Ц.Даваасүрэн: Д.Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн шийдвэр хүчингүй

1070085_401704549938445_1908660281_n УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, бие даагч гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр сэтгүүлчдэд хандан Д.Сүхбаатарын талбайг Чингисийн нэрэмжит болгосон НИТХ-ын шийдвэрийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Хэвлэлийн бага хурлын дараа түүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авснаа хүргэж байна.

-Хаврын чуулган өндөрлөөд цөөнгүй хоног өнгөрлөө. Энэ хугацааг амралтын байдалтай өнгөрүүлэв үү?

-Өнгөрсөн хугацаанд той­рогтоо ажиллахын зэрэгцээ улсынхаа баяр наадмыг тэм­дэглэн өнгөрүүлж, тодорхой хугацаагаар амралтын бай­дал­тай байлаа. Миний сонгогдсон төрөлх Хөвсгөл аймагт маань энэ жил бороо хур элбэгтэй сайхан зун болж байгаа.

УИХ-ын гишүүн ч гэсэн хүн л юм болохоор зуны дэлгэр цагт сайхан амарч, алжаал ядаргаагаа тайлаад авахад буруудах зүйлгүй. Одоо наадам дуусч байгаа тул зуны сар зур­гаа биш, хаана хаанаа ажлаа идэвхжүүлэх шаардлагатай. Төс­вийн байнгын хорооны даргын хувьд маргааш /өнөө­дөр/ Төрийн ордонд то­дорхой мэдээлэл хийхээр бэл­дэж бай­на. Товчхондоо иймэрхүү.

-Сая таны  хийсэн мэдэгд­лээс үзвэл Хөвсгөлийн сон­­гогчид Д.Сүхбаатарын   тал­байг Чингисийн  нэрэм­жит болгосон НИТХ-ын шийд­вэрийг багагүй эсэр­гүүцэж байгаа юм аа даа?

-Манай тойргийн сонгогчид 1921 оны Үндэсний эрх чө­лөө­ний хөдөлгөөн, Ардын хувьс­галын  түүхэн үйл явцыг бүдэг­рүүлэх гэж оролдож байгаа эрх баригч АН-ын бусармаг үйл ажиллагааг таслан зогсоогооч ээ гэсэн санал хүсэлтээ хүч­тэй илэрхийлсээр байна.

Д.Сүх­баатарын талбайн нэрийг өөрч­лөхөөр улайран зүтгэж байгаа нь түүхэн цаг үе, түүхэн хүн, өнгөрсөн түүх рүүгээ нулимж байгаа тун болчимгүй үйлдэл гэж сон­гогчдын олонх нь байр сууриа илэрхийлсээр байгаа.

-Ер нь Д.Сүхбаатарын тал­­байн нэрийг өөрчлөхийн эсрэг байгаа таны энэ байр суурийг УИХ дахь бие даагч гишүүдийн нэгдсэн байр суурь гэж ойлгож болох уу?

-Болохгүй. Нөгөө хоёртойгоо хэл ус авалцаагүй байна. Энэ бол одоогоор зөвхөн миний байр суурь.
-Таныхаар 1921 оны Ардын хувьсгал Монгол Улсын түүхэнд ямар үүрэг гүй­цэтгэсэн юм бэ дээ?
-1921 оны Ардын хувьс­галын түүхэн ач холбогдлыг үгүйсгэх гэж оролдох нь ут­гагүй төдийгүй, ямар ч ач холбогдолгүй. Монгол ор­ныг гамин, Бароны харийн түрэм­гийлэгчдээс чөлөөлсөн Ардын хувьсгал нь өөрөө түүхэн үйл явц байсан. Нэгэнт түүх болсон 1921 оны хувьсгалыг бү­дгэрүүлэхээр санаархаж бай­гаа НИТХ-ын энэ шийдвэр нь хууль бус төдийгүй ноцтой асуудал.

Өнөөдөр НИТХ-ын гар­га­сан энэ шийдвэр хүчин төгөл­дөр бус. Яагаад гэвэл энэ талбайг Д.Сүхбаатар жанжны нэрэмжит болгох шийдвэрийг тухайн үеийн монголын төр гаргасан. Монголын төрийн залгамж чанарыг бодсон ч, урьд өмнөх Засаг төрийн аливаа шийдвэрийг бид ямар ч үед хүндэтгэдэг байх ёстой.

-Тэгвэл олон жилийн өм­нөх Засгийн газар гаргасан шийдвэрийг хүчингүй бол­гохын тулд  яах ёстой юм бэ?

-Хэрвээ  олон  жилийн өм­нөх ч бай ямар нэгэн тогтоол, шийдвэрийг эргэж харж үзэх ёстой гэж үзвэл нийт ард түм­нээсээ санал асуулга авах  юм уу тэдний төлөөлөл болсон УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх ёстой  гэсэн  байр суурийг ми­ний хувьд баримталж байгаа. Иймэрхүү асуудалд монголын ард түмний санал бодлыг сонсохгүй хүч түрэн шийдэж хэрхэвч болохгүй. Тэгээд ч энэ хууль бус шийдвэрээ НИТХ-ын тэргүүлэгчид эргэж харах байлгүй дээ. Ардын хувьс­галын түүхэн гавьяа, үнэ цэнийг үгүйсгэх гэсэн тодорхой хүмүүсийн үзэл бодол, байр сууринд би харамсаж байна.

-Д.Сүхбаатарын талбайг Чингисийн нэрэмжит бол­гох НИТХ-ын шийдвэрт тэгтлээ эмзэглэх, зарим нэг хүмүүсийн яриад байгаа хатуухан эсэргүүцэл үзүүлэх ёстой гэсэн байр суурины мөн чанарыг та юу гэж үзэж байна. Нэгэнт гаргасан шийдвэрээ НИТХ буцаах болов уу?

-Хэрвээ бид 1921 оноос 1990 он хүртэл оршин тогтнож байсан төр, Засгаа үгүйсгэх юм бол тусгаар тогтнолоо ган­хуулсан харамсалтай хэрэг болно. Яагаад гэвэл бид энэ түүхэн хугацаанд Японы эзлэн түрэмгийлэгчдээс эх орноо хам­гаалж, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн  улс болсноор эдийн засаг, улстөр, соёл, шинжлэх ухааны  хувьд түүхэн дэвшил хийснийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Тийм ч учраас бид тусгаар тогтнолын энэ түүхэн цаг үе, өнгөрсөн түүхэндээ их анхааралтай хандах учиртай юм.
-Ямартай ч өнөөдөр эрх барьж байгаа АН шийдвэрээ гаргачихсан. Нэгэнт гар­га­чихсан шийдвэрийн араас нэхэл дагал болоод байх хэрэг байна уу?

-Ард түмнийхээ санал бодлыг сонсолгүй ямар нэг улс­төрийн хүчин юм уу, хэн нэгэн баатар гарч ирээд л дур зоргоороо шийдвэр гаргаад байж таарахгүй. Ялангуяа миний санааг хамгийн ихээр зовоож байгаа зүйл нь дөрөв юм уу найман жил болоод л монголын түүх шинээр эхэлдэг, хуучнаа үгүйсгэн ху­­вир­даг болчих вий гэдэг асуудал юм. Аль  нэг  нь гарч ирээд л өмнөхөө үгүйсгээд унадаг. Тэгэх л юм бол Монгол Улсын тусгаар тогтнол ганхаж эхэлнэ. Ийм зүйл хэрхэвч байж болохгүй.

Тийм  ч уч­раас  миний зүгээс АН, МАН-д хандаж түүх,  цаг хугацаа эр­гэдэг гэдгийг бодолцож тун ухаалаг, алсын хараатай улс­төрийн бодлого явуулахыг л шахаж шаарддаг. Цөөнх  болсон улстөрийн хүчин нь сэргэж, сонор сэрэмжээ дээш­лүүлэн шийдэмгий алхам хийж улстөрийн хүчнийхээ үүр­гийг маш сайн гүйцэтгэх ёстой. Өнөөдрийн хувьд түүх зарим талаараа ойлгомжгүй, эмх замбараагүй болох за­рим нэгэн нөхцөл байдал үүсээд байна. Тийм ч учраас улс­тө­рийн хүчнүүд зөвшилцөж түү­хийн асуудал, тусгаар тогт­нол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын талаар нэгдмэл байр суурьтай байх нь юу юунаас эрхэм чухал.
Ялангуяа УИХ дахь бие даагчдын зүгээс дээрх асууд­луудаар байр суурь, үзэл бодлоо хатуу илэрхийлж байх болно гэдгээ энэ дашрамд хэлчихье.

Түүхэн  үйл явдал, бие хүний  намтар түүхийг хэн­бугай нь ч өөрчилж чаддаггүй юм. Хэзээ нэгэн цагт түүхийн үнэн тодроод л ирнэ. Гэхдээ хамгийн харамсалтай нь мон­голын нэн шинэхэн түүх дө­рөв юм уу найман жилээр өөрч­лөгдөөд явчих вий гэдгээс л би хамгийн ихээр сэтгэл зовж явдаг.

-Талбайн нэр өөрчлөх гэс­­нээс болоод Турк улсад то­моохон тэмцэл, бослого өр­нөсөн. Гэхдээ уужуу тайван монголчууд хэзээ ч ийм зам сонгохгүй нь тодорхой. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Лалын шашинт Турк­чуудыг буддын шашинт, ухаа­лаг тайван монголчуудтай харь­цуулан жиших ямар ч бо­ломжгүй юм. Гэхдээ бид бус­дын алдаанаас сургамж, ухаарал авч аливаад маш их алсын хараатай хандах хэ­рэг­тэй л дээ. Ялангуяа улс ор­ныхоо тус­гаар тогтнол, ард түмнийхээ эв нэгдлийн асуу­далд  ихээхэн ухаан зарах ёстой. Туркчуудын энэ явдал бол бас л нэг түүхэн сургамж мөн.

Харин бид Төрийн орд­ноо шинэчлэх талаар  дор­в­и­той бодож, даруйхан хөд­лөх л  хэрэгтэй. Төрийн ордноо өөр газар байгуулсаны дараа Чин­гисийн  талбайг жин­хэнэ утгаар нь цоо шинээр бай­гуулах талаар оюун ухаанаа уралдуулах нь хамгийн зөв шийдвэр байх болно.

Харин Д.Сүхбаатарын тал­байн өнгөр­сөн түүх түүхээрээ л үлдэх ёстой. Д.Сүхбаатарын талбайн түүх бол Монгол Улсын тусгаар тогтнолын түүх юм. Бүхэл бүтэн зууны түү­хийг аль нэг улстөрийн хүчин, тэднээс хамааралтай ямар нэгэн НИТХ-ын хүчин төгөлдөр бус шийдвэрээр бал­луурдаад хаячихдаг ч юм биш. Энэ талаар би байр суурин дээрээ хатуу зогсох болно.

images (1)

Санал болгох мэдээ

Б.Жаргалан: Монгол Улс эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хангахад ахиц гаргасан учраас Азийн эмэгтэй парламентчид хүрэлцэн ирж, сайн туршлагаасаа хуваалцах боломж бүрдлээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны дарга, Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн гишүүн Батбаярын …