Эрүүл мэнд, Спорт /ЭМС/-ын яамны сайд Г.Шийлэгдамбыг Авлигатай Тэмцэх Газар /АТГ/-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн сэжигтнээр татаж, 14 хоног 461-р ангид хорихоор болсон. Мөн түүнтэй хамт 4-5 хүнийг шалгаж, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн тухай МАХН-аас мэдээлсэн. Тэгвэл өчигдөр орой 18.30 цагийн орчимд ЭМС-ын яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга /ТНБД/ Г.Ганчимэгийг хахуулийн хэрэгт сэжигтнээр татаж, АТГ-аас баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, уржигдар орой Г.Ганчимэгийг цагдан хорилгүйгээр, гадуур шалгаж эхэлсэн бөгөөд өчигдөр орой ийнхүү баривчилж цагдан хорьжээ. Г.Шийлэгдамбыг байцаах 14 хоногийн хугацаанд Улсын Прокурорын Ерөнхий Газар /УПЕГ/-аас яллагдагчаар татвал түүнийг цагдан хорих хугацааг нэмэх аж. Харин ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын гэм буруутай нь тогтоогдвол таван жил хүртэлх хорих ялаар шийтгэх гэнэ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл

