Н.Удвал: Би намын эрх ашгаас үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьж байна

880Эрүүл мэндийн сайд асан, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Н.Удвалтай ярилцлаа.

-Н.Алтанхуягийн Засгийн газар огцроод, та Эрүүл мэндийн сайдын ажлаа өгөөд жил болжээ. Энэ хугацаанд та яагаад чимээгүй байв, юу хийв?

-Шинэчлэлийн Засгийн газарт ажилласан, МАХН-ыг сэргээн байгуулж, улс төрийн үйл ажиллагаанд оролцсон миний замнал надад маш их сургамжийг өгсөн. Ямар сургамж вэ гэхээр энэ байдлаараа бид цаашаа явж болохгүй юм байна. Эрүүл мэндийн сайд байхдаа л эв эеийг яаж тогтоох вэ гэдгийг боддог байсан. Сайдын ажлаа өгсний дараа “Эвийн хэрэм” гэдэг үндэсний хөдөлгөөн байгуулсан л даа. “Эвийн хэрэм” гэдэг маань ард түмнийг эв нэгдэлтэй болгоё гэсэн гол санааг агуулж байгаа юм. Үндэсний эв нэгдэл, ард түмний эвлэрлийг бий болгоё оо гэж. Үндэсний хөдөлгөөнийг байгуулсныхаа дараа Монгол төрийн үндэсний онол, эв эеийн эш үзэл буюу шударга журмын онолыг боловсрууллаа. Энэ онол хэдэн эрдэмтдийн онол байж болохгүй юм. Онолын зүйл анги бүрээр тухайн чиглэл бүрээр судалдаг эрдэмтдийн санаа оноог тусгаж, Монголын оюун санааны охийг шингээхийг гол зорилгоо болгосон юм. Эрдэмтдийн онолыг бүрэн тусгасныхаа дараа “Эв судар” гэдэг ном болгож гаргаад Монгол айл бүрт байх ном болгох зорилго тавин ажиллаж байна. Бидний дэвшүүлээд буй энэ үзэл дотор “Эвийн хөтөлбөр” гэж бий. Үүн дотроо хямралыг давах 10 жорийг боловсруулж, үндэсний хэмжээний аян болгон энэ сарын 27 буюу маргааш Тусгаар тогтнолын талбай дээр нээлт хийх гэж байна. Ард түмэн хямралыг хэрхэн давж гарах вэ гэдэг жорийг олон нийтдээ танилцуулах гэж байгаа юм. Аян “Зүдэрсэнд нь зүтгэж хүрье, зовсонд нь зорьж хүрье” гэсэн уриатай. Өнөөдөр зовоогүй, зүдрээгүй хүн Монголд алга байна шүү дээ. Бид эхний ээлжинд 10 жороо олон нийтдээ танилцуулах гэж байна.

-Таны санаачилсан энэ хөтөлбөрийг хүмүүс хэр хүлээж авч байх шиг байна. Эхний ээлжинд хүмүүст танилцуулав уу?

-Би өнгөрсөн хугацаанд их, дээд сургуулиудаар лекц уншлаа. Мөн клуб, олон нийтийн газар хөтөлбөрийнхөө үзэл санааг танилцуулсан. Тэгэхэд хүмүүс маш их дэмжиж байсан. Өнөөдрийн нөхцөл байдалд ард түмнийг аврах арга энэ л байна, та бүхнийг дэмжиж байна, хамтаръя гэж хэлж байсан л даа. Бид онолоо бүрэн гаргаагүй учир хүмүүсийг үүнд оролцуулах боломжгүй байсан. Иймд эхний ээлжинд онолоо гаргачихаад олон нийтэд танилцуулъя гэж шийдсэн.

-Та МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн. Тиймээс таны санаачилсан энэ хөтөлбөрийг яах аргагүй МАХН-тай холбож ойлгохоос аргагүй болоод байна л даа. “Эв эеийн эш үзэл” үнэхээр МАХН-тай холбоогүй юу?

-Энэ хөтөлбөрийг МАХН-ынх гэж хэлэх хүмүүс ч байна. МАХН-ын өөрийн үзэл баримтлал социал демократ шүү дээ. Бидний дэвшүүлж буй үзэл бол үндэсний үзэл юм. Улс төрийн намын үзэл нэг өөр, үндэсний Монгол төрийн үзэл бол бас нэг өөр юм. Одоогоор бидний яриад буй үзэл МАХН-тай холбогдчихсон юм алга.

-Улс төрийн намууд юун түрүүнд үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллах ёстой. Гэвч өнөөдөр бүрэн утгаараа ингэж ажиллаж чадахгүй байгаа нь нууц биш. -Ийм нөхцөлд улс төрийн намуудтай та хэрхэн ойлголцож, хамтарч ажиллахаар төлөвлөөд байна вэ?

-Улс төрийн намуудад эвийн хөтөлбөрөө танилцуулая гэж тест хийлээ. Эхлээд гурван нам хөтөлбөртэй ИЗНН, Хамаг Монгол нам, МҮАН гурав танилцсан. Энэхүү хөтөлбөрөө бусад намуудад ч танилцуулна. Яагаад гэвэл Монгол төрийн үндэсний үзэл юм шүү дээ.

-Хөтөлбөртэй танилцсан гурван намын хувьд ямар байр суурийг илэрхийлж байх юм бэ?

-Эвийн хөтөлбөрийн ерөнхий танилцуулгыг хийхэд эдгээр намууд дэмжсэн. Намуудын ерөнхий хандлага их эерэг байгаа шүү. Эвийн тестийг АН, МАН-д танилцуулахаар намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга нартай нь уулзах гэсэн боловч одоогоор уулзаж чадаагүй л явна. МАХН-ын хувьд танилцуулгыг авсан байгаа.

-Сайдынхаа ажлыг өгснийхөө дараа “Эвийн хөтөлбөр” гэх томоохон ажлыг эхлүүлжээ. Энэ ажлаа хийгээд явахдаа та намынхаа ажлаас хэсэг хөндийрөв үү. Намынхаа үйл ажиллагаанд оролцохгүй, харагдахгүй байх шиг байсан?

-Намын ажлаасаа хөндийрсөн юм байхгүй л дээ. Би МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн. Гүйцэтгэх товчооны гишүүн хүн намын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод байдаггүй юм. Бодлогын шийдвэр гаргах хуралд оролцдог. Тийм учраас Гүйцэтгэх товчооны гишүүний хувьд намынхаа үйл ажиллагаанд оролцоод явж байна. Түүнээс биш намаасаа хөндийрсөн зүйл байхгүй.

-Өөрийн санаачилсан үндэсний үзлийнхээ талаар намынхаа дарга Н.Энхбаяртай уулзаж ярилцсан уу?

-Ийм ажил хийх гэж байгаа гэдгээ ерөнхийд нь танилцуулсан. Яг бүрэн болгочихсон, онол үзэл баримтлалаа танилцуулж амжаагүй л байна.

-Үүнийг танай намынхан хэрхэн хүлээж авч, дэмжиж байх юм?

-Буруу ойлголттой хүмүүс бас бий. Гэхдээ энэ ойлголтыг засаж, цааш нь ойлгоод дэмжээд явна гэдэгт итгэлтэй байна. Санаачилсан энэ хөтөлбөрөө, үндэсний үзлээ танилцуулаад ирэхээр ойлгоно.

-Таныг хэсэг чимээгүй байж байгаад үндэсний үзлийн талаар яриад гараад ирэхээр гайхаж хүлээж авах хүмүүс бишгүй гарах байх. МАХН-аасаа тусдаа ийм санаачилгыг гаргахаар таныг намаасаа гарах гэж байгаа юм болов уу гэсэн асуулт ч гарч ирнэ. Та үүнд ямар хариулт хэлэх бол?

-Манай намынхан харин ч баярлаж хүлээж авах байх гэж бодоод байгаа шүү дээ. Манай намын гишүүн ийм санаачилга гаргажээ гээд ярих байх гэж ойлгож байгаа. Танай сайтаар дамжуулаад намынхаа удирдлагуудад талархал илэрхийлье. Намайг нам төрийн ажлаас хэсэг хугацаанд чөлөөлөөгүй бол би ийм том онол гаргаж чадахгүй байсан.

-Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэр ахиц гарсан гэж харж байна вэ. Таны энэ салбарыг авч явсантай харьцуулж харвал?

-Эрүүл мэндийн салбар миний хийсэн ажлын энерциэр л явсан гэж харж байгаа. Бид маш сайн суурь тавьж чадсан. Түүнээс биш шинэ сайд гарч ирээд дорвитой ажил хийсэн гэж бодохгүй байна. Нэг жилийн хугацаанд, мэргэжлийн бус хүн ажил хийе гээд ч томоохон ажлыг хийх боломжгүй л дээ.

-Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба их хэмжээний авлигын асуудалд холбогдож, хоригдоод байгааг та мэдэж байгаа байх. Танд тодорхой мэдээлэл байна уу?

-Би гайхаад л байж байна. Миний хувьд хэвлэл мэдээллээр гарсан л мэдээлэлтэй байна. Өөртэй нь ч уулзсан юм алга. Намд ч мөн бодитой мэдээлэл байхгүй гэж бодож байгаа. Шийлэгдамба хувь хүний хувьд томоотой, их дажгүй шүү дээ. Юу болсныг нь мэдэхгүй болохоор тийм ийм гээд ярьж болохгүй юм.

-МАХН дараагийн Эрүүл мэнд, спортын сайдыг томилох учиртай. Энэ талаар нам дотроо ярилцаж байна уу?

-Одоогоор энэ талаар яриагүй байна. Өмнөх хүний маань асуудал шийдэгдээгүй байгаа учраас.

-Г.Шийлэгдамба сайд нэгэнт ажлаа хүлээлгээд өгчихсөн болохоор дараагийн сайдын асуудал яригдах байх л даа. Магадгүй та эргээд Эрүүл мэнд, спортын сайд болох уу?

-Хэнийг сайд болгох асуудал яригдаагүй байна. Миний хувьд сайд болох бодолгүй байгаа. Эвийн хөтөлбөр, онолоо гаргаад их ажилтай байгаа учраас төрийн албанд ажиллах боломжгүй байгаа л даа. Одоогийн хийж байгаа ажил маань бүдгэрчихэж магадгүй болохоор тэр.

-Эдийн засгийн хямралаас гаргана гэж байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын танхим хэр үр дүнтэй ажилласан гэж та дүгнэх вэ?

-Эдийн засгийн хямрал гэж бид олон жил ярилаа. Гэтэл үүнээс гарах арга замыг аль ч нам, эвсэл олж чадахгүй байна. Асуудлаа оношлоогүй учраас арга замаа зөв тодорхойлоод явж чадахгүй байгаа юм. Иймээс л тодорхой өөрчлөлтийг хийж чадахгүй байна, ярьж байсан шигээ ажиллаж чадахгүй байна. Н.Алтанхуягийн Засгийн газар болохгүй байна, бид сайхан болгоно гээд байсан. Гэтэл өмнөх Засгийн газраасаа харамсалтай нь бүр дордуулчихлаа.

-Н.Алтанхуяг Ерөнхий сайдтай энэ танхим хэр ажилласан гэж та боддог вэ?

-Ерөнхий сайд биднийг шүүсэлж өгсөн шүү дээ. Бид үнэхээр их ажилласан. Ажил явуулахад үр дүн гарах хугацаа, янз бүрийн шалтгаан байдаг л даа. Гэхдээ Н.Алтанхуягийн Засгийн газар муу ажиллалаа гэж огцроогүй. Гагцхүү огцруулах хүчин зүйлүүд байсан юм.

-Улс төрийн нөхцөл байдал нэлээд халуун уур амьсгалтай болж байна. Ялангуяа жилийнхээ ойтой золгоод байгаа Ч.Сайханбилэгийн танхимыг огцруулах ёстой гэж гишүүд яриад эхэлж. Та эдгээр гишүүдтэй санал нийлж байгаа юу?

-Засгийн газар огцорсон ч, огцроогүй ч адилхан. Юу ч өөрчлөгдөхгүй. Одоогийн Засгийн газрын үед Оюутолгой, Тавантолгойн асуудал бий. Үүнийг хэн авах вэ, хэний эрх ашгийн талд шийдвэр гаргах вэ гэдэг асуудал л байна. “Гурван ноёныг зэрэг бүү засаглуул” гэдэг дээ. Хэнийг хэнээр ч өөрчлөөд ялгаа гарахгүй.

-Засаглалын тогтвортой байдлыг шийдвэрлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг яриад байгаа шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлттэй санал нийлж байна уу?

-Засгийн газар тогтворгүй байгаад байгаа нь Үндсэн хуультай холбоогүй. Харин энэ бол эрх ашиг, эд баялгийн зөрчилтэй л холбоотой. Эдийн засгийн нөхцөл байдал ч мөн Үндсэн хуулиас болсон юм байхгүй. Гол нь бид Үндсэн хуулиа хэрэгжүүлж чадаагүйд байна. Хуулийн үндсэн зарчим улс төрийн намуудаас болж гажчихаад байгаа болохоос биш муудаа өөрчлөлт оруулах хэмжээнд хүрчихээд байгаа юм биш. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно. Гэхдээ хэн нэгний эрх ашгийн төлөө биш шүү. Ингээд ирвэл ашиг сонирхлын зөрчилтэй л болчих юм. Батлагдаж буй хуулиуд ийм байдлаар л батлагдаад явж байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөд 99 гишүүнтэй байх, таван жилээр сонгогддог, Ерөнхийлөгчийн Их хурлаас томилдог гэхчлэн томоохон хэмжээний өөрчлөлтийг оруулахаар төсөл боловсруулагдсан. Энэ парламент эх хуульдаа өөрчлөлт оруулж чадах болов уу?

-Тоо нь 76 болоод л муу ажиллаад байгаа юм биш. Ирэх зам нь булингартай бол явах зам нь саадтай байдаг. Үүнтэй л адил юм. Төр байгуулж байгаа арга нь мөнгөөр, будилаантай болчихож байгаад учир байна. Эхнийх нь мөнгөөр ороод ирчихдэг болохоор дараагийнх нь бас тэр замаар л яваад байгаа юм. Намууд дотроо эв нэгдэлтэй байж чадахгүй байж яаж улс орныг эв нэгдэлтэй авч явах юм бэ. Тогтолцооны гажуудал нь улс төрийн намуудад байгаа. Намууд өөрийн үнэт зүйл, эв нэгдэл дээрээ анхаарч байж л байдал өөрчлөгдөж эхэлнэ.

-Улс төрийн намуудад эвийн хөтөлбөрөө хэрхэн ойлгуулах вэ. Ойлгож чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Ойлгуулах л болно. Лекц уншина, хөтөлбөрөө танилцуулна. Уулзана, ярилцана. Яахав бүх хүн бүрэн төгс ойлгоно гэж байхгүй л дээ. Ойлгохыг хүсэхгүй байгаад нь ойлгож чадахгүй байх.

-УИХ-аар Сонгуулийн дөрвөн хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Таны хувьд хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа юу?

-Манай нам томосгосон ганц тойрогтой байя гэдгийг боловсруулж, төслөө өргөн барьсан. Үүнийг Гүйцэтгэх товчоогоороо хэлэлцээд явуулсан. Хувь улстөрчийн хувьд сонгууль ямар ч тогтолцоогоор явж болно. Гол нь сонгууль л шударга явагдах ёстой. Үүнд л гол учир байгаа юм. Сонгууль бол төр засгийг шударгаар байгуулах арга хэрэгсэл байхаа больсон гэж боддог.

-Таны хувьд ирэх сонгуульд намаасаа нэр дэвших үү?

-Би одоогоор сонгуулийн тухай бодоогүй байна. Улс төрийн намууд сонгуулиас сонгуулийн хооронд ард түмнийг яаж хуурахав, дараагийн сонгуульд яаж гарах вэ гэдгээ л боддог. Энэ бол маш буруу юм. Улс төрийн намууд өөрсдийн алдаагаа засвал сонгууль шударга явагдана гэдэгт итгэдэг. Ингэж явж чадахгүй бол байраа тавьж өгөх хэрэгтэй.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр нутагтаа ирээд, улс төр, намынхаа үйл ажиллагаанд гар бие оролцож байгаа. Ялангуяа Өршөөлийн тухай хуулийг батлах асуудлаар. Гэвч Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьснаар авлига, албан тушаалын хэрэгт холбогдогсод өршөөгдөхөө больсон нь МАХН-ын даргын уурыг хүргэсэн гэх юм билээ?

-Би Их хурлын гишүүн биш учраас надад тийм зүйл санагдаагүй. Өршөөлийн хуулийг харахад Н.Энхбаяр даргатай шууд хамааралтай гэж бодохгүй байна. Өршөөлд хамрагдагчид “би ийм хэрэг хийсэн учир намайг өршөөгөөд өгөөч” гэж хандах юм билээ. Тэгэхээр энэ хууль намын даргатай холбоотой биш болов уу.

-Таныг намаасаа холдож, хэсэг чимээгүй байсан нь намын даргатайгаа түнжин хагарсан гэж харагдаад байх юм. Үгүй юу?

-Энэ ажлыг хийгээд явахаар хүмүүс тэгэж хараад байх шиг байна. Би намын эрх ашгаас илүү үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавиад байгаа юм. Би иргэн хүнийхээ үүргийг биелүүлж, ийм сонголт хийгээд явж байна. Намаасаа холдож байна гээд янз бүрээр л ярих юм.

-Тэгэхээр намын даргатайгаа түнжин хагарсан зүйл байхгүй юм байна, тийм үү?

-Юундаа түнжин хагарахав дээ.

-Таны дэвшүүлээд байгаа хөтөлбөрийг намын дарга чинь дэмжихгүй бол та намаасаа гарах уу?

-Дэмжихгүй байх үндэслэл байхгүй. Эвтэй байя гэхэд “үгүй ээ” гэх улс төрийн хүчин байхгүй шүү дээ.

-Эвийн хөтөлбөрийн хүрээнд “хямралыг хамтдаа давъя-монгол жор” аяны нээлтийг маргааш хэрхэн хийх гэж байна вэ?

-Би дуу зохиосон юм. Эвийн дуу гэж. Зохиолчид дууны утга санааг хэлсэн ч, миний санаа гарахгүй байсан болохоор би өөрөө бичсэн. Чингис хаанд тоглосон Энхтайван аяыг нь зохиосон. Энэ арга хэмжээнийхээ нээлтийн үеэр дууныхаа нээлтийг ч мөн хийхээр төлөвлөөд байгаа. Дуу маань их гоё үгтэй. Тухайлбал,

Өүлэн эхийн бүүвэйг сонсож

Өн эртний түүхийг чагная

Хаан эцгийн онгодыг сэрээж

Хас төрийн түүхийг сөхье

Эзэн Чингисийн нэгтгэсэн

Эвийн хүчийг бишрэн дуулъя…гэж байгаа юм. Бид эв нэгдлийн үнэт зүйлсээ бүгдийг нь тодорхойлчихсон. Одоо ард түмнээ нэгтгэх хэрэгтэй байна. Эхлээд бид зовлон дээрээ нэгдэе. Хямралыг хамтдаа давъя гэдэг арга хэмжээг бид зохион байгуулах гэж байна. Ингэхийн тулд хямралыг давах 10 жорыг олон нийтдээ танилцуулна. Тусгаар тогтнолын талбайд маргааш 11 цагт энэ арга хэмжээгээ хийнэ. Сонирхож буй хүн бүр ирэх боломжтой шүү. 10 жороосоо дурьдвал, уушгаа утаанаас цэвэрлэх жор гэж бий. Ийм утаатай орчинд амьдрах нь хүмүүсийн эрүүл мэндэд хортой. Иймд үүнээс сэргийлэхийн тулд сард нэг удаа уушгаа цэвэрлэе, утаатай улирал маск зүүе гэх мэтчлэн оруулж өгсөн. Энэ мэтчилэн 10 жор бий. Эдгээрийг хүмүүсдээ танилцуулна даа.

Ц.Энхцэцэг

Эх сурвалж: tsenzurgui.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …