Лувсаннамсрай овогтой Оюун-Эрдэнэ 10 жилийн өмнө “Алсын хараа” нэртэй хувь хүний хөгжлийн тухай номоо хэвлүүлж байсан бол энэ удаад “Азийн Хүлэг Улс” номоо хэвлүүлж өнөөдөр шинэ номынхоо нээлтийг хийжээ. Тэрбээр энэхүү бүтээлдээ улс орны өнгөрсөн 25 жилийн дүгнэлт, өнөөдрийн нөхцөл байдал, ирэх 25 жилийн хөгжлийн төсөөллийг хөнджээ. Энэхүү тэргүүн дэвтэр нь доголон ардчилал, түүчээ шувуу, цогтэрдэнэ гэсэн 3 үндсэн бүлэг 30 дэд сэдвээс бүрдэж байгаа бөгөөд өнөөдөр манай улсад тулгамдаж буй хөгжлийн сонирхолтой асуудлуудыг багцлан товчоор илэрхийлэхийг зорьжээ. МУСГЗ, Шог зураач С.Цогтбаяр энэхүү номыг хамтран бүтээлцжээ.
Тэрбээр номын босго үгэндээ “Өнөөдрийн нийгэмд тулгамдаад байгаа өвчний онош болоод эдгэх аргын талаар зоригтой дэвшүүлсэн санаанууд, бодож явдаг олон зүйл нэгдсэн учир хамтран ажиллахаар шийдсэн” хэмээн онцолжээ.
Зохиогч ардчиллын тулгуур үнэт зүйлс болох хуулийн засаглал, эрх чөлөө, орлогын тэгш бус байдал, ёс зүй өндөр иргэний нийгэм хэрхэн төлөвших, удирдагчдыг үнэлдэг нийгмийн соёл, Монгол хөгжлийн загварыг Эзэнт гүрний болон нүүдлийн соёл иргэншлийн сэтгэлгээнээс хайж, дэлхийн дэвшилтэнд хөгжлийн загвартай хэрхэн хослуулах тухай бодлогын асуудал, шийдлүүдийг уг бүтээлдээ дэвшүүлжээ.
Сонирхсон уншигчид номонд дурдагдсан сэдвүүдээр гүнзийрүүлэн судлаж, хамтран ажиллахыг хүсвэл “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнд хандаж болох юм байна.
Эх сурвалж: zone.mn