Д.Нацагдоржийн нэрэмжит “Давлагаа” наадамд 50 гаруй оюутан уран бүтээлээ ирүүлжээ

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Давлагаа” богино өгүүллэгийн наадмыг энэ жил их зохиолчийн нэрэмжит болгон зохион байгууллаа.

МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, СУИС-ийн Ярих урлаг, театр, кино судлалын тэнхим хамтран зохион байгуулдаг тус наадам нь анх 1998 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 28 жилийн хугацаанд хоёр жил тутамд тогтмол болж байна. “Давлагаа” наадам нь зөвхөн шилдэг бүтээлийг шалгаруулаад зогсохгүй, үгийн урлагийг тайзнаас амилуулах уран уншлага, жүжигчилсэн тоглолттой хослуулдгаараа бусад уралдаанаас онцлог юм.

Наадмын үеэр уран зохиол нь нийгмийн оюун санааны тусгал, үндэсний дархлааны чухал хөдөлгүүр болохыг онцолж, үндэсний хэл соёл, түүх, гүн ухаан, ахуй амьдралын үнэт өвийг уран сайхны аргаар өвлүүлэн үлдээхэд утга зохиолын үүрэг чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Энэ удаагийн наадамд хэл шинжлэл, утга зохиолын хөтөлбөрт суралцагч 50 гаруй оюутан уран бүтээлээ ирүүлснээс шалгарсан шилдэг 10 бүтээлийг тайзнаа толилууллаа. Мөн энэ үеэр сүүлийн таван наадмын шилдэг бүтээлүүдээс бүрдсэн эмхэтгэлийг хэвлүүлэн олны хүртээл болгов.

Монголын уран зохиолын ирээдүй, залгамж халааг бэлтгэхийн тулд энэ чиглэлээр суралцаж буй оюутан, залуучуудыг тууштай дэмжих, олон улсын түвшинд утга зохиол судлал, шүүмж, уран зохиолын мэргэжлийн орчуулагчдыг бэлтгэх чиглэлд төрөөс анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар ССАЖЗЯ-наас мэдээлэв.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо

​Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх …