Маргааш Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүд охидын сонгомол барилдааны аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа цогцолборт 4:30 цагт нээлтээ хийнэ. Тэмцээн энэ сарын 25-аас 28-ны хооронд 4 өдрийн турш үргэлжилэх юм.
Энэхүү тэмцээнийг Манай улс эх оронд зохион байгуулах хүсэлтээ ФИЛА-ийн удирдлагад тавьж улмаар эрх авчээ. Нийтдээ 14 орны 300 гаруй өсвөрийн бөхчүүд “Найрамдал” төвд байрлан, манай тамирчдын хамт бэлтгэлээ хийж байгаа аж.
Тэмцээнд чөлөөт бөхийн хөвгүүдийн төрөлд 75, охидын төрөлд 57, сонгомол барилдааны төрөлд 66 нийтдээ 321 өсвөрийн бөхчүүд зодоглох юм байна. Харин манай улсаас “Өсвөрийн улсын аварга”-гаас шалгарсан эрэгтэй 15, эмэгтэй 15, тамирчин багаараа оролцоно.
Тэмцээний шүүгчдийн хувьд ерөнхий шүүгчээр Олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, ОХУ-аас ФИЛА-гийн Товчооны гишүүн Наталья Алексеена Ярыгина болон гадны болоод манай улсын нийт 17 шүүгч шүүх юм байна.
Тэмцээний талаар ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч Томиаки Фукуда “Уг тэмцээнийг МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж удирдаж байгаад сэтгэл хангалуун байна” гэдгээ өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.
Мөн энэхүү тэмцээнийг зохион байгуулахад эрвийх дэрвийхээрээ дэмжиж ажиллаж байгаа “Найрамдал төв” Үндэсний Хөрөнгө оруулалтын банк, MSC груп, зэрэг олон байгууллагуудад баярласан талархсанаа МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнсанаа нар илэрхийлсэн юм.
Нутгийн дэвжээ тамирчдыг маань ивээх болтугай.
О.Наранцацралт