Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 05. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 25. Санчир гараг. Тугчин одтой, 7 улаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.
Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.