М.Энхболд: Манай нам МАХН-тай нэгдэх асуудлаар ярилцаж байгаа нь үнэн

fc5cbfd11bcb8dfdoriginal
МАН-ын Бага хурлын гуравдугаар хуралдаан өнгөрсөн бямба гарагт Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хуралдаанаар МАН-ын дарга улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын тайлан илтгэлүүдийг тус тус сонсч, боловсон хүчний, санхүүжилтийн журмуудаа баталлаа. Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболдтой цөөн хором ярилцлаа.

-МАН-ын бага хурлаар нэлээд чухал асуудлуудыг хэлэлцэх гэж байгаа гэсэн. Яг ямар асуудлуудыг хэлэлцэж байна вэ?

-Өнөөдөр Улаанбаатар хотод МАН-ын Бага хурлын гуравдугаар хуралдаан болж байна. Хуралд намын гишүүнээр сонгогдсон 300 орчим төлөөлөгчийн 170 орчим нь ирж, хуралдаанд оролцож байна. Өнөөдрийн хуралдаанаар улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, намын дотоод ажил, амьдралын холбогдолтой асуудал, ирэх онд болох УИХ болон орон нутгийн сонгуульд намын зүгээс оролцох бэлтгэлийг бүрэн дүүрэн хангуулахтай холбоотой намын даргын улс төрийн илтгэл, намын удирдах зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын Ерөнхий нарийн бичгийн даргын тайлан тавигдлаа. Мөн намын зүгээс боловсон хүчнийг шилж сонгох, хариуцлага тооцох журам, УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүсийг намын анхан шатны байгууллагууд дээр хэлэлцүүлэх журам, намын сонгуулийн санхүүжилтийн журам гэсэн ажил хэргийн шинж чанартай журмуудыг батлах болно. Хурлын төгсгөлд намын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа.

-Бага хурлаар зарим гишүүдийг чөлөөлж, нарийн бичгийн дарга болон Удирдах зөвлөлийнхөө гишүүдийн тоог нэмэх асуудал яригдана гэсэн үү?

-Бага хурлын төгсгөлд намын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй бай­гаа. Энэ хүрээнд тодорхой шалт­гаантай хүмүүсийг чө­лөөлж, нөхөн сонгох арга хэм­жээ явагдана. Тухайлбал, орон нутгийн байгууллагуудын дар­га, орлогчоор сонгогдсон хү­мүүс, өмнө нь ажиллаж бай­сан хүмүүсийг бага хурлаар чөлөө­лөх, орных нь хүмүүсийг сонгоно.

-УИХ болоод орон нутгийн сонгуульд нэр дэвших асуудал 2012 оныг бодвол арай өөрөөр зохион байгуулагдана гэж ойлгож болох уу?

-Бидний өнөөдөр хэлэлцэх гэж байгаа журмууд дотор нэр дэвшигчдийг тодруулах, хэлэлцүүлэх журам багтсан байгаа. Ер нь ирэх оны 3-4 дүгээр сараас эхлээд УИХ болон орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвших хүмүүсийг намын анхан шатны байгууллага дээр хэлэлцүүлэх журмыг тогтоохыг зорьж байгаа. Анхан шатны байгууллагаас нэр дэвших хүмүүсийг хэлэлцүүлж байгаа гол учир нь дараа нь тухайн хүн нэр дэвшээд очиход, намын анхан шатны байгууллага нь бүрэн дүүрэн дэмжиж, ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх юм. Нөгөө талаасаа нэр дэвшихээр бодож, төлөвлөж байгаа хүмүүсийн дундаас тухайн орон нутгийн төлөөлөл болж, ажиллаж чадах, түүнчлэн илүү хууль тогтоох байгууллага болон орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад дадлагажсан, ажил амьдралын туршлага хуримтлуулсан байд­лаар нь хэн биднийг төлөөлж чадах вэ гэдгийг жи­рийн гишүүд ярилцаж байж, нэр дэвшигчээ тодруулах нь зүй­тэй гэдэг үүднээс энэхүү жур­мыг батлан гаргаж байгаа юм.

-МАН-ыг МАХН-тай нэг­дэхээр болсон хэмээн яриг­дах боллоо. Энэ үнэн үү?

-Хоёр нам нэгдэх асуудлаар манай намын болон МАХН-ын 30 орчим өндөр настан өнгөрсөн арваннэгдүгээр сарын 04-ний өдөр манай удирдах зөвлөлд албан бичиг ирүүлсэн. Мөн арваннэгдүгээр сарын 25-нд манай намын есөн гишүүн МАХН-тай нэгдэх асуудлыг маш сайн тооцоо судалгаатай, жирийн гишүүдийн санал бодлыг нэлээд сайн сонсч байж, ул суурьтайгаар шийдвэрийг гаргах ёстой гэсэн утга бүхий бичгийг мөн ирүүлсэн. Бид энэ хоёр бичгийн аль алийг нь намын Удирдах зөвлөлийн төвшинд танилцуулсан. Тий­мээс энэ талаар тодорхой төвшинд ярилцсан. Өнөөдрийн хувьд хоёр нам нэгдэх асуудал тодорхой шийдэл гарах төвшинд хүрээгүй. Ер нь бол хоёр намын удирдлагууд уулзаж, ирсэн бичгүүдийн талаар санал бодлоо хуваалцаж, ярилцаж байгаа зүйл бий. Энэ хоёр намын анхан шатны байгууллага орон нутагт ажиллаж байгаа хүмүүс хуучин нэг нам байсан. Нөгөөтэйгүүр үзэл баримтлалын хувьд ойролцоо зэрэг шалтгааны улмаас аль болох ойлголцож ажиллах ёстой гэдэг чиглэлийг бид өгч байгаа.

-Сая МАН-ын зүгээс Сонгуулийн тухай хуультай холбоотойгоор жагсаал цуглаан зохион байгууллаа. Гэтэл саналыг гараар тоолно гэдэг нь тооны машин гарчихаад байхад сампингаар тоо бодсонтой адил гэх шүүмжлэл гараад байгаа шүү дээ?

-Сонгуулийн тухай хууль дээр Монголын улс төрийн бүх намууд буюу 20 орчим намын хуульчид орсон өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Энэ оны есдүгээр сарын эхээр МАН-аас уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний зөвшилцлийн уулзалт буюу “Бид хамтдаа” уулзалтыг хийсэн. Энэхүү уулзалтад 22 намын удирдлагууд оролцсон. Уулзалтаас нэгдсэн байдлаар намууд нэг байр сууринд хүрч Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулахаар болсон. Тиймээс бэлдсэн зүйлээ хэд хэдэн намын УИХ-ын гишүүдийн санаачилсанаар УИХ-ын даргад өргөн барьсан. УИХ-ын даргын захирамж, шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг боловсруулсан төсөл ч бий. Ингээд нийтдээ Сонгуулийн тухай хуулийн гурван ч төсөл өргөн баригдаад байгаа. Ер нь бидний 2012 оноос хэрэглэж байгаа сонгуулийн автоматжуулсан тооллогын машин /хар машин/-ы дүнг нэг удаа ч гэсэн гараар давхар тоолон баталгаажуулах, энэ машинд итгэх итгэлийг бий болгохыг Монголын сонгогч олон түмэн шаардаж байгаа. Иргэд ч энэ машинд итгэхгүй байна гэх зүйлийг ярьж буй. МАН-ын зүгээс ч Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, сонгуулийн хар машиныг тооллогыг давхар гараар тоолж, үйл ажиллагааг нь баталгаажуулаад олон түмэнд зарладаг байх нь зөв гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. 

-Сонгуулийн хуультай хол­боо­тойгоор хар машинаас гад­на өөрчлөх ямар асууд­лууд байгаа гэж үзэж байгаа вэ?

-Хар машины программ хангамжийн асуудлын хөнд­лөн­гийн хяналтыг хийдэг тог­толцоог хууль эрх зүйн орчинд тогтоож өгөх нь зүйтэй. Ер нь аливаа сонгуульд нэр дэвшиж байгаа намууд нэр дэвшигчдээ сонгогдох, сонгуулах үйл ажиллагаанд намын нэрийг дугуйлах биш хүний нэрийг дугуйлж, сонгуулийг явуулах хэрэгтэй. Энэ нь өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуульд ч нийцэж байгаа асуудал. Зарим хуулийн төслүүдэд Сонгуулийн ерөнхий хороог өөрчлөх буюу түр хугацаагаар ажиллах байгууллагуудыг бий болгох төсөл орж ирсэн. Харин бидний зүгээс Сонгуулийн байгууллагуудын одоогийн бүтэц тогтолцооны хэмжээнд нь ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн сонгуулийн саналын хуудсанд нэр дэвшигчдийн нэрийг бичих дарааллыг тухайн намуудын Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар нь бичих зэрэг асуудлууд дээр намын төвшинд санал нэгдэж, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцүүлэхийн төлөө байгаа. Харамсалтай нь УИХ-д эрх барьж байгаа нөхдүүд аль болохСонгуулийн тухай хуулийг хэлэлцүүлэхгүй, хуучин хуулийн хүрээнд ирэх сонгуулийн үйл ажиллагааг явуулахыг эрмэлзэж байна. Харин бид Сонгуулийн тухай хуулийг хэлэлцүүлэх тал дээр идэвхтэй ажиллах болно.

Эх сурвалж:mminfo.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …