Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Монголын балетын хөгжил сан” хамтран зохион байгуулж байгаа дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг 12 дугаар сарын 12,13, 19, 20, 26, 27-ны өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт тоглох гэж байна.
Дэлхийн 5 тивийн улсад зэрэг тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг Монгол Улсын Гавъяат Жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар өнгөрсөн жилээс эхлэн шинэчлэн тоглосон юм. 2014 онд “Цөмөөхэй” балетын тайз, декорац, хувцас хэрэглэлийг АНУ-ын “Бостон балет” компаниас авчирч 180 орчим хүүхдийг оролцуулан тоглосон бөгөөд энэ жил таван Клара охиныг шалгаруулж, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид болон 200 гаруй авьяаслаг хүүхэд дүр бүтээхээр тоглолтынхоо бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ жилийн онцлог нь хурганы дүрийг шинээр нэмж, цас оруулалтыг нэмэгдүүлжээ. Өмнөх жил “Монголын балетын хөгжил сан” тус балетыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, оюутнуудад хөнгөлттэй болон үнэ төлбөргүй үзүүлсэн бол энэ жил “Цөмөөхэй” балет тоглолтыг тархины саажилттай 10 хүүхдэд онцлон үзүүлэхээр урилга явуулжээ. Тус тоглолтын орлогоос саажилттай хүүхдүүдийн хөдөлгөөнийг дэмжихэд тустай “Spider cage” бүсийг авахад хандивлах юм.
“Цөмөөхэй” балетын түүхээс дурдвал, Германы нэгэн жижигхэн хотхонд илбэчин Просселмейр хүүхдүүдэд илбэ үзүүлэн гайхшруулж байгаагаар эхлэх энэ балет дэлхийн олон хүүхдүүдийг балетын урлагт хөтөлж, анхных нь балетын дүр бүтээсэн бүжгэн жүжиг байсан юм. Тэртээ 1892 онд анх тайзнаа амилж байсан бол өнөөдрийг хүртэл 120 жилийн түүхэн хугацаанд тив алгасан тархсаар шинэ оны баяраар үзэх ёстой нэгэн гэр бүлийн уламжлал болтлоо үзэгчдэд хүрч чадсан сонгодог балет болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.