Парис хотод цуврал халдлага болж олон хүний амь эрсэдсэн билээ. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд улс орон даяар онц байдал зарлаж, газар болон агаарын хилээ хаагаад байгаа. Исламын улс бүлэглэл халдлагыг зохион байгуулсан нь тодорхой болмогц Франсуа Олланд мэдэгдэл хийж алан хядагчдын эсрэг өршөөлгүй тэмцэж, амиа алдагсдынхаа өшөөг авах болно гэдгийг зарласан. Ингээд Францын засгийн газар шуурхай хуралдаж улмаар Сири дэх Исламын улс бүлэглэлийн байрлалуудад өнөө өглөөнөөс агаарын цохилт өгч эхэлжээ. Газрын дундад тэнгис дэх тус улсын цэргийн баазаас 10 гаруй байлдааны онгоц хөөрч Сирийн Ракка хотын ойролцоо 20 гаруй удаа агаарын цохилт хийсэн байна. Агаарын цохилтын хүч хэмжээлшгүй их байсныг бүс нутаг дахь ажиглагчид мэдээлсэн гэнэ.
Тиймээс Францын цэргийнхэн хор хөнөөл харьцангуй өндөр бөмбөгүүд, цэгчилсэн цохилт өгдөг орчин үеийн тийрэлтэт пуужин ашиглаж байна хэмээн ажиглагчид дүгнэжээ. Нэг үгээр хэлбэл Францын зэвсэгт хүчин Ракка хотын ойролцоох газар нутгийг хайр найргүй бөмбөгдөж эхэллээ хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Энэ бүс нутагт алан хядагчдын удирдлагын төв, сургалтын хуарангууд байрладаг нь тагнуулын мэдээллээр тодорхой болсон хэмээн Францын тал үзэж байгаа гэнэ.
politik.mn