Ирэх наймдугаар сарын 5-наас цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэр гаргаснаа Эрчим хүчний зохицуулах хорооноос /ЭХЗХ/ өнгөрсөн Баасан гаригт мэдээллээ. Эрчим хүчний сайд М.Сономпил энэ оны эхээр буюу хоёрдугаар сард “Үнэхээр үнэ нэмэх шаардлага байна уу үгүй юу гэдгийг судалж байна. Манай яамны зүгээс 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлтийн жил” болгон зарласан. Тиймээс дотоод нөөц бололцоогоо ашиглаад, зардлаа бууруулж, эрчим хүчний үнийг нэмэхгүйгээр явах бололцоог судалж байна. Үүнийг боломжтой гэж бодож байна. Тийм учраас салбарын сайдын хувьд энэ онд эрчим хүчний үнийг нэмэхгүй байр суурьтай байгаа” хэмээн мэдээлж байсан ч энэ байр суурь өөрчлөгджээ.
ЭХЗХ-ны дарга С.Отгонбаярын сэтгүүлчдэд тайлбарласнаар цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэр “ухаалаг хэрэглээх дэмжих” зорилготой аж. “Ухаалаг хэрэглээг дэмжих” шинэ зохицуулалтаар Улаанбаатар хотын орон сууцанд амьдардаг айл өрхүүд 150квт цагаас бага эрчим хүч хэрэглэсэн бол 79 төгрөг /одоо мөрдөгдөж байгаа тарифаар 74 төгрөг, 151квт цагаас дээш болвол 96 төгрөгөөр /одоо мөрдөж байгаа тарифаар 79 төгрөг тооцуулан төлбөрөө төлөх ажээ. Гэр хорооллын айл өрхийн цахилгааны тариф орон сууцны өохийн тарифаас тус бүр гурван төгрөгөөр хямд байсан ч ЭХЗХ-ны тайлбарласнаар ижил болж байгаа бололтой. Гэхдээ эдгээр үнэд НӨАТ ороогүй гэдгийг онцолъё.
Аж ахуйн нэгж байгууллагуудын цахилгааны үнийг хорин хувиар нэмжээ. Одоо мөрдөж байгаа тарифаар аж ахуйн нэгжүүд өдрийн хэрэглээндээ нэг квт цагт 88 төгрөг, оройн ид ачааллын үе буюу 17.00-22.00 цагийн хооронд 155.20 мөнгө, харин шөнөдөө 46 төгрөг төлж байгаа юм. Уул уурхайн компаниудад цахилгааны тусдаа тариф үйлчилдэг бөгөөд энэ тарифийг 30 хувиар нэмсэн байна. Уул уурхайн компаниуд өдрийн цагаар нэг квт цагт 100 төгрөг, оройн ачааллын үед 179.40 мөнгө, шөнөдөө аж ахуйн нэгжүүдтэй адил тарифаар төлдөг байна. Эдгээр үнэд мөн адил НӨАТ ороогүй үнэ юм.
Харин дулааны үнийн хувьд айл өрхүүдийн дулааны үнэд суурь үнэ гэсэн шинэ зүйлийг бий болгож байгаа аж. Өөрөөр хэлбэл, амьдран сууж буй орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч хэрэглэсэн дулааны үнэн дээрээ нэмж суурь үнэ төлөхөөр болж байна. 25-40 м.кв орон сууцанд амьдрагч өрх 3000, 41-ээс 80 м.кв орон сууцанд амьдардаг бол 5000, 81-ээс дээш м.кв орон сууцтай бол 10.000 төгрөг нэмж төлөхөөр болж байна. Цахим хуудсан дахь мэдээллийн доор үлдээсэн иргэдийн сэтгэгдлийг харвал суурь үнийг ямар шаардлага байгааг ойлгохгүй хүмүүс дийлэнх байгаа бөгөөд ингэж толгой эргүүлж байхаар дулааныхаа үнийг нэмэх хэрэгтэй байсан юм гэсэн сэтгэгдэл давамгайлж байна.
Цахилгаан, дулааны үнийн энэхүү нэмэгдэл нь иргэд, аж ахуйн нэгжид дарамт учруулах хэмжээний биш хэмээн мэдэгдэж байгаа. ЭХЗХ-ны мэдээллээр цахилгааны хэрэглээний дийлэнх хувийг айл өрх эзэлдэг. 2012 оны байдлаар 435,307 айл өрх цахилгаан хэрэглэгч байсан бол 32,218 аж ахуйн нэгж цахилгаан хэрэглэгч байжээ.
Цахилгаан, дулааны үнэ нь бүх л үйлчилгээ, хэрэглээний суурь үнэ бодлогын хувьд аливаа өөрчлөлт нь өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлтөд шууд нөлөөлдөг. Эрчим хүчний салбар нь үнийн либеральчлал хийгдээгүй өнөөг хүрсэн. Өөрөөр хэлбэл, бодит өртгөөс хямдаар хэрэглэсээр ирсэн гэсэн үг. Цахилгааны үнийг чөлөөлөх шаардлагатай гэдгийг зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш ярьж ирсэн ч энэ нь ард иргэдийн амьдралд шууд нөлөөлөх учраас энэ шийдвэрийг гаргах улс төрийн зориг эрх баригчдад байхгүй байсаар ирсэн. Зарим сонгуулийн жил эрчим хүчний үнийг нэмэхийг хориглож байсан удаатай. Тухайлбал, 2004 онд УИХ-ын сонгуулийн жил байсан бөгөөд энэ жил цахилгааны үнэ нэмэхийг Засгийн газраас албан ёсоор хориглож байжээ. Эдийн засагчдын тооцоолсноор цахилгааны борлуулалт зардлынхаа 60 хувийг нөхөж байгаа юм. Үлдсэн 40 хувийг улсын төсвийн татаасаар нөхөж байна.
Монгол Улсын Засгийн газар сүүлд 2008 оны наймдугаар сард цахилгаан, дулааны үнийг нэмсэн. Монголын хэрэглэгчдийн хэрэглэж байгаа цахилгааны үнийг бусад улс орнуудтай харьцуулахад хямдад тооцогддог. Зах зээлийн зарчмаа дагавал эрчим хүчний үнийг чөлөөлөх нь гарцаагүй. Ингэсэн нөхцөлд Эрчим хүчний сайдын дэвшүүлэн тавьсан эрчим хүчний хэмнэлт бодитойгоор хэрэгжинэ. Хэрэглэгч зөвхөн хэрэгтэй цахилгаан дулаанаа хэрэглээд, хэрэглэсний хэрээр мөнгөө төлнө гэсэн зарчим хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Гадаа гурван есийн хүйтэн тачигнаж байхад бид гэртээ зуны аагим халуунд байгаа мэт богино өмд, дан цамцтай өвөлждөг дөө. Үнэндээ дулааны үнэд төлж байгаа мөнгөндөө та төдийлөн санаа зовохгүй байгаа учраас тэр. Гаднынхан гэртээ ноосон цамцтай байдаг гээд ярихыг та сонсч байсан биз. Тэд биднээс илүү бээрэгтээ биш хэрэглэсэн дулаанаа тоолуурын заалтаар төлж байгаа учраас тэр. Цахилгаан, усны тоолуур тавих үед монголчууд эсэргүүцэж л байсан. Хэрэглэсэн бол төлөх ёстой учраас ус, цахилгаанаа хэмнээд эхэлсэн биз дээ.
Д.НАРАНТУЯА