Энэ жилийн хувьд 520 мянган сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас үйлдвэрлэх шаардлагатай гэсэн тоо баримт гарсан байгаа билээ.“Бат зүү” компани 2003 онд Оюуны өмчийн газраас сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх зохиогчийн эрх патент авч, БСШУЯ-ны зарласан тендерт шалгарч, дүрэмт хувцсаар сурагчдыг жигдрүүлж байсан. Гэвч тус газрын нийлүүлсэн хувцас чанарын шаардлага хангахгүй, сэмэрч, урагддаг гэсэн гомдол иргэдээс цөөнгүй гардаг. Тэгвэл энэ жил уг асуудалд Засгийн газраас санаа тавьж, Үйлдвэр, хөдөө аж ахуй, Боловсрол шинжлэх ухааны яам хамтран “Сурагчийн дүрэмт хувцасны жишиг загвар” боловсруулж гаргав. Энэхүү загварын дагуу монгол хонины ноосон даавуу болон ээрмэл утсаар дотооддоо үйлдвэрлэсэн хувцсаар сурагчдыг бүрэн хангах ажлыг зохион байгуулж эхэлсэн билээ.
Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх ажилд “Чингис” бондоос 30 тэрбум төгрөгийг оёдлын үйлдвэрлэлийн салбарт олгож, сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6 тэрбум, нийт 23 тэрбум төгрөгийг энэ онд багтааж эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн юм.
Урьдчилсан байдлаар дүрэмт хувцсыг оёх 72 аж ахуйн нэгж байгаа аж. Эдгээрт Төв, Налайх, Эрдэнэт, Дархан зэрэг хөдөө орон нутгийн оёдлын газрууд ч багтаж байна. Энэ жил дүрэмт хувцасны дээд үнэ 95 мянган төгрөгөөр нийлүүлэх боломжтой гэдгийг ч хэлсэн бөгөөд гурван жилийн баталгаа өгч байгаа юм байна.
З.Байгалмаа