Цагдаагийн ерөнхий газар мөрдөн байцаах ажиллагаанд ашиглахаар “гяндан” сандлыг БНХАУ-аас оруулж ирсэнээс ихээхэн шүүмжлэлд өртөөд буй юм.
Тус сандалыг ЦЕГ-ын дарга, бригадын генерал Т.Билэгтийн шийдвэрээр цагдаагийн байгууллагын нэгжүүдэд тараасан гэх мэдээлэл байгаа юм. Хүний эрхийн үндэсний комиссоос Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд албан тоот илгээж, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” олон улсын конвенцоор хүлээсэн үүргийн хүрээнд дээрх тусгай сандлыг эргүүлэн татах арга хэмжээ авна уу” хэмээн хүсэлт тавьсан. Иймээс дээрх сандалуудыг буцаан татаж эхэлсэн.
Дээрх “гяндан” сандалыг тараасантай холбоотойгоор өчигдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тушаалаар ЦЕГ-ын дэд дарга Ш.Ганболдыг ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг “Цагдаагийн байгууллагын бүх нэгжүүдэд тараасан тусгай зориулалтын уг сандал нь эрүүдэн шүүх, хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох хэлбэр мөн болох тухай, түүнчлэн цаашид үүсэх эрсдлийн талаар үндэслэл бүхий шаардлагыг Монгол Улсын ХЭҮК-оос ирүүлсээр байтал таслан зогсоох арга хэмжээ аваагүй, хүний эрхийг тууштай хамгаалах чиглэлээр Хууль зүйн яамнаас баримталж байгаа үүрэг чиглэлийг хэрэгжүүлээгүй” хэмээн үндэс болгожээ.
ЦЕГ-ын дарга Билэгтэд хариуцлага тооцох тухай яригдаж байгаа ч өөрийн хүнээ АН-ынхан авч үлдсэн байна.
Т.Түвшин
Ugluu.mn