Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан, “Таван толгой” ХК-ийн захирал асан Х.Түмэнбаярын увайгүй үйлдлүүдийн тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ. Түүнчлэн түүнд итгэснээсээ болж хохирчихоод яваа Г.Амарсанаа гэгч залуугийн талаар ч дурдсан. Тэгвэл бид энэ удаа Г.Амарсанаатай уулзаж ярилцсанаа хүргэж байна.
-Х.Түмэнбаяр танаар байшин бариулчихаад мөнгийг нь өгөхгүй байгаа гэсэн. Хэзээ ямар байшин бариулсан юм бэ?
-Өмнөговь аймагт жуулчны баазынхаа байшингуудыг бариулсан юм. 2010 оны намар есдүгээр сараас эхлэн хоёр жилийн хугацаанд рестораны зориулалттай дүнзэн байшин гурвыг, хоёр саравч болон бусад ажлуудыг нь хийж, гүйцэтгэсэн. Гэтэл байшингаа бариулж дуусаад л зангаа хувиргасан. Шууд л зайл гэсэн.
Тиймээс арга ядахдаа хуулийн байгууллагад хандсан. Гэтэл шийдвэр нь мань мэтийн хүмүүсийн эсрэг л гардаг юм байна.
-Яагаад, та чинь анх Х.Түмэнбаярыг АТГ-т шалгуулахаар өгсөн байсан биз дээ?
-Тиймээ. Эхлээд өнгөрсөн дөрөвдүгээр сард албан тушаалаа ашиглаад хувьдаа хөрөнгөжихдөө бусдыг хохироолоо гэх үндэслэлээр АТГ-т өгсөн. Гэтэл АТГ-аас үүнийг албан тушаалаа ашигласан гэх үндэслэл харагдахгүй байна. Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар буюу залилангийн төрөлд хамаарах гэмт хэргийн шинжтэй хэрэг байна гэсэн. Тэгээд Өмнөговь аймгийн прокурор руу шилжүүлсэн.
Харин Өмнөговийн прокуророос Г.Амарсанаа гэдэг хүн байшин барьсан гэдэг нь тогтоогдохгүй байна, Х.Түмэнбаяр гэдэг хүн нь “Уран ухаан” компанитай ямар ч хамаагүй хүн юм байна гэх зэргийн хариу өгсөн.
Түүгээр ч зогсохгүй надад ирүүлсэн хариунд нэрийг маань хүртэл буруу биччихсэн. Хэрэг үүсгэх боломжгүй, иргэний маргаан гэдэг үндэслэлээр буцаасан. Тиймээс би Улсын Ерөнхий прокурорт хандаад, хариугаа хүлээж байна.
Гэхдээ л их хэцүү. Х.Түмэнбаяр Өмнөговийн байтугай газар танил ихтэй. Тэр ч байтугай “Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар миний найз. Чи муу юу олж долоодог юм бэ.” гэж загнаж, дарамталсан.
Асуудал чухам яаж эргэхийг сайн мэдэхгүй л байна. Заримдаа ч нээрээ би ч юу ч олж авахгүй юм байх даа гэж боддог. Гэхдээ Ерөнхий прокурор, Ерөнхий сайд нартай найз байлаа гээд тэр хүмүүс төрийн албаа Х.Түмэнбаяр шиг хувьдаа ашиглахгүй байх гэж итгэж байна. Тиймдээ ч өнөөдөр хариугаа авахаар уулзана.
-Ер нь та Х.Түмэнбаяртай яаж яваад холбогдчихсон юм бэ?
-Би хувиараа канад загварын дүнзэн байшин барьдаг юм. Х.Түмэнбаяр анх над руу зарын дагуу ярьж, Өлзийт хороололд байдаг хаустай хашаандаа саун болон сүүдрэвч бариулсан юм. Тэгээд дараа нь хийсэн ажил маань таалагдсан юм байлгүй, Өмнөговьт байшин бариулах саналаа хэлсэн.
Мэдээж би өмнөх ажлынхаа мөнгийг авчихсан. Тэгээд ч надад дахиад ажил хэрэгтэй учраас зөвшөөрсөн. Харамсалтай нь Х.Түмэнбаярыг ийм зан гаргана гэж бодоогүй учраас албан ёсоор бичгээр гэрээ хийгээгүй.
Тэгсэн эцэст нь ингэж итгэсэн итгэлийг маань хэдэн жил хөдөлмөрлөсөн хөрөнгөтэй маань үгүй хийчихдэг байна.
-Та нэг удаа хэвлэлийн хурал хийлгэсний дараа Х.Түмэнбаяр сонинд ярилцлага өгсөн байсан. Түүнд таныг хүн шантаалжилж мөнгө олох гэж байгаа юм. Ямар нэгэн тооцоо байхгүй дууссан гэсэн байсан шүү дээ?
-Хэрвээ би хүн гүтгээд яваа бол тэрийгээ шалгуулж болно. Буруутай бол зохих шийтгэлээ ч хүлээчихье.
Би бариагүй юм бол хэн, хэний мөнгөөр байшин барьсныг шалгах ёстой биз дээ. Прокурор өөрийн эрхийн хүрээнд ажлаа хийсэн бол шалгах асуудал зөндөө бий.
Угаасаа миний жуулчны баазад байшин бариадах гэсэн мөртлөө одоо болохоор би ямар ч оролцоогүй гээд байдаг юм. Өмнөговийн прокурор ч анх үүсгэн байгуулж байсан болохоос биш одоо түүнийх биш гэдэг. Гэхдээ шалгаад үзэхэд Х.Түмэнбаяр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрөө “Уран ухаан” ХХК-ийн 10 хувийг эзэмшдэг гэдгээ бичсэн байдаг.
Тэгэхээр өөрөөсөө бултуулж л байгаа хэрэг. Одоо бол тэр “Уран ухаан” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар эхнэр Сэлэнгэ нь ажилладаг юм.
-Гэхдээ танд мөнгө өгсөн гээд байгаа шүү дээ. Та хэдийг авах гээд байгаа юм бэ?
-Надаас нийтдээ 512 сая төгрөг болон бусад машин, техник, багаж хэрэгсэл гээд маш их зүйл орсон. Би чинь ашгийн төлөө л явж байгаа хувь хүн шүү дээ. Гэтэл ашиг олох байтугай хоёр жил ажилласан хөдөлмөрийн хөлсөө ч олж авч чадаагүй. Бүр өөрийнхөө мөнгийг зараад, байшинг нь барьж өгөөд, дээр нь зээл авч өрөнд ороод сууж байна. Энэ чинь залилангийн л нэг төрөл биз дээ. Өмнө нь 62 сая төгрөг л авсан.
Надад 310 сая төгрөг өгсөн гээд баахан баримт байна гэсэн. Чухам ямар учиртай баримтууд цуглуулсныг мэдэхгүй.
-Х.Түмэнбаярын ярьж буйгаар энэ асуудлын цаана улстөрийн явуулга байгаа гэсэн дээ?
-Би нам бус хүн. Зүгээр л ажлаа хийж яваад хохирчихсон иргэн хүн. Хохирлоо төлүүлэхийг хүсч байна. Гэтэл миний яриаг улстөр хийлээ гэж гуйвуулаад байгааг ойлгохгүй байна.
Хүмүүс АН-ынхан төрийн эрхэнд гараад МАН-ын гишүүдийг шалгаж, хорьж байна гэж яриад байхаар нь итгэхгүй байсан. Тэгсэн өөрөө хуулийн байгууллагад хандаад ирэхээр бас үнэн юм байна гэж бодож хэлсэн. Яагаад гэвэл Х.Түмэнбаяр Өмнөговь аймгийн АН-ын дэд дарга, ИТХ-ын дарга байсан учраас АН-д нэлээд нөлөөтэй хүн бололтой.
-Монгол хүмүүс бас эр улс байна даа. Өөртэй нь ядаж утсаар яриад учраа хэлэхээр юу гэх юм?
-Өмнө нь уулзаж, учраа хэлж үзсэн ч хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд л хуулийн байгууллагад хандсан хэрэг. Түүнээс хойш нэг ч уулзаагүй.
-Та 62 сая төгрөг авсан гэсэн. Түүнийгээ бэлнээр нь, өөрөөс нь авсан уу?
-Бэлнээр өөрөөс нь заримыг нь компани дээрээс нь очиж авч байсан.
-Та хоёр анх тохиролцохдоо мэдээж төлбөрийн нөхцөлөө ярьсан биз дээ?
-Тухайн үед Х.Түмэнбаяр “Таван толгой” компанийн захирал байсан. Тэгээд байшин бариад өгчих нүүрс өгье л гэсэн. Тодорхой хэмжээгээр нүүрс авсан. Нүүрсээ авч, зөөж, зарна гээд баахан ажил болж байж гарсан ашиг нь байшингийн мөнгө болох жишээтэй. Тэр олсон ашгийг мөн л байшинд нь зарцуулсан.
-Та жаахан дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Тэр хүн орон нутгийн өмчит компанийн захирал шүү дээ. Тэгсэн хэрнээ “Таван толгой”-н нүүрс, үйл ажиллагааг нь хувийн компанийнхаа төлбөрийн карт мэт л ашигладаг юм байна лээ.
Өөрөөр хэлбэл ямар нэгэн ажлын хөлс ч юм уу мөнгөний хэрэгцээтэй үедээ “нүүрс өгье” л гэдэг юм. Уг нь ТУЗ-ийн шийдвэрээр нүүрс авах компаниудыг сонгон шалгаруулдаг учиртай. Тэгэхэд Х.Түмэнбаяр байнга л нүүрсээр төлбөр хийдэг хүн. Тэр ч байтгуай “Таван толгой”-н уурхайн дөрөвдүгээр амны нүүрс илүү өндөр үнэтэй байдаг юм. Тэгэхээр түүнийг хүртэл ашиглан наймдугаар амнаас авах эрхтэй хүмүүсийнхийг дөрөвдүгээр амных болгон дундаас нь мөнгө унагадаг юм билээ.
Түүгээр ч зогсохгүй уурхайн өдөр тутмын ажлыг удирдах, ТУЗ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой хүн мөртлөө өөрийн хувийн компанидаа хөрөнгө босгохын тулд албан тушаалаа ашиглаад, гэрээгээ зөрчүүлээд, хамтран оролцоод явж байдаг байсан юм.
-Таныг байшингаа барьсны дараа мөнгийг чинь өгөхгүй дээрээс нь ажилчдыг чинь урвуулсан гэсэн байх аа?
-Би хамт ажиллаж байсан хүмүүсээ анхнаас нь зургаа, долоон жилийн хугацаанд сургаж, баг болон ажилласан юм. Гэтэл Өмнөговьд байшингаа бариад хөөгдөж буцахдаа хэсэг мод үлдээснийг маань ашиглахын тулд ажилчдыг маань урвуулж, миний өөдөөс турхируулж байгаа юм.
Гурван хүн маань хотод хамт ирчихээд буцаад явсан байсан. Тэднээр үлдэгдэл модоор маань байшин бариулчихаад бас л хөөгөөд явуулсан байна лээ.
Тэгэхээр Х.Түмэнбаяр өөрөө л болж байвал бусад хүн хэрхэх нь огт хамаагүй, хүний мөсгүй л хүн юм байна. Яаж ч бодсон хүн үгүй гээд байхад нь би галзуурчихсан юм шиг байшин бариад байхгүй биз дээ. Намайг бариад л бай, мөнгө төгрөгийг нь ах нь зохицуулна гээд л итгүүлээд байсан.
Уг нь би тэр хүнтэй ямар нэгэн өш хонзон байхгүй. Байшинг нь сайхан бариад өгье л гэж зүтгэсэн. Эцэст нь өөрөө далаараа тавиулаад хохироод үлдлээ. Хохирлоо л барагдуулах гээд л яваад байгаа юм.
Хэрвээ хуулийн байгууллага нэг талыг бариад байвал тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж бодож байгаа. Ямар ч байсан үнэн мөнийг олж, хохирлоо барагдуулахын төлөө явах болно.