Нийтийн тээврийн салбарт “ухаалаг” үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд смарт картаар зорчих болсон билээ. Энэ ажлын хүрээнд нийтийн тээврийн давхцалыг бууруулах, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор өнгөрсөн наймдугаар сарын 15-наас эхлэн богино эргэлтээр үйлчлэх болсон. Ийнхүү нийтийн тээврийн “шинэчлэлийн ачаар” одоо хүртэл толгой эргэсээр л явна. Өглөө ажилдаа, орой харих гэж дор хаяж 3000 төгрөгийг зарцуулна. Ядахад гэр маань нийслэлийн захын гэр хороололд. Тийшээ ганц зорчих чиглэлийн автобус байхгүйгээс Багшийн дээдээс Гандан орж, тэндээсээ Баянхошуу руу 1000 төгрөгийн жижиг унаанд сууна. Ингэж дамжих бас нэгэн шалтгаан бол гэр хорооллын чиглэлийн автобусууд цагаасаа эрт зогсдог явдал юм. Шөнө болохоос өмнө гэртээ харих хүсэлтэй минь зэрэгцээд зовж олсон цалингаа зөвхөн унаандаа үрчихгүй юмсан гэж боддог. Энэ мэт иргэдийг нэлээд хүлээлгэсний эцэст автобусанд дамжин суухад үнэгүй болжээ. Ийнхүү дамжин суухдаа үнэгүй зорчих болсондоо иргэд ихэд таатай байна. Нийтийн тээврээр үйлчлүүлсэн зорчигч нь сэлгэн суусан автобусандаа 30 минутын дотор амжиж үйлчлүүлсэн нөхцөлд дээрх хөнгөлөлтийг эдэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эхний автобусанд 500 төгрөг төлж, өөр чиглэлийн дараагийн автобусандаа 30 минутад багтаж суусан нөхцөлд үнэгүй зорчих эрхийг эдэлнэ гэсэн үг. Харин нэг өдрийн үнэгүй зорчих дээд хязгаар нь дөрөв бөгөөд тус бүрийг нь эхний автобусанд төлбөрөө төлж үйлчлүүлэн бууснаас 30 минутын дотор эдлэх боломжтой юм.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна
Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …