27 настай жирэмсэн эмэгтэй хүүхэдтэйгээ хамт амиа алджээ

huuhed

Нийслэлийн нэгдүгээр “Өргөө” амаржих газарт амаржихаар ирсэн 27 настай эмэгтэй энэ сарын 21-нд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Эмч нарын хайхрамжгүй байдлаас болж эх, хүүхэд эндсэн гэж байгаа бол эмнэлгийн зүгээс “Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Задлан шинжилгээний хариу гарсны дараа тодорхой мэдээлэл өгнө” гээд халгаахгүй байгаа юм. Тэгвэл талийгаачийн аав Л.Лагсаннамдаг дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрбээр “Эх болон хүүхдийн цогцосыг нэгдүгээр эмнэлгийнхэн дотооддоо задлан шинжилгээнд оруулна, цогцсуудыг моргт хадгалж байгаа гэсэн. Гэвч бид гомдолтой байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд аваачиж задлан шинжилгээнд оруулахаар болсон” гэв.

Түүнчлэн яг юу болсон талаараа “Миний охин анхны төрөлтөөрөө үрийнхээ зулайг үнэрлэж чадалгүй хорвоог орхилоо. Эх үр хоёр хоёулаа нэгнээ харах заяа байсангүй. Нэгдүгээр эмнэлгийн эмч сувилагч нарт үнэхээр их гомдолтой байна. Миний охин сургууль соёлоо дүүргээд ажил төрөлтэй болоод өөрийгөө хөгжүүлж явж байгаад энэ жил хүнтэй суугаад анхны хүүхдээ тээсэн юм. Бид ч их баярлаж, энэ намар гэр барьж охин хүргэн хоёроо тусад нь гаргасан. Ингээд жирэмсэн болсон цагаасаа эмчийн хяналтад байж байгаад өнгөрсөн гурав дахь өдөр эмч нь төрөх хугацаа болсон тул эмнэлэгт очиж хэвт гэсэн бичиг хийж өгсөн байсан. Ингээд харъяаллынхаа дагуу хэвт гэсэн нэгдүгээр эмнэлэгт очсон. Бүх бичиг баримт нь бүрэн. Гэтэл хэвтэх ор байхгүй гээд явуулчихсан байгаа юм. Ингээд маргааш нь буюу пүрэв гаригийн өглөө ирээд арайхийж нэг хэвтэх ор олдож хэвтсэн. Тэгээд тэр өдрөө өвдөлт өгсөн зүйлгүй өнжөөд тав дахийн өглөө доошоо ус гарахаар нь эмч дээр очиход “Зүгээр зүгээр. Ажиглаад байж бай” гэсэн байгаа юм. Ингээд тэр өдрөө оройхон өвдөж эхэлсэн, тэдэн минутын зайтай өвдөж байна гээд нөхөртэйгээ мессэжээр харилцаад байсан байгаа юм. Ингээд өвдөөд болохгүй болохоор нь дахиад эмчид хэлтэл дахиад л болоогүй гээд тоогоогүй байсан. Тэгээд унтаж чадахгүй шөнөжин өвдөөд өглөө болгосон байна. Гэтэл өнөөх эмч нь хагалгаанд орчихсон гэсэн үү, орох гэж байгаа гэнэ үү байхгүй байсан гэнэ. Охин маань анхны төрөлт юм болохоороо юмаа мэдэхгүй өвдөж явсаар байгаад бүр болохоо байгаад халуурч эхэлсэн байсан. Энэ талаараа нөхөр рүүгээ мессэж бичиж, хөл гар нь бадайраад байна гэсэн байгаа юм. Гэтэл эмч нар”Болоогүй байна. Ор сулраагүй байна, байж л байгаач” гэсэн. Тэгээд удалгүй охин минь таталт өгөөд эхэлсэн. Тэгээд эмч нар яаралтай хагалгаанд оруулж, хүүхэд нь бүтэлттэй гарлаа, эм тариа олж ир гээд нөхрийг нь явуулсан байна лээ. Ээжийнх нь бие бас тааруу байна. Дотроосоо өмхийрчихсөн байсан. Сав нь агшихгүй болохоор хумиад оёлоо” гэх мэт зүйл ярьсан.  Ойр ойрхон биеийн байдлыг нь асуух гэсэн боловч эмч нь хагалгаанд орчих байх гээд алга болсон. Биднийг доош оруулахгүй хөөж туугаад байсан. Тэгсээр байгаад эцэст нь алаад хаячихсан байгаа байхгүй юу. Охин минь хагас сайны өглөө 9 цагийн үед өнгөрсөн. Маргааш нь хүүхэд нь өнгөрсөн юм. Хамгийн гомдолтой нь охинд минь яаралтай арга хэмжээ авалгүй амийг нь хөнөөчихөөд эмнэлгийн зүгээс хүлцэл өчье гэж хэлсэнд гомдолтой байна ” гэж ярьжээ.

Ийнхүү амиа алдсан талийгаач бүсгүйн үхлийн шалтгаан нь урьдчилсан байдлаар ураг нь дотроо бүтчихсэн, дотор бүх зүйл нь ногоорчихсон байснаас болоод амиа алдсан гэнэ. 24 цагийн дотор өвдөлт өгөөд яваад байхад нь эмч нар тоохгүй байсанд ар гэрийнхэн нь гомдолтой байна. Тиймээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргачихаад байгаа бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлт гаргахаар хөлөө хүрэх газраа хүртэл заргалдах ажээ.

 Ugluu-logo

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …