ШӨХТГ орон сууц нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг шалгасан.
Уг шалгалтын үеэр “узелийн цахилгааны зардал”, “ус дулаан дамжуулах төвийн зардал”, “насос тог”, “ЦТП”, “УДДТ” нэрээр сар бүр нэг өрхөөс 2400-11000 төгрөгийг хууль бусаар авч байсан нь тогтоогдсон.
Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний үнэ, тарифт үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны зардлуудыг тооцон баталдаг тул дээрх нэмэлт төлбөрүүдийг авах нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дах заалт болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх заалтыг зөрчиж байгаа юм.
Тунамал өргөө ХХК, Батбаян дулаан ХХК, Богд Асар ХХК, Тэлмүүн орд ХХК, Бадамлах нар ХХК нийт 4783 айл өрхөөс хууль бус төлбөрийг авч байсан ба ШӨХТГ-ын албан шаардлагын дагуу Богд Асар ХХК-аас бусад 4 аж ахуй эрхлэгч зөрчлөө таслан зогсоосноо мэдэгдсэн.
Зөрчлөө үргэлжлүүлж, нийт 1730 айл өрхөөс сар бүр УДДТ нэрээр 6000 төгрөг авч байсан Богд Асар ХХК-ийн энэ үйлдлийг ШӨХТГ иргэдийг хууран мэхлэх замаар их хэмжээний мөнгө татсан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж цагдаагийн байгууллагад холбогдох материалыг шилжүүлсэн билээ. Тэгвэл 2015.11.29-ний өдөр Богд Асар ХХК хууль бус хураамж авахаа зогсоосноо албан ёсоор мэдэгдсэн байна.
Мөн “Таункомфорт” ХХК БГД-ийн 3998 айл өрхөөс “насос цахилгаан” нэрээр сар бүр 5150 төгрөг, “Азын завод” ХХК БЗД-ийн 812 өрхөөс “ЦТП” нэрээр сар бүр 4000 төгрөг, “Цонхлон үйлс” ХХК ХУД-ийн 650 өрхөөс “ЦТП/насос” нэрээр сар бүр 5000 төгрөгийг хууль бусаар авч байсныг тогтоож улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсний дагуу тус газрууд хууль бус үйлдлээ таслан зогсоосноо мэдэгдээд байна.
БГД, БЗД-ийн ОСНААК-ын үйл ажиллагаа эрхэлдэг “Монтс” ХХК 1991 айл өрхөөс сар бүр 3400 төгрөгийг, БГД, ХУД-ийн ОСНААК-ын үйл ажиллагаа эрхэлдэг “Хаусинг Холд” ХХК нь нийт 1863 айл өрхөөс сар бүр 3217 төгрөгийг авч байсан зөрчлийг илрүүлж улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн.
“Тэлмүүн орд” ХХК иргэдийн ирүүлсэн баримт дээр үндэслэж хохирлыг барагдуулж байгаагаа мэдэгдсэн. “Азын завод” ХХК нь айл өрхөөс өмнө хууль бусаар авсан мөнгийг 2015 оны 12 сарын төлбөл зохих дүнгээс нь хасаж тооцож хохирлыг барагдуулахаа албан ёсоор мэдэгдсэн. “Богд Асар” ХХК-ийн хувьд ШӨХТГ-аас нийт 68 айл өрхийн баримтыг төвлөрүүлж Иргэний хэргийн шүүхэд хандсан. Бусад конторуудын хувьд хохирлыг барагдуулах зорилгоор ШӨХТГ-аас иргэдийн төлбөрийн баримтыг төвлөрүүлэх үйл ажиллагаа явуулж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар