Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башёд түрүүлж, Эзэн хааны цомыг 26 дахь удаагаа хүртсэн их аварга Хакухо М.Даваажаргал башё дууссаны маргааш нутгийн зүг хүлгийн жолоо залж, өчигдөр орой эх орондоо ирлээ.
Сумо бөхийн дээд зиндаанд олон түрүү авч, Монголоос төрсөн анхны Ёкозуна Асашёорюү Д.Дагвадоржийн амжилтыг эвдсэн Хакухо аваргын тухайд мөрөндөө гэмтэлтэй байсан ч сайн барилдсан хэмээн Ёкозунагийн зөвлөлөөс үнэлжээ. Ёкозунагийн зөвлөл башё өндөрлөсний дараах өдөр хуралддаг уламжлалын дагуу өчигдөр хуралдсан байна.
Энэ үеэр зөвлөлийн гишүүд Ёкозуна Харумафүжи Д.Бямбадоржийг шүүмжилж, ирэх есдүгээр сарын намрын башёд гурваас дээш унавал ёкозуна цолыг хураах тухай эхний сануулга өгөхөөр болжээ. Мөн хурлаас Озэки Кисэносатогийн талаар хэлэлцэж, ирэх башёд 15 давж, 100 хувийн амжилтаар түрүүлсэн ч ёкозуна цол олгох боломжгүй гэж үзжээ. Ёкозуна цол олгох тухай журам хоёр башё дараалан түрүүлсэн тохиолдолд сумогийн дээд цол хүртээхээр заасан тул энэ журмыг гажиж болохгүй гэж Ёкозунагийн зөвлөлийн гишүүд үзсэн байна.
З.Байгалмаа