Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 11 дүгээр хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 02-ний өдөр хуралдлаа. Ирвэл зохих 30 төлөөлөгчөөс 29 төлөөлөгч ирж, 96,6 хувийн ирцтэйгээр нээсэн юм.
ТАВАН ТӨЛӨӨЛӨГЧ
БҮРЭН ЭРХЭЭ БАТАЛГААЖУУЛЛАА
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 11 дүгээр хуралдааны эхэнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийг сонгох 7, 13, Өргөө багуудын нөхөн сонгуулийн дүнг Сонгуулийн хорооны дарга Ж.Ганболд танилцууллаа. Улмаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийг сонгох Дархан сумын 7, 13, Өргөө багуудын нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Д.Амарсанаа, Э.Азжаргал, Б.Ганпүрэв нарын бүрэн эрхийг зөвшөөрч, Төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулан өглөө. Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны захиргааны хэргийн Шүүх хуралдааны 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 52 дугаар тогтоолын дагуу аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох Дархан сумын 7, 13, Өргөө багуудаас нэр дэвшиж сонгогдсон О.Чимидцэрэн, Г.Алтантуяа, Б.Азжаргал нар нь Төлөөлөгчөөс эгүүлэн татагдсан тул бүрэн эрхийг нь тус өдрөөс хойш дуусгавар болсонд тооцож байгаа аж. Мөн Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолын дагуу Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Тамир, Монгол Ардын намаас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Хонгор сумаас нэр дэвшиж сонгогдсон Н.Лхагвасүрэн нарыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлж, Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшсэн Б.Мягмардаш, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Хонгор сумаас нэр дэвшсэн Н.Мөнхдаш нарын бүрэн эрхийг зөвшөөрч, Төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулан өглөө.
ХУРЛЫН АЖЛЫГ “ХАНГАЛТТАЙ” ГЭЖ ДҮГНЭВ
Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн 2015 оны ажлын тайлан, 2016 оны үйл ажиллагааны зорилтыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ танилцууллаа. 2015 оныг аймгийн хэмжээнд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аймгийн эдийн засаг, нийгэм соёл, бүтээн байгуулалтын ажилд хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих жил” болгон зарласан. Харин нутгийн өөрөө удирдах байгууллагуудын тухайд аймгийн ИТХ-ын хороодын ажлыг тогтмолжуулах аливаа бодлого шийдвэр гаргахдаа төлөөллийн болон шууд ардчиллын зарчимд тулгуурлан иргэдээсээ асууж, иргэдээ сонсож, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, чиглэлийг баримталж ажиллах зорилтыг дэвшүүлж ажилласан байна. Дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд нийт 6 бүлэг, 89 ажил төлөвлөн хэрэгжүүлж ажилласан байна. Бүрэн эрхийнхээ хугацаанд баримталж ажиллах бодлогын Үндсэн чиглэлийг бүрэн хэрэгжүүлж, амласнаа биелүүлж, ард түмнийхээ итгэлийг дааж, хариуцлагатай ажиллах цаг үеэ Төлөөлөгчдийн өмнө ирээд байгааг онцлон тэмдэглэж, 2016 онд Үндсэн чиглэлийнхээ хүрээнд төрийн болон нутгийн удирдлагын үйл ажиллагааны менежментийг сайжруулж, төлөөлөгчдийг чадавхижуулах, хөгжсөн орнуудын болон бусад аймгуудын туршлагаас суралцах боломжийг олгох, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлж, гадаад дотоодын төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих зэрэг хэд хэдэн зорилтыг дэвшүүлэв. Хуралдаанаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдээс 2015 онд хийсэн ажил, дэвшүүлсэн зорилтын биелэлтийг “Хангалттай” гэж үнэллээ. 2016 онд дэвшүүлсэн зорилтоо бүрэн хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасан юм.
ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТ ХАНГАЛТТАЙ ДҮН АВАВ
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 2013 оны 01 дүгээр сараас 2015 оны 11 сар хүртэлх хугацааны байдлаар 82.13 хувийн биелэлттэй 4.11 онооны үнэлгээтэй байна.
Засаг даргын үйл ажилллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлбэл зохих 333 арга хэмжээнээс 278 нь хангалттай хэвийн хэрэгжиж байгаа бол 55 арга хэмжээний хэрэгжилт нь хангалтгүй байгаа тухай аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн Хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн дарга Д.Сэлэнгэ танилцууллаа.
Хурлын хуралдаанаас аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Хангалттай гэж дүгнэж, цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн бүрэн хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга А.Энхболдод даалгалаа.
2015 ОНЫ ТӨСВИЙГ ТОДОТГОЖ, 2016 ОНЫ ТӨСВИЙГ БАТЛАВ
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 11 дүгээр хуралдаанаар аймгийн 2015 оны төсөвт тодотгол хийлээ.
Улс орны хэмжээнд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан өмнөх жилүүдэд хийгдэж байсан хөрөнгө оруулалт болон хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудын борлуулалт, үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оноос буурсан нь орон нутгийн хэмжээнд орлогын төлөвлөгөө тасалдах үндсэн нөхцөл болж байна. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлуудаас шалтгаалан 2015 оны орон нутгийн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тасрахаар байгаатай холбогдуулж, аймгийн 2015 оны төсвийг тодотгож байгаа аж. 2015 онд орон нутгийн хөгжлийн сангийн 4422.1 сая төгрөгийн хөрөнгөөр 87 багц төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд гэрээ байгуулсан ажлын гүйцэтгэл 90 хувь, санхүүжилт 59 хувьтай явагдаж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгээр 4229.4 сая төгрөг шилжиж ирэхээс 10 дугаар сарын байдлаар 2840.7 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж, гүйцэтгэгч байгууллагуудад 2609.4 сая төгрөгийг олгож, 1388.7 сая төгрөгийн дутуу санхүүжилттэй байна. Дархан-Уул аймгийн 2015 оны тодотгосон төсвийг хэлэлцээд, 2015 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг 16734.4 сая, зарлагыг 16900.2 сая, сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1264.4 сая, орон нутгийн хөгжлийн санг 4439.5 сая, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 30273.8 сая төгрөгөөр тус тус баталлаа. 2016 оны төсвийн хувьд УИХ-аас батлагдаж ирсэн суурь тоон дээр судалгаа хийж, орлогыг нийтэд нь 3,1 тэрбум төгрөгөөр, зарлагыг 2,9 тэрбум төгрөгөөр төсөвлөж баталлаа. Тодруулбал: 2016 оны аймгийн төсвийн орлогыг 15493.7 сая, зарлагыг 16784.6 сая, сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1040.4 сая, сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 601.8 сая, орон нутгийн хөгжлийн санг 3909.7 сая, сумдаас улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 31769.8 сая төгрөгөөр тус тус баталлаа. 2016 онд ОНХС-д 3,9 тэрбум төгрөг хуваарилагдаж ирсэн. Төсвийн тухай хуулийн 59.5 дахь заалт, МУЗГ-ын 2012 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан ОНХС-ийн орлогыг шилжүүлэн тооцох аргачлалын дагуу 60 хувь нь сумдад хуваарилагдсан байна. Аймагт 1,5 тэрбум төгрөг үлдэж байгаа бол Дархан суманд 1,5 тэрбум төгрөг, Хонгор суманд 337,5 сая төгрөг, Шарын гол суманд 287,4 сая, Орхон суманд 212,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр ОНХС-ийн хуваарилалт хийгдсэн байна. Аймагт хуваарилагдсан ОНХС-ийн хөрөнгийн 125 сая төгрөгийг тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах бол их засварын ажилд 80 сая төгрөг, төсөл хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэхэд 58,1 сая төгрөгийг тус тус зарцуулах юм байна.
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 11 дүгээр хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцэв. Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоолоор төлөөлөгчөөс эгүүлэн татагдсан О.Чимэдцэрэн, Б.Азжаргал болон Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Г.Батбаяр, Б.Даваасамбуу, Г.Эрдэнэбат нарыг тус тус чөлөөлж, Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр Д.Амгалан, О.Баттулга, Х.Батбаяр, Б.Мягмардаш, Г.Сүхээ нарыг нөхөн сонгож батлав. Ийнхүү аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 11 дүгээр хуралдаанаар нийт 8 асуудлыг хэлэлцэж, өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүллээ.