Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 24. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 14. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, 6 цагаан мэнгэтэй хөх нохой өдөр.
Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 47 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.