НИТХ-аас “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам”-ыг баталсан билээ. Энэхүү журмаар барилга угсралтын үйл ажиллагааны үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, барилгын орчин дахь нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг хангах, сургалт зааварчилгаа өгөх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах юм. Журмын талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон холбогдох албаныхан нээлттэй мэдээлэл өглөө.
Журамд захиалагч болон гүйцэтгэгч, ажил олгогч болон ажиллагсадын хооронд хийх хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах гэрээг ямар зарчмаар хэрхэн хийх, барилга угсралтын ажил хийх газар анхааруулах тэмдэг тэмдэглэгээ хийх, үйлдвэрлэлийн хашааны стандартыг тодорхой зааснаас гадна барилга угсралтын ажлын талбайн орчныг камержуулсан байх зэрэг шаардлагыг нарийн тусгасан юм. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Журмын хамгийн чухал нь захиалагч, барилга угсралтын ажлын үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, барилгын орчин дахь нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлын талаарх аливаа арга хэмжээний санхүүжилтийг бүрэн хариуцахаар тусгасан явдал” гэдгийг онцоллоо. Журмыг хэрэгжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 6-р сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байгаа юм байна. Нийслэлийн удирдлагууд зөвшөөрөлгүй эхэлсэн болон зөвшөөрлийн зөрчилтэй барилгыг цэгцлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хатуу мөрдүүлэх үүднээс “Барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам”-ыг боловсруулан баталж, ослын тоог бууруулахад анхаарч ажиллаж байгаа юм. Журам гарсантай холбоотойгоор барилгын ослын тоо өмнөх жилийнхтэй харьцуулахад харьцангуй буурсан гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Ц.Энхсайхан хэлсэн юм. Тодруулбал, өнгөрсөн оны мөн үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас барилгын 36 осол гарч, ослын улмаас 18 хүн харамсалтайгаар амь насаа алдсан бол энэ оны хагас жилийн байдлаар барилгын 9 осол гарснаас 4 хүн нас баржээ.
Мөн нийслэлээс барилгын зөвшөөрөл олгох ажлыг хөнгөвчлөн 21-30 хоногт багтаан шийдвэрлэдэг болсон. Оны эхний хагаст нийт 800 гаруй барилга барих, эхлүүлэхтэй холбоотой өргөдөл, санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ. Гэсэн хэдий ч зуны амралт, баяр наадмыг далимдуулан санаатай болон санамсаргүйгээр зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлэх явдал гарч байгаа учраас нийслэлийн удирдлагын зөвлөлөөс зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн, удаа дараа хууль тогтоомж, норм, дүрэм зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хариуцлага тооцох, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх бүхий “Ажлын хэсэг”-ийг байгуулжээ. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ахалж байгаа юм. Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр нийслэлд албан ёсны зөвшөөрөл аваагүй баригдаж эхэлсэн барилгын талаарх мэдээллийг мөн өглөө.
“Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын өгсөн мэдээллээр зөвшөөрлийн зөрчилтэй 36 барилга байна. Мөн “Улаанбаатар Дулаан түгээх сүлжээ”-ээс техникийн нөхцлөө аваагүй 88 барилга, “Цахилгаан дамжуулах сүлжээ” ХК-иас техникийн нөхцөл аваагүй 51 барилга баригдаж эхэлсэн байна. Эдгээр барилгуудын зөрчлийг арилгахад хяналт тавьж хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллана гэж нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох мэдээ
Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …