Нөхөр нь нас барж, дөрвөн өнчин хүүхэдтэй хоцорсон бүсгүй “Яаж амьдарна даа” хэмээн бодож, гарын дүйтэй нөхрийнхөө буянаар халгиж, цалгиж, мөнгийг ургуулдаг мэтээр үрэлгэн байснаа бодохоос толгойны үс нь босдог байж. Бүсгүй хорь хүрээгүй байхдаа хүнтэй суужээ. Тэр цагаас хойш ажил огт хийгээгүй, хэдэн сайхан хүүхэд төрүүлсэн Алимаа гэх бүсгүй бодож, бодож нэг “сайн” арга олсон байна. Талийгаачийнхаа амьд сэрүүндээ хадгалж хураасан хэдэн төгрөгийг хуу хамж аваад өөрийгөө агсах баахан чимэг зүүлт, эрхи авч, бас огт өөр дүр төрхөд хувирахын тулд хувцас хунараа хүртэл өөрчилж, шинэхэн дүрээ хувиргаж “баг” өмсгөл сэлт авчээ. Хааяа очиж юм асууж, үзүүлж яваад танилцсан Нараа гэх эмэгтэйд сая төгрөг атгуулаад “Намайг өөр шигээ хүн болгож, холбоондоо элсүүлж, хүнд үзүүлж харуулах үнэмлэхтэй болгож өгөөч” гэсэн байна. Нараа нь ч дуртай, уриалгахан хүлээн авч “Чамайг аль эрт нүхээ малт аа. Амьдрал шүү, энэ чинь…” гэж хэлээд байхад эс тоогоод байсан биз. За, яахав. Чи ч угаасаа ам яриа сайтай, хоосонгүй хүн юм чинь хэн нэгний олз болно гэж байхгүй” хэмээн хэлээд “Азийн Бөөгийн холбооны гишүүн” болгох үнэмлэх дээр наах зургийг нь аваад хоцорчээ. Алимаа ийм үнэмлэхээ хүлээх зуураа хороолол руу өгсөх замын баруун талд байрлалтай гурван давхар улаан байшинд нэг өрөө түрээслэх ажлаа амжуулсан байна. Нараа, Алимаа хоёр богинохоон хугацаанд ёстой л зүү орох зайгүй болтлоо дотносчээ. Хоёр долоо хоногийн дараа “Гаанжуур овогтой Алимаа нь Азийн Бөөгийн холбооны гишүүн” гэсэн хэд хэдэн тамга, тэмдэгтэй үнэмлэх ирсэн байна. Үнэмлэхийг дагалдаад ур чадварын болоод Алимаагийн мэдрэмж, зөн билгийг шалгаж, үнэлсэн гэх “Чадамжийн гэрчилгээ” иржээ. Ингээд л Алимаа спорт, чөлөөт загварын хувцаснаасаа салж, “нүнжиг” илтгэж, итгэл төрүүлэхүйц дүрд хувирсан байна. Найз Нараа нь нэлээд туршлагатай төдийгүй иймэрхүү байдлаар “шавь” төрүүлж хоолонд нь “хүргээд” өөрөө бас чамлахааргүй татаас авч халаасаа зузаалаад гаршсан нэгэн ажээ. Түүнд 1-5 саяыг атгуулахад үнэмлэх, чадамжийн гэрчилгээ, сайн яривал бүр зэрэг, дэв хийгээд олон улс, гадаад, дотоод тэмцээнд ялж байсан гэх дагалдах чимэг зүүлт хэдтэй ч болж чаддаг байна. Нэгэнт дээрээ иймэрхүү татаастай болохоор Алимаа онго, сахиусаа хөлөглөсөн “бөө” болоход нэг их зүдэрсэнгүй. “Эхний нэг сардаа л хүн татаж чадвал цаашаа “баяжих” зам чинь дардан болно” гэсэн Нараагийн үг Алимаагийн сэтгэлийг эзэмдэж, “рекламдаж, сурталчилах” баг бүрдүүлжээ. Тэрбээр гэрийн эзэгтэйн үүргээс өөр юу ч хийхгүй гар хумхин сууж байхдаа хөршийнхөө болоод хийх байхаа олж ядсан хэдэн авгайтай хөзөр, даалуу тоглон цаг нөхцөөдөг байжээ. Дүрээ өөрчилж, мэргэжлээ сольсон Алимаа бүсгүй өөрийнхөө “ид шид”-ийг сурталчлуулах өөр хүн тэр тусмаа мөнгөтэй, бэнчинтэй үйлчлүүлэгч татах ажлыг нөгөө хэддээ хариуцуулжээ. Ингэхдээ олж ирсэн үйлчүүлэгч нь хэдэн төгрөгийн орлого оруулав, тэр хэмжээгээр хувь хүртээнэ гэснээр тоглоомны найз хэдэн авгайн нүд нь сэргэж, хөл нь хөнгөрөөд түүний “ухаан”-тайг гайхан, уралдаж эхэлсэн байна. Алимаа тун “зөв менежмент” сонгосондоо өөрөө ч баяртай байжээ.
– Нэрнээсээ өөр юу ч битгий хэл… хэмээн зорин ирсэн үйлчлүүлэгчээ гайхшруулдаг нь Алимаагийн “нууц” гэнэ.
– Ахуй, амьдрал, нас. Сүүдрийг минь хүртэл яг хэлнэ. Тэр байтугай гэрийн хаана юу байгааг, хаалга, үүд хаашаа харсныг нь нүдээ аньж байгаад л зурчихдаг хүн ховор биз дээ. О.Нямаа гуай бараг тааралдсан хүн бүхэндээ тэр байтугай өөрийн хамаатан садан, ойр дотныхондоо Алимаагийн тухай ийм ойлголт өгсөн байна. Ер нь үзмэрч, бас лам хуврагийн талаархи аман сурталчилгаа явдаг бөгөөд яг сүлжээний бизнес шиг цааш өргөжин тэлээд явчихдагийн жишээ энэ юм. Хормын зуур төрөл арилжин “баяжиж” хөлжихдөө Алимаа мөнгөний хойноос улайраад өөр юу ч бодож, тунгааж байгаагүй гэнэ. Хорь хүрч явсан сайхан хүүгээ гэнэтийн ослоор нас барахад нулимсаар өөрийгөө угаагаад өнгөрснөөс биш нүгэл хилэнцийн тухай бодоогүй байна. Хүү нь хорвоог орхисноос хойш хоёр сайхан охиныхоо нэгийг хэвтэрт орон шаналж байхад хүмүүний зовлонгоосоо салах гэсэн өглөг барьцанд умбаад сууж байж. Гэтэл нэг л өдөр “удган” Алимаа өөрийнхөө зам дээр ухсан нүх рүү улаан нүүрээрээ унасан байна. Тэрбээр чихрийн шижин өвчний улмаас тулах эрхтэнээсээ салж, улмаар биеийнх нь өрөөсөн тал мэдээгүй болжээ. Хоёр хүүхэд нь тус тусын амьдрал хөөсөн тул Алимаад хоёр жил хэртэй хэвтэрт байгаа охиноос нь өөр хань бараа болох хүн ойр байсангүй. Өглөө бүхэн бэлэг сэлт барьж гүйгээд, үдэш орой хүртэл оочерлон зогсдог өнөө олон үйлчлүүлэгч нараас нэг нь ч ирсэнгүй. Энэ л үед Алимаагийн идэж, уух, өмсөх зүүх, авахын хүсэлд автсан сэтгэл нь арай өөрөөр онгойж, “Ядаж охиноо хөл дээр нь босгоод авах юмсан” гэх бодол орж ирсэн байна. Бусдыг саад тотгор, зовлон бэрхшээлээс нь “салгана” хэмээн онгод сахиусын нэр барин дүвчигнэж явсан түүнд өөртөө болоод охиндоо туслах ямар нэг “ид шид”, арга ухаан хайжээ. Гэвч охин нь ээжийгээ дотроо өрөвдөвч:
– Миний энэ өвчин, зовлон бол таны авчирсан гай… хэмээн нэг бус удаа хэлжээ. Тэр байтугай:
– Та яах гэж тэр олон хүний зовлонгоор хооллосон юм бэ? Одоо өөрийгөө хар… хэмээн ээждээ гомдож явдаг сэтгэлийнхээ үгийг хэлсэн байна.
Алимаа “Чи галзуурсан хүн үү? Чиний төлөө би ямар их шаналж байна” гээд охиноо загнадаг, зэмлэдэг байсан бол энэ үгнээс нь хойш өөрөөсөө айж эхэлжээ. Тэрбээр өвчиндөө шаналж, зовиурлахын зэрэгцээ нүдэнд нь хий юм харагдаж, чихэнд нь элдвийн юм сонсогдох болсонд айж, бүр тайван хэвтэж чадахаа больсон байна. Шөнө унтаж чадахаа больсныг эмч нар “Чихрийн шижин” өвчинтэй нь холбон тайлбарлавч Алимаа “Чи их айхтар дайрлагад өртсөн байна. Чи ер нь юу хийсэн хүн бэ?” гэж айлдсан хөгшний асуултад хариулахыг хичээж байжээ. Нойрсуулах эм уун арайхийн унтсан түүний баруун хацрыг халуу дүүгтэл алгадахад хашгираад өндийх гэтэл хөхийг нь сэрээгээр хатгаад багалзуурыг шахав. Тэгснээ “Чи миний охины амьдралаар яаж тоглосон билээ?” гээд үс гэзэг нь сэгсийсэн хөгшин нүүр рүү нь халуу төөнөтөл цоо ширтэх ажээ.
Алимаа амь тавихын даваан дээр:
– Ээж, ээж… хэмээн уйлагнан дуудах охиныхоо дуунаар арайхийн сэрээд энэ муухай явдал зүүд байсанд баярласан хэдий ч цоо ширтэн зэмлэн буруутгах, бүр үзэн ядсан охиныхоо харцнаас дальдарсаар өндийжээ. Охин нь амандаа бувтнан юу гэж хэлснийг нь сонсоогүй ч Алимаа айдаст автан дагжаад босч арайхийн хувцаслаад, орон дээрээ суусан байна. Гэнэт хашгиран, үсээ үгтээн зулгааж, элдвийн хараал урсгаж, өөрийнхөө нүүр, гар, биеийг эрүүл газаргүй болтол урж самардсан ээжийгээ арайхийн барьж авч хоёр гарыг нь хүлсэн охин,
– Би их сайн хүнтэй учирснаар өөрийгөө аварч, ээжийгээ ч босгож авсан. Хүнд буруу юм хийсний хор яаж тусдагийг бид биеэрээ амссан. Ээж минь ч ойлгосон. Хүн харахад эрүүл сайхан юм шиг атлаа ээжийн санаж, тогтоох ой санамж байхгүй болсон. Аяндаа зүгээр болох байх аа… хэмээн ярьж сууна. Алимаагийн охин Мядагсүрэн одоо хорих ял эдэлж байгаа юм. Тэрбээр хулгайн гэмт хэргийн улмаас шүүхээс шийтгүүлжээ. “Шар хад”-ны эмнэлэгт хагас жил хэртэй хэвтсэн ээждээ туслах гэж яваад гэмт хэрэгтэн болсон гэнэ.
– Би ээжийгээ “аварч”, гэрийнхээ үйл лайг ингэж үүрч, гарах учиртай байсан биз ээ. Түүнээс биш сандал дээр зэрэгцээд сууж байсан охины халааснаас гар утас, хэтэвчийг аваад зугтсаныг би харсан. Тэр тухайгаа хэлсэн. Гэвч “Чи хулгайлсан” гээд ял оноосон. Эхэндээ би их харамсаж, гомдож байлаа. Нэлээд хугацааны дараа “Би энэ үйлийг биеэрээ үүрч, тэр хулгайч охинд туслах ёстой байжээ” гэдгийг ойлгож, өөртэйгээ болоод орчинтойгоо эвлэрсэн. Яагаад гэвэл миний ээж бусдад буруу, муу юм хийдэг байсан. Би бүгдийг мэднэ. Ээж “бөө” болж, амьтан хүн цугларч эхлээд нэг их удалгүй би өвдсөн. Бүр хэвтэрт орсон. Харин ч ёстой сайн лам таарч, намайг хөл дээр минь босгосон. Би ч боссон. Зөрөөд ээж хачин болсон. Бүр галзуурсан.
Манай лам өвөө шууд хэлдэг л дээ. “Эх чинь их муухай юм хийгээд байна. Онгод, тэнгэрийн гэсгээлийг дийлэхгүй шүү” гэж. Нээрээ л юм чинь. Эхнэр, нөхөр хоёрыг салгаад, өөр хүнтэй суулгаж байна гээд нөхрийг нь ёстой янз бүрээр хорлодог байлаа. Өөрөөс нь илүү сайн яваа бизнесмэнийг “даруулах” өчнөөн муухай юм хийлгэх нь бүр олон. Би бүгдийг мэддэг ч ээжийгээ худлаа “тоглож” байна гэж бодоогүй. Гэхдээ айдаг байсан.
Алимаагийн ингэж ярьж байгаа охин 24-хөн настай. Тэрбээр муу, хар үйл бүхэн эргээд өөрт нь тусдагийг ойлгожээ. Ээж нь амьдрах аргаа буруу сонгож, хуурмаг “бөө” болон жүжиглэснээр онгод хилэгнүүлсний эцэст охиноо, өөрийгөө өвчинд нэрвүүлсэн байна. “Хараал хар толгойд” буюу муу, харын талын элдэв дом эргээд өөрт нь хүнд буудгийн жишээ энэ.
Эх сурвалж www.wikimon.mn