Монгол Улсын иргэд өөрийн орондоо эмчлэгдэх боломжгүй болсон өвчнөө хил давж, эмчлүүлэх зайлшгүй шаардлага тулгардаг. Тиймээс Эрүүл мэндийн сайдын 2014 оны 313 дугаар тушаалаар Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаадад эмчлэгдэх 33 нэр төрлийн өвчний жагсаалт, эмнэлгийн дүгнэлт гаргах журмыг баталсан байх юм. Харин 2015 онд Эрүүл мэнд, спортын яамны зүгээс өөрийн оронд эмчлэгдэх болсон Шүлсний булчирхайн хорт хавдрын IMRT эмчилгээ, нярайн ретинопатия, туяа эмчилгээний дараах үтрээ-шулуун гэдэсний фистул зэрэг гурван өвчнийг жагсаалтаас хасжээ. Харин өвчлөлийн тохиолдлын тоо нь нэмэгдсэн дэлхийд эмчилгээ, оношилгооны шинэ технологи нэвтэрснээр, эмчлэгдэх боломжтой болсон зургаан өвчнийг шинээр нэмж оруулан Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 119 дүгээр тушаалаар Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалтыг 39 болгон шинэчлэн баталсан байх юм. Өөрөөр хэлбэл Эрүүл мэнд, Спортын яамны төсөвт жил бүр 500 сая төгрөгийг гадаадад хийлгэх эмчилгээнд төсөвлөдөг байна. Тухайлбал 2014 онд нийт 174, 2013 онд 130 орчим, 2012 онд 147, 2011 онд 75 иргэний гадаад эмчилгээнд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Ийнхүү дэмжлэг авч буй иргэдийн 42 хувь нь гурван сартайгаас 17 насны хүүхдүүд байна.
Гадаадад зайлшгүй эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай гэсэн мэргэжлийн эмнэлэг, эмчийн дүгнэлтийг тухайн иргэн заавал гаргуулна. Харин тэр иргэн аль улсад, ямар эмнэлэгт, хэдэн төгрөгийн төлбөртэйгөөр эмчилгээгээ хийлгэх вэ гэдгээ өөрөө сонгох эрхтэй. Гадаад улсад эмчилгээнд яваад ирснийхээ дараа холбогдох материалуудыг салбарын яамныхаа бичиг хэрэгт бүрдүүлэн өгч, тодорхой санхүүгийн дэмжлэгийг авах эрхтэй болох юм. Холбогдох журмын дагуу санхүүгийн дэмжлэгийг тухайн өвчнөөр нэг удаа олгоно. Мөн тухайн иргэнийг эмчилж эрүүлжүүлэхэд зарцуулагдсан зардлын баримт, материалыг үндэслэх юм байна. Ингэхдээ иргэний гадаад улсад эмчилгээнд зарцуулсан нийт зардлын таван хувийг үндэсний мөнгөн тэмдэгтээр буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож өгөх юм. Харин гадаад улсад эмчлүүлсэн иргэний тээвэр, байр, хоол, түүнчлэн асран хамгаалагчаар явсан хүнд зардал олгохгүй.
Бүрдүүлэх материалын тухайд:
– Гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг тодорхойлсон эмнэлгийн дүгнэлт, хурлын тэмдэглэл эх хувиараа,
-иргэний ЭМСЯ-д хандаж бичсэн өргөдөл, нотариатиар баталгаажуулсан иргэний үнэмлэхийн хуулбар,
-Хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар /нотариатиар баталгаажуулсан байх/
-Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт /эх хувь/
-Өрхийн эмнэлгийн тодорхойлолт /эх хувь/
-Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, сүүлийн таван жилд даатгал төлсөн /нотариатараар баталгаажуулсан байх/
-Ажиллаж байгаа иргэн бол тухайн албан газраас зардал аваагүйг нотолсон баримт /эх хувь/
-Гадаад оронд хүлээн авч эмчилгээг хийсэн эмнэлгийн дүгнэлт, онош, эмчилгээний явц, төлбөр төлсөн баримт /монгол хэл дээр орчуулж, нотариатиар баталгаажуулсан эх хувь байх/ зэрэг багтана.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД
эх сурвалж: news.mn