Барилгын компаниудын хэл ам хэзээ тасрах вэ гэж иргэд холбогдох байгууллагаас нь байнга асуудаг. 2012 оны есдүгээр сард “Тэнгис” кино театрын урд баригдаж буй барилга дээрээс тулгуур төмөр унаж 18 настай залуу амиа алдсан. Мөн “Макс” компанийн барилга дээрээс төмөр унаж, гэрэл солигдохыг хүлээж, машиндаа сууж байсан бас л нэгэн сайхан залуугийн амийг авч одсон.
Тэр цагаас хойш иргэд байнгын айдастай явах боллоо. Зөвшөөрөлтэй үгүй нь мэдэгдэхгүй олон барилгууд чанаргүй баригдаж, Хятад ажилчид ажиллуулдаг гээд дандаа хэл аманд өртөнө. Хамгийн гол хор уршиг нь хөдөлмөр, аюулгүй ажиллагааг сайн хангаагүйн улмаас хүний амь нас, эд хөрөнгө сүйдэж нийгэмд аюул учруулж байна.
Ядаж байхад машин болон явган хүний зам руу яг тулгаж байгаад, яг толгой дээр барилгын ажлаа хийх юм. Аймшигтай тухай бүрд нь хууль хяналтын байгууллага торгууль төлүүлж сануулга болгоод өнгөрдөг нь осол дахин гарахад нөлөөлж байгаа аж.
Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 17-нд буюу өчигдөр “Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах “Хурд” хорооллын барилгын гурван давхараас хүн уначихлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу холбогдох албаны хүмүүс шалгахад тус барилгын гуравдугаар давхарт туслах ажилтан, Налайх дүүргийн оршин суугч 53 настай, эрэгтэй М нь хог цэвэрлэж байгаад унаж, амиа алджээ. Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн үргэлжлүүлэн шалгаж байна.
Дашрамд дурдахад одоогоос яг нэг жилийн өмнө “Хурд” хорооллын барилга дээрээс хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан билээ.