Хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлэхийн оронд “ЗАЙЛ” гэж байна

1626968565d86864714762Хаалгаар нь оруут өмнөөс эртний музейн үзмэр лугаа уран зургийн бүтээлүүд, сүрлэн наамлууд угтах тийм тансаг орчин бол Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв. Монголын багш нарын баярын өдөрт зориулсан үзэсгэлэнгийн үзвэрүүд, сүрлэн наамлууд энэ төвийн нэг давхрын баруун, зүүн жигүүрт одоо ч өлгөөтэй байх. Тэдгээр бүтээлүүдийн хамгийн хуучин нь 27 жилийн өмнөх бөгөөд өнгөрсөн хаврын төгсөлтийнхөн сургуульдаа хийж үлдээсэн 80 орчим бүтээл ч байна. Хаанаасаа халгач нь гэгчээр дугуйлангийн багш нараасаа үүдний жижүүр нь хүртэл бүтээлүүдийн нэгийг нь ч алгасалгүй энэ тэдэн оны, тийм нэртэй хүний бүтээл гээд нэр заан тайлбарлах.

8387363565d8694af01b34

Монголдоо ганц Хүүхдийн урлан бүтээх төвийн өглөөний ээлжийн дугуйлангийн сурагчид хичээллэж завсарлаад байхтай бид тарлаа. Хэдийгээр завсарлагааны цаг ч гэсэн дугуйлангийн сурагчид өөрсдийн бүтээлээ хийн ангидаа сууцгаах. Багш орж ирээд “За хүүхдүүдээ одоо тар тар. Дараагийн ээлжийнхэн ирчихлээ. Маргааш ирээд гүйцээчих” гэвэл дугуйлангийн сурагчид ихэд дурамжхан, хийж байгаагаа дуусгахаар мэрийнэ. Өглөөний ээлжинд ахлах ангийн сурагчид хамрагддаг бол өдрийн ээлжинд 2-7 дугаар ангийнхан суралцдаг аж. Өнөөдрийн байдлаар тус төвд 16 төрлийн 23 дугуйлан хичээллэж 2-12 дугаар ангийн 1415 хүүхэд үнэ төлбөргүй суралцаж,  авьяасаа хөгжүүлэн, урлагийн бүтээлүүдийг багшийнхаа удирдлага, зааврын дагуу бүтээж байна.

4059576565d8686ace9f63

Хүүхдийг мэргэжлийн чиг баримжаатай болгож тодорхой түвшний мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэн өөрийн орны болон дэлхийн урлаг, соёлын өв уламжлал, шинжлэх ухаан, техникийн орчин үеийн дэвшилтэт технологид  суурилсан гар урлал, техникийн, оюуны бүтээл туурвих хүсэл эрмэлзэл, чадварыг суулган, хүүхдийн хүсэл сонирхолд нийцүүлэн авъяасыг нь хөгжүүлэх эрхэм зорилготой Хүүхдийн Урлан Бүтээх Төв тэртээ 1988 оны есдүгээр сарын 01 –ний өдөр БНМАУ –ын сайд нарын зөвлөлийн 216–р тогтоолоор “Пионер сурагчдын сургалт үйлдвэрлэлийн төв” нэртэйгээр тулгын чулуугаа тавьж, өргөн үүдээ нээсэн түүхтэй. 1993 онд өдгөөгийн нэрээ олж, олон арван хүүхдүүдийг амьдралын замд нь хөтөлсөн авьяас, ур бүтээлийн их уурхай болсон эрдмийн, эрднийн, урлагийн их өргөө юм.

5604266565d86871fd2544

27 жил зөвхөн хүүхэд багачуудын авьяасыг нээн хөгжүүлэхийн төлөө хамт олноороо зүтгэсэн энэ байгууллагыг нийслэлийн өмч хувьчлалын 2016 оны жагсаалтад бүртгэсэн нь тус төвд сурдаг хүүхдүүдээр зогсохгүй нийт хүүхэд багачуудыг эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болоод байгаа юм. Уг байгууллагыг хувьчлахтай холбоотойгоор Хүүхдийн урлан бүтээх төвийн хамт олон эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, нийгмийн ажилтан  н.Энхтуяа “Төрийн хийх ёстой ажлыг манай байгууллага 27 жил нэр төртэй гүйцэтгэж, олон арван шилдэг төгсөгчдийг зах зээлд нийлүүлэн, ажил, амьдралтай нь залгуулж өгсөн. Үүний хариуд төр биднийг дорд үзэн, хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, авьяас билиг, цагаахан инээд, итгэл найдварыг бодлогоор устгаж байна. Энэ эрдмийн өргөөг үүсгэн байгуулсан эрхэм хүн, захирал маань бурхны оронд очоод сар гаруйхан болж байна. Чоно борооноор гэгчээр шийдвэр гаргах удирдах албан тушаалтанг эзгүй хойгуур Нийслэлийн ИТХ–аас ийм шийдвэр гаргасан нь маш харгис, бүдүүлэг үйл явдал болж байна” хэмээсэн бол сийлбэрийн багш Г.Эрдэнэбаяр “Би энэ байгууллагад 15 орчим жил багшилж, олон шавь бэлтгэлээ. Энэ бол миний амжилт бус хүүхдүүдийн мөрөөдөл биелж байгаагийн нэг жишээ. Энэ газраас амьдралынхаа гарааг эхлүүлсэн төрийн яамны сайд, эмч, алдартай зохион бүтээгч зэрэг олон хүмүүс байна. Өнөө цагт Монголын нэрийг дэлхийд гайхуулах авьяастнууд мөн бэлтгэгдэж байна. За яахав энэ байшинг хувьд шилжүүллээ гэж бодъё. Энд сурч байгаа 1400 гаруй хүүхдийг хаана оч гээв. Тэдний авьяасыг өөр ямар газар нээн хөгжүүл гээв. Энэ олон хүүхдүүдийн ур ухаан, авьяас билгээр бүтсэн гайхамшигт бүтээлүүдийг хаана агуул гээв. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг Хүүхдийн эрхийн конвенцийн заалтыг НИТХ-ын дарга Д.Баттулга, Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс илт зөрчиж байна” хэмээн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дүргүйцлээ илэрхийлсэн юм.

1646186565d86952145f25

Хувьчлалын сураг дуулсан Урлан бүтээх төвийнхөн одоо ид энэ сэдвээр ярьцгааж байна. Төвийн үүдэнд хэсэг хүмүүс ярилцаж суугаатай таарвал “Хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчиж байна. Монголд ганц байдаг энэ төвөө өргөтгөж, өнгө үзэмжийг нь сайжруулж, төсөв санхүүг нь нэмж, салбар байгуулж дэмжих ёстой байтал хувьчилна гээд сууж байх гэж. Өөрийнх нь хүүхдүүд тусгай хөтөлбөртэй, үнэтэй хувийн сургуульд сурдаг, энгийн, ядуу бор амьдралтай айлын хүүхдүүд болохоор үнэ төлбөргүйгээр сурч, хөгжиж болдоггүй юм байна л даа” хэмээн ярилцах. Тэд бол тус байгууллагын жижүүр, эцэг эхчүүдийн төлөөлөл байлаа.

7297070565d8687940f345

Нийслэлийн 2016 оны өмч хувьчлалд Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг оруулсан тухай мэдээллийг тус байгууллагынхан TB9  телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгээр яригдаж байхыг анх олж сонсоод энэ талаар байгууллага дотроо  ярилцаж, ажлын хэсэг гарган эсэргүүцлээ илэрхийлэхээр болжээ. “Нийслэлийн ИТХ–ын ээлжит хуралдаанаар 2015 оны арваннэгдүгээр сарын 30 –ны өдөр 2016 оны нийслэлийн өмч хувьчлалын нэрийн жагсаалтад оруулчихлаа. Бидэнд урьдчилан мэдэгдэлгүйгээр, албан бичиг ирүүлэлгүйгээр шууд дур мэдэн шийдчихлээ. Үүнийг манай байгууллагын 49 багш ажилчин, 1400 гаруй сурагч, тэдний эцэг эхчүүд хүчтэй эсэргүүцэж байна. Тэмцлийн ямар л хэлбэр байна, тэр болгоноор эсэргүүцлээ илэрхийлнэ. Бид байгууллага дотроо ажлын хэсэг гаргаад, сурагчид болон ажилчдынхаа гарын үсгийг цуглуулан нийслэлийн удирдлагуудад хүсэлт хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Тав хонолоо. Таг чиг. Хүүхдийн язгуур эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Үндсэн хуулиа ч мөн зөрчиж байна. Хуулийг уландаа гишгэж, улайран дайрч байгаа нь цаанаа ямар учиртай нь сонин байна. Ямартай ч бид урлангийн байрыг хувьд шилжүүлэхийг хэрхэвч зөвшөөрөхгүй гэсэн хатуу барй суурьтай байгаа” гэсэн юм.

6983480565d86931f8e601

Урлан бүтээх төвийн хоёрдугаар давхрын ханаар дүүрэн өлгөсөн сүрлэн урлалыг сонирхон явах зуураа тус мэргэжлийн багш Р.Энхбаяртай таарч, мөнөөх асуудлын талаар ярилцлаа. Тэрээр сүрлэн наамлыг хэрхэн бүтээдэг тухайгаа энэхүү асуудалтай холбон сонирхолтой өгүүлсэн юм. “Монголд сүрлэн наамлын урлаг энэ төвөөс л хөгжиж эхэлсэн. Би энэ байгууллагад 22 жил ажиллахдаа 1100 гаруй шавь бэлтгэн гаргасан байна. Ганцхан энэ мэргэжлээр л гэхэд ийм байна. төр засгаас хүүхдийн авьяасыг нээж хөгжүүлэхэд яаж анхаарсан юм. Хүүхдийн төлөө “ЗА” гэхийн оронд “Зайл” гэсэн хандлага л  гаргаж байна. Энд  сүрлээр хийсэн бүх бүтээлүүд хадгалагдаж байна. Энэ бол миний юм биш. Монгол Улсын оюун санааны баялаг шүү дээ. Сүрлээр хэрхэн бүтээл хийдэг дарааллыг би ярьж өгье. Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Хонгорын сангийн аж ахуй”-гаас намар тариа хураалт дууссаны дараа явж сүрлээ хурааж ирнэ. Хураасан сүрлээ ялгаж цэвэрлээд, чанана. Чанасныхаа дараа будганд оруулна. Түүнийгээ индүүднэ. Сийлбэрийн хутгаар зүснэ. Эх зургийн дагуу өнгө өнгөөр наана. Эцэст нь бүтээл бэлэн болно. Энэ бол маш их хөдөлмөр. Удаан хугацаа шаардагдана. Ийм олон шат дамжлага дамжиж байж бий болдог бүтээлүүдийг маань үгүй хийх гэж байна. Хатуухан хэлэхэд Монголын төр ирээдүй рүүгээ нулимж байна. Өчнөөн сар жил, төчнөөн олон шавь нарын минь бүтээлийг үнэгүйдүүлж байгаа нь харамсалтай. Яг үнэндээ бол энэ байгууллагыг хувьд шилжүүлбэл гудманд амьдардаг, золбин хүүхдийн тоо л нэмэгдэнэ шүү” гэв.

3253034565d8693c7d5e32

Тэрээр хоёр давхар ногоон цоохор байшингийн дотор ханан дахь сүрлэн наамлын бүтээлүүдийг их барьж авсан хүний нэг нь аж. Багшийн өгсөн даалгаврыг онц биелүүлж ирсэн охин бол 39 дүгээр сургуулийн 5 дугаар ангийн сурагч Г.Нандин-Эрдэнэ. Мөн тус ангид сүрлийг индүүдэж, бүтээлээ хийх гэж буй сурагч бол  61 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн сурагч Ц.Эрдэнэмандал юм. Тэд энэ жилээс сүрлэн урлалын ангид бүртгүүлэн хичээллэж байгаа гэнэ. Энэ мэт тус дугуйлангийн сурагчид ар араасаа цувран ирж хичээлдээ орлоо.

5639217565d86943cf9c73

Урлан бүтээх төвийг нь хувьчлах гэж байгаа тухай сурагчид ч бас дуулжээ. Тэд ч бас үгээ хэлэхийг хүслээ. “Бидний авьяасыг үнэгүйдүүлж байна. Хэрэв төв маань хувьд шилжчихвэл бид хаана, ямар газар дугуйландаа сууж, бүтээлээ хийх вэ. Та бүхэн төвийг маань хувьчлахын оронд бидний хийсэн бүтээлийг ирж үзээч ээ ” гэв.

 Хүүхдийн дуу цуурайтаж, шинэ бүтээл олноор төрж, гайхамшигт өв түгэн дэлгэрч буй энэ өргөө цаанаа нэг хүүхдүүдтэй холбогдсон хувь ерөөлтэй юм. Хүүхдийнхээ гараас хөтлөсөн эцэг эхчүүд өнөөдөр юу хийсэн бэ, маргааш ямар бүтээл хийх вэ хэмээн хүүхдээсээ асуун зарим нь гарч байхад зарим нь зөрөөд орж ирэх.

Сайхан амарсан уу багшаа хэмээн мэндэлсээр ангидаа орж, бүтээлээ хийн, зүрх сэтгэлээ мөрөөдөлдөө шигтгэн, зургаа зурж, оёдлоо мэтгэж, сүрлээ сүлжиж, хайчилбараа хайчилж сууна тэд. Хүүхдүүдийн авьяасаар бялхаж, тэдний авьяасыг хөгжүүлж буй энэ газрыг хувьчлах шийдвэрээ эргэн харж, тэднийг дэмжсэн бодлого боловсруулаасай гэж авьяаслаг хүүхдүүдийн өмнөөс чин сэтгэлээсээ хүсч байна.

6400994565d86859473091

Монголын төр ирээдүйгээсээ хоёр давхар байшин харамлаж байгаа бол Монголын ирээдүй гудамжинд амьдарч, эх орноо гэх сэтгэл үгүй болно гэдгийг ард иргэд, тэдний ажилчид, үе үеийн төгсөгчид нь хэлж байна. Бодох л асуудал…

Зоригтын Батхуяг

эх сурвалж: newscom.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …