн зардлын хэт их тэлэлт. Жишээлбэл, 4 дүгээр сарын 1-нээс цалин 10 орчим хувиар өсөх гэж байна. Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК дахиад иргэдэд ногдол ашиг тараах гэж байна. Гурав дахь том хүчин зүйл нь зудын нөхцөл байдалтай холбоотойгоор махны үнэ өсөх нь. Мах бол хэрэглээний сагсны 10 хувийг бүрдүүлдэг бараа бүтээгдэхүүн учраас нийт инфляцын тоон дээр том нөлөөтэй. Гэхдээ зудын нөхцөл байдалтай холбоотойгоор махны үнэ өсөж болзошгүй гэдэг нь энэ жилийн л инфляцын асуудал. Тэгэхээр бодлогын хүүг хэчнээн өндөр хадгалаад махны үнэ буурах бололцоо байхгүй гэсэн үг. Төв банкнаас хамааралгүй нийлүүлэлтийн шинж чанартай хүчин зүйлсийн хувьд засаг захиргааны бусад байгууллага зохион байгуулалт, үйл ажиллагаа талаас нь зохицуулах ёстой. Ялангуяа хүнсний инфляц дээр. Өнөөдрийн байдлаар инфляцын задаргааг харвал хэрэглээний сагсны 410 бараа, бүтээгдэхүүнээс 2 бүлгээс бусад барааны үнэ 8 хувиас доош орчихсон байгаа. Үлдсэн хоёр бараа нь юу байна вэ гэхээр мах, махнаас бусад дотоодын хүнс. Нэг нь 13-14 хувийн инфляцтай, нөгөө бараа нь 15-16 хувийн инфляцтай. Тэгэхээр энэ хоёр бараа, бүтээгдэхүүнээс бусад нь доошоо ороод ирлээ гэсэн үг. Дотоодын хүнсний үнийн өндөр инфляц нь Төв банкнаас хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлого гэхээс илүүтэйгээр хүнсний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, улирлын үнийн савлагаанаас хамааралтай. Тэгэхээр дотоодын хүнсний салбарыг нийлүүлэлтийн тогтвортой сүлжээний хувьд хөгжүүлэх шаардлагатай. Түүхэн хугацаанд аваад үзвэл мах, гурил, хүнсний ногоо, сүү мөн бензин шатахууны үнэ Монгол Улсын инфляцын хэлбэлзлийн 40 орчим хувийг үндсэндээ тайлбарлаж байдаг. Цаашид үүнийг өөрчлөхгүйгээр тогтвортой бага бодлогын хүү, бага зээлийн хүү, тогтвортой мөнгөний нийлүүлэлт, зээлийн хүртээмж гэх мэт зүйлүүдийг ярихад их түвэгтэй. Энэ асуудлыг бид бүхэн нээлттэйгээр олон нийтэд, Засгийн газар, холбогдох яамдад ярьж хэлж байгаа. Үүний хүрээнд сүүлийн үед хэрэгжүүлж байгаа нэг зүйл нь “Хүнсний хувьсгал” хөтөлбөр. Энэ хүрээнд хүнсний салбаруудад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, нийлүүлэлтийг сайжруулах ажлуудыг хэрэгжүүлж байна. Монголбанкны хувьд санхүүжилтийг нь дэмжиж, банк, санхүүгийн байгууллагуудаар дамжин хэрэгжиж байгаа учраас тодорхой хугацааны дараа үр дүнд хүрэх байх гэж найдаж байна.

-БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн хурлаар эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэнэ гэсэн өөдрөг төсөөллийг танилцуулсан байгаа. Гэтэл тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр гарсан хямралтай холбоотойгоор хөрөнгө оруулагч нарын итгэлийг сэргээхэд сорилттой тулгарна гэж байгаа. Манай улсын хувьд дотоодын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр хэрэгжих төсөл, хөтөлбөрүүд тодорхой хэмжээнд асуудалтай, маргаантай байдаг. Эргээд үл хөдлөх хөрөнгийн салбараас гарч болох эдийн засгийн цочроо хэр байдаг вэ? Монголбанкнаас энэ тал дээр судалгаа хийдэг болов уу?

-2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бид бүхэн боловсруулахдаа хөдөө аж ахуйн салбараас бусад салбарын өсөлтийг 6 хувь гэж тооцож байгаа. Хэрвээ хөдөө аж ахуйн салбарын өсөлтийн сөрөг нөлөөллийг хасаад тооцвол 5.3 хувь. Хөдөө аж ахуйн салбар дээр ялангуяа мал аж ахуйн салбарт үүсээд байгаа энэ нөхцөл байдал хүндэрвэл эдийн засгийн өсөлтийг 4-өөс ч бага гаргаж болзошгүй. Бусад салбарын хувьд 5-6 орчим хувийн өсөлттэй байна. Энэ бусад салбарын өсөлт дээр орж ирж байгаа нэг өсөлт болох барилгын салбарын өсөлтийг нэлээн даруухан авч үзэж байгаа. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр барилгын салбар дээр баригдаад дуусаж байгаа барилгууд эргээд борлогдох бололцоо нээгдэх хэрэгтэй. Энэ нь ипотекийн зээлийн хүртээмжтэй холбоотой. Ипотекийн зээлийн нийт хэмжээ бол бид бүхэн энэ жил 500-600 орчим тэрбум төгрөг төлөвлөж байгаа. 7 дугаар сарын 1-нээс Засгийн газарт шилжүүлнэ гэсэн тогтоолтой. Дараагийн нэг зүйл нь энэ жилийн Засгийн газраас ач холбогдол өгөөд байгаа зүйл нь хөдөө орон нутаг дахь орон сууцны хангамж, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх гэсэн зүйл. Үүний хүрээнд барилга нь баригдаад орон сууц нь бэлэн болсон тохиолдолд 500-600 тэрбум төгрөгийн тодорхой хэсэг нь аймгийн төв рүү, сум руу шилжүүлэх шаардлага тавигдаж байгаа. Энэ зүйлээс барилгын салбар хамаарах гэж байна. Хөдөө орон нутагт шинэ барилгын төслүүд хэрэгжих боловч Улаанбаатар хотод байгаа барилгуудыг борлуулах асуудал яригдаж байна. Нөгөө талаасаа эдийн засгийн өсөлт, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбараас гадна таны түрүүн хэлсэн БНХАУ-д үүсээд байгаа нөхцөл байдал удаан үргэлжилж байна. Үүнийг хурдан хугацаанд тэрхүү том эдийн засаг, том хүчтэй удирдлагатай эдийн засаг шийдвэрлэж чадахгүй байгаа. Тэгэхээр үүний нөлөөллүүд нийт эдийн засгийн төлөвт сөрөг нөлөө үзүүлж байгаа. Энэ нь цаашаа экспортын бараа, бүтээгдэхүүний үнэд ч нөлөө үзүүлж болзошгүй. Ялангуяа олон улсын шинжээчид Хятадын эдийн засгийн талаар маш болгоомжтой хандаж байгаа. Гэхдээ үүний эсрэг Хятадын бодлого боловсруулагчид, зохицуулагчид мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр зохицуулалт хийнэ. Мөн дээрээс нь удирдлага зохион байгуулалтын хувьд ч нэлээн томоохон өөрчлөлт хийгээд явж байгаа. Үүнээс гадна ойрын хугацаанд Монгол Улсын эдийн засгийн цаашдын төлөв байдалд нөлөө үзүүлэх томоохон салбар бол уул уурхайн салбар. Уул уурхайн салбар энэ жилийн хувьд ялангуяа 2023 оны 7 хувийн өсөлтийн 60 орчим хувийг уул уурхайн, түүнийг дагасан тээврийн салбар бүрдүүлж байгаа, үлдсэн 10 хувийг худалдааны салбар, үлдсэн 30 хувь нь үлдсэн салбарууд. Тэгэхээр цаашид үүний тогтвортой өсөлтийг хангахад мөнгөний бодлогын шийдвэр хамаарч байгаа гэсэн үг.

Ярилцсанд баярлалаа.

/Эх сурвалж: Bloomberg TV/

Санал болгох мэдээ

МҮЭХ: Хуурамч бичиг баримт бүрдүүлэн ЭМД-ын сангаас 800 сая төгрөгийг гаргаж авсан зөрчил илэрсэн

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч, ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат, ШУБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга, ЭМДҮЗ-ийн гишүүн Т.Баясгалан нар …