Н.Болдбаатар: Төсөв байхгүй гээд ажлаа зогсоочихвол эмнэлгийн орчин сайжрахгүй

Дүүргийн эмнэлгүүд хөрөнгө мөнгөний асуудал, төсөв мөнгө хүрэлцдэггүйгээс ихэнх нь хуучирсан тоног төхөөрөмж, ажилладаггүй багаж төхөөрөмжөөр өдөр хоногийг өнгөрөөж, иргэддээ тэр бүр хүрч ажиллаж чаддаггүй. Тиймээс иргэдийн дийлэнх нь өвдөж зовсон үедээ гуравдугаар шатлалын эмнэлгүүдийг аль эсвэл өндөр үнэтэй хувийн эмнэлэг бараадах нь бий.

Тэгвэл Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл заавал улсын төсөв хүлээлгүйгээр өөрсдийнхөө хүчээр, тодруулбал НҮБ-ээс эхлээд гадна, дотны хөрөнгө оруулалтаар эмнэлгээ бүрэн шинэчилж, гуравдугаар шатлалын эмнэлгийн хэмжээнд хүргэж чаджээ. Түүгээр ч үл барам 200 ортой хүүхдийн эмнэлэг, ахмадын сувилал хүртэл байгуулсан нь өнөөгийн нийгэмд үнэхээр нүдээ олсон үйл явдал байлаа. Тиймээс бид тус эрүүл мэндийн нэгдлийн дэд дарга, Хүний хөгжлийн академийн ерөнхийлөгч Н.Болдбаатарыг онцлон ярилцлага хийсэн юм.  

-Эмнэлэгт хэвтэх дугаарлалт гурав хоногийн дотор шийдэгдэж байна-

– Шинээр баригдсан Эрүүл мэндийн нэгдлийн талаар мэдээлэл өгөхгүй юу? Гуравдугаар шатлалын цогцолбор төв болтол нь шинэчилсэн гэж дуулсан?

– Баянгол дүүргийн эмнэлэг хуучнаар зургаа болон долоодугаар төвийн эмнэлгийн байруудаар дамжуулан нийт 74 мянган иргэдийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан. Гэхдээ эмнэлгийн байр, эмчилгээний тоног төхөөрөмж хангалгүй, хүчин чадал муу, дээр нь хүн амын өсөлт эрчимжсэн учраас шинэ эмнэлгийн цогцолбор барих асуудал яригдаж, улмаар  эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг 7.7 тэрбумаар баригдахаар төсөв нь батлагдсан юм.   Барилгын ажлын явц 2013 онд 40 хувьтай байсан бол бид богино хугацаанд ажлыг түргэвчлүүлж, 2014 оны аравдугаар сард цогцолбор эмнэлгээ ашиглалтад оруулсан. Бид хуучин дотор болон эрчимт  эмчилгээний нэг, нэг тасагтай байсан. Ингээд шинэ цогцолбор төв ашиглалтад орсноор дотрын тасгаа хоёр болгон өргөжүүлж, хүлээн авах эрчимт эмчилгээний шинэ тасагтай болж, эмнэлгийн бүрэн хүчин чадлынхаа хүрээнд нийт 110 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг болсон. Өмнө нь иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийн тулд 10-30 хоног хүлээдэг байсан бол одоо гурав хоногийн дотор асуудал шийдэгдэж байна.

– Хүүхдийн эрүүл мэнд хамгааллын чиглэлд хэрхэн ажиллаж байна?

–  Манай дүүрэгт 2013 оны зургаадугаар сард  Х.Тэмжүүжин сайдын багцаас   35 ор бүхий хүүхдийн “Эмүжин” эмнэлэг байгуулагдсан.  Дүүрэг нийтдээ 23 хороотой. Ачааллаа зохицуулах үүднээс нийт хороодын долоо нь дүүргээсээ үйлчилгээ авч, үлдсэн  нь Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэгт ханддаг байсан.

Ерөнхий тооцооллоор дүүргийн хэмжээнд 0-16 насны 74 мянган  хүүхэд байгаа бөгөөд бүрэн  хүчин чадлаараа ажиллах боломж бүрдүүлнэ гэвэл бидэнд 300 ортой хүүхдийн эмнэлэг хэрэгтэй байгаа юм. Энэ асуудлыг  шатлалтайгаар шийдэх зорилгоор хуучин долоодугаар төв дээр 140 ортой хүүхдийн нэгдсэн эмнэлэг төвлөрүүлэн ажиллуулж байна.

Нэгдсэн эмнэлэг нь амбулатори, хүүхдийн түргэн, нарийн мэргэжил, өсвөр үе, хүүхдийн 1, 2 дугаар тасагтай үйл ажиллагаа явуулдаг. Ирэх жил хуучин зургаадугаар төвөө нураагаад 9 давхар  эмнэлгийн барилга барихаар бэлтгэл ажлуудаа базааж байгаа юм. Энд ахмадын нөхөн сэргээх төвөөс гадна 100 ор бүхий  хүүхдийн эмнэлэг байгуулна. Ингэснээр  дүүргийн хэмжээнд хүүхдийн эрүүл мэнд хамгааллын асуудал ерөнхийдөө шийдэгдэнэ гэсэн үг.

– Ахмадын нөхөн сэргээх төв гэхээр?

– Ахмадууд өнөөдөр оновчтой байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа. Ахмадууд эмнэлгийн тусламж авахаас гадна сувилуулах хүсэлтэй байдаг. Гэтэл улсын хэмжээнд яг ахмадуудад зориулсан  төрөлжсөн сувилал цөөн. Яг энэ байдлыг  дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс харгалзан үзэж, ахмадын нөхөн сэргээх  төв барих зардлыг  2012 оны төсөвт суулгуулсан. Энэ жилийн төсвийн тодотголоор үйл ажиллагааны зардлыг оруулж чадлаа. Тэгэхээр ирэх жил энэ төв маань үйл ажиллаагаа эхлүүлж дүүргийн эрүүл мэндийн  нэгдэл бас нэг шат ахих юм.

         Эмнэлгийн нийт зардлын 98.2 хувь  нь ажилчдын цалинд зарцуулагддаг-

– Баянгол дүүрэг хүн амын эрүүл мэндийн төлөө эрчимтэй ажиллаж, жил бүр шинэ эмнэлгээ хүлээн авч байжээ. Тэгэхээр эмч ажилтдынхаа чадавхи, боловсон хүчнийг хэрхэн зохицуулж байв аа? Түүнийгээ дагаад зан суртахууны асуудал ч гарч ирсэн байх?

–  Яг тийм. Улсын аль ч эмнэлэгт эмнэлгийн ажилтны харилцааны асуудал нэлээд асуудал дагуулсаар ирсэн. Мөн эмч нарын чадавхын асуудал байна. Энэ хүрээнд бид БНСУ-ын нэр бүхий найман эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа.

Гэрээний дагуу эмч нараа чадавхжуулах, харилцан туршлага судлуулах, эмнэлэгтээ авчирч сургалт зохион байгуулах ажлуудыг шат дараатай хийж байна. Түүнчлэн Солонгос улс өөрөө “үйлчлүүлэгч бол хаан” гэсэн уриаг дотоод журам болтол нь хэрэгжүүлсэн байдаг учраас бид туршлага судалж, ирэх жилээс нэвтрүүлэх, сургалт зохион байгуулах ажлуудыг ярьж, тохиролцоонд хүрэх алхамуудыг хийж байна.

Гэхдээ эмч нарыгаа ч гэсэн энд ярихгүй бол болохгүй байна. Өнөөдөр эмч нар маш их ачаалал дунд ажиллаж байна. Ачаалал жил бүр ихсэж байгаа учраас ядарч, стресстэх нь бий. Дээрээс нь иргэд өөрсдөө маш их стресстэй байна. Аль аль талдаа асуудал байгаа. Үүнийг дотоод журмаар зохицуулаад, эмч нарынхаа асуудалд анхаарч ажилладаг.

– Тэгвэл эмч нарын ажиллах орчин нөхцлийн хувьд?

– Эмнэлгийн ажилчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх,  тохилог орчинд амрах асуудлууд ерөнхийдөө улсын эмнэлгүүдэд орхигдсоор байдаг. Гэхдээ асуудлыг бага багаар шийдэх зорилгоор  бид шинэ цогцолбортоо амралт чийрэгжүүлэх танхимыг бий болгосон. Ирэх жилээс төсөв санхүүгээ шийдэж чадах  юм бол амралтын өрөө шинээр байгуулж, дотор нь фитнесс, усан сангийн асуудлыг шийдэж өгөхөөр төлөвлөж байна. Эмнэлгийн ажилчид маш их ачаалалтай ажилладаг учраас амрах, хөдөлгөөнөө нөхөх орчин үгүйлэгдсээр байгаа нь үнэн.

–  Төсвийн зарцуулалт ямар байдлаар явагддаг вэ?

– Улсын гуравдугаар шатлалын эмнэлэг зарим төрлийн үзлэг оношилгоондоо төлбөр тогтоох, түүгээрээ санхүүгийн тодорхой асуудлуудаа цэгцлэх боломжтой байдаг. Харин дүүргийн эмнэлэг цэвэр төсвийн хүрээнд ажлаа явуулдаг учраас санхүүгээ зохицуулж болдоггүй нь үнэн. Энэ бүхнийг бид гадаад хамтын ажиллагаа, харилцаа холбооны хүрээнд шийдвэрлэх гарц хайн ажилладаг юм.

Дүүргийн эмнэлгийн нийт зардлын 98.2 хувь  нь ажилчдын цалин, үлдсэн хувь нь нийгмийн даатгал, урсгал зардалд зарцуулагддаг. Тэгэхээр эмнэлгийн чанар хүртээмжийг сайжруулах, менежмент хийх, мөнгө шаардсан ажлуудыг бид  гадаад харилцаагаараа л зохицуулах шаардлага үүсч байгаа юм.

– Тэгэхээр ерөнхий ажлуудаа менежментийн хүрээнд шийдсэн хэрэг үү?

– Ер нь бол. Би дээр ч хэлсэн. Улсын төсвийн хүрээнд эмнэлгийн үйл ажиллагааг өртгөтгөх, үйлчилгээг хүртээмжтэй болгох, тоног төхөөрөмжөө бүрэн шинэчлэх, орчин нөхцлөө сайжруулах боломжууд бүрэн хангагддаггүй. Тиймээс удирдлагын бүтцийн хүрээнд менежмент хийж, асуудлаа илүү өргөн хүрээнд шийдэх гарц хайхгүй ажил санасан хэмжээгээр урагшилахгүй л дээ. Энд багийн менежмент хамгийн чухал. Дээрээс нь сэтгэл. Санхүү байхгүй гээд асуудлаа зогсоочихбол ажил урагшаа явахгүй. Манай улсад менежментийн хувьчлалыг дэмждэггүй. Нэг хүний хараат болчихно гэх утгаар хойш тавьсаар ирсэн.

– Дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдэд тулгардаг гол  бэрхшээл нь тоног төхөөрөмжийн хангамж байдаг. Энэ асуудлаа хэрхэн зохицуулж байна?

– Тоног төхөөрөмжийн хувьд нэлээд асуудалтай байсан нь үнэн. Бусад дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн нэгэн адил хууучирсан, ихэнх нь ажилладаггүй тоног  төхөөрөмжтэй байсан. Ер нь эмнэлэг шинэчлэхээс гадна тоног төхөөрөмжөө шинэчлэнэ гэдэг эмнэлгийн үйлчилгээг нь үндсэн сууриар нь бэхжүүлж өгдөг. Тийм ч учраас 2013 оноос шинэ удирдлагууд дүүргийн ИТХ-д албан ёсоор хэлэлцүүлэгт оруулж, УИХ-ын гишүүдтэй хамтарсан зорилтот ажлуудыг хийж эхэлсэн байгаа.  Энэ асуудлыг  дүүргийн түвшинд  шийдэх гарц хайхаас гадна Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж,  шат шатанд нь шийдүүлэх арга хэмжээ авсан. Үүний хүчинд одоо эмнэлгийн өдөр тутмын үйлчилгээнд  дутагдаж байгаа тоног төхөөрөмж үгүй болсон.

– Эмнэлгийн хэмжээнд тулгамдаж буй асуудал?

– Дүүргийн эмнэлгийн хүрээнд 2016 онд бид мэс заслын тасагтай болох зорилт тавин ажиллаж байна. Яагаад гэвэл, дүүргийн эмнэлгүүд мэс ажилбараа хувийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж байгаа. Нэгэнт бид улсын эмнэлгийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа учраас гэмтэл болон мэс заслын тасгаа хараат бусаар ажиллуулах шаардлага үүссээр ирсэн. Бид энэ асуудлаараа  НҮБ-ын Хүн амын хөгжил сан болон бусад Олон улсын байгууллагууд руу хандсан байгаа. Улсын төсвийн энэ асуудал шийдэгдэхгүй учраас өөрсдийн хэмжээнд  боломж, гарц  эрэлхийлж байсан гэсэн үг.  Цаашид өвчтөн эмч хоорондын нэгдсэн цахим мэдээллийн систем зэрэг асуудлууд хүлээгдэж байна. Төрийн байгууллага гэдэг утгаар шууд бие даагаад шийдчих боломжгүй. Ерөнхий бодлогоо хардаг.

– Танай шинэ эрүүл мэндийн нэгдлийн төвд олон улсын стандартын дагуу үзлэг шинжилгээ хийгдэх, оношлогооны төхөөрөмж нэвтрүүлэх боломжтой юу?

–  Энэ бол манай эмнэлгийн хамгийн гол давуу тал. Олон улсын байгууллагууд бидний саналыг хүлээж авч, нааштай хариу өгч байгаагийн шалтгаан нь манай эмнэлгийн стандарттай холбоотой юм. Гуравдугаар шатлалын түвшинд үзлэг шинжилгээ хийх тоног төхөөрөмж байршуулахад стандарт хангагдан баригдсан гэдэг утгаараа хүлээн зөвшөөрөгддөг.

– “Баярлалаа” аян зохион байгуулна-

–  Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дэд дарга хийхийн хажуугаар залуу хүнийхээ хувиар нийгмийн зорилтот ажлуудад  оролцож байна уу?

– “Монголоо шинэчлье” гэсэн уриатай “Ардчилсан хүчний холбоо” ТББ-ын үйл ажиллагаанд  оролцоод явж байна. Заавал нам гэх зааганд оролгүйгээр энд маш олон клубын системийн нэгдлээр үйл ажиллагаа явуулж болдог нь надад их өгөөжтэй санагддаг. Энд би эрүүл мэндийн клубын ерөнхий зохицуулагч хийдэг. Бас л салбарынхаа асуудлыг хариуцаж байгаа гэсэн үг.  Залуу хүнийхээ хувиар хувь хүний хөгжил, сурч боловсрох орчин нөхцөл зэрэг асуудлаар бусдад үргэлж боломж олгохыг хүсч, оюутан цагаасаа нийгмийн ажлуудад идэвхтэй оролцсоор ирсэн.

– Саяхан үүсгэн байгуулсан  Хүний хөгжлийн академийнхаа талаар  ерөнхийлөгчийн хувир мэдээлэл өгнө үү?

–  Хүний хөгжил акдемийн гол зорилго бол зөвийг эрхэмлэж, эерэг хандлагыг эхлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах явдал юм. Энэ академийг үүсгэн байгуулахад маш олон эрдэмтэд, судлаачид, багш нар гар бие оролцсон.  Би өмнө нь хар тамхины хэрэглээний эсрэг “Саруул Монгол”,  болон өөр олон  зорилтот аянуудад олон нийтийг хамруулах ажлыг зохион байгуулахад оролцож байсан. Тэгвэл залуусын нэгдэл, клубын системт үйл ажиллагааныхаа туршлага дээр үндэслэн, хүний хөгжлийн асуудлыг цогц байдлаар нь төлөвшүүлэх ажлыг эхлүүлээд байгаа минь энэ. Нийгэм бүхэлдээ  сөрөг мэдээллээр баяжиж, баян ядуу, нийгмийн зэрэглэлээрээ хуваагдсан байдал өнөөдөр үүсчихээд байна. Энэ бүхний ард  бидний гоё сайхан зүйлийг харж талархалаа илэрхийлэх, бусад эерэг хандлага төрүүлэх үндсэн харилцаанууд орхигдоод байгаа юм.  Яг энэ гажуудал, нийгмийн үзэгдэлд бага ч гэсэн эерэг ойголт, уур амьсгал оруулж ирэхийн төлөө манай академи ажиллаж байна.

– Тодорхой зорилтот аян өрнүүлэх үү?

– Бид удахгүй “Баярлалаа” аян өрнүүлэхээр бэлтгэл ажлуудаа хангаад явж байна. Хүн бүр нэгэндээ баярлалаа гэж хэлэх хандлагыг төлөвшүүлэх зорилготой. Ер нь улс бүр талархлын өдөртэй байдаг. АНУ-д иргэд нь талархлын өдөртэй болохыг тулд ерөнхийлөгчдөө  хүсэлтээ мессежээр мянган удаа явуулсан түүх бий. Тэгэхээр хүн “нээрээ энэ юу яриад байна аа. Нийгэмд ямар өгөөжтэй билээ” гэж бодно оо доо. Яг үүн шиг зөв дадал удаанаар төлөвшдөг. Тэгэхээр бид шат дараатайгаар зөв хандлагыг төлөвшүүлэх ажлуудыг тасралтгүй явуулах шаардлага ажиглагдаж байгаа юм. Яагаад Монгол улс талархлын өдөртэй байж болохгүй гэж.  Ингэхийн тулд бид нийгмийн зөв давалгааг үүсгэх хэрэгтэй. Одоо сошиал ертөнц хүчтэй хөгжиж байна. Үүний дотор фээж хуудсаар ийм төрлийн давалгаа өрнүүлэхээр  зэхэж байна.

– Ярилцсанд баярлалаа.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …