Ёолк дөхөхөөр л байгууллага, хамт олон, сургууль, цэцэрлэг, нэг байрныхан, танкныхан хүртэл бүгд л дор бүртээ бодлогоширч, ихээхэн ач холбогдол өгч тухайн жилийнхээ хамгийн хамгийныг тодруулдаг уламжлалтай. Хамгийн азтай, хамгийн хөөрхөн, хамгийн их турсан, хамгийн их жин нэмсэн, хамгийн их мурьсан, хамгийн өглөгч, хамгийн их уусан, хамгийн азгүй гээд л аль болох хөгжилтэй байх талаас нь ажилтан албан хаагчдаа нэрлэж, ёолкоор нь гар хоосон буцаачихгүйг хичээдэг.
Тэгвэл хэвлэлийнхэн ч бас жил бүр улс төрчдөө хамгийн хамгийнаар нь тодруулдаг “ёс биш” уламжлалтай болчихоод байгаа. Энэ жил ч юугаараа дутах вэ. Гэхдээ миний хувьд өмнөх жилүүдийн нэршлээс татгалзахыг аль болох хичээлээ.
Хамгийн хамгийн азтай хүн
Энэ номинацид Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгээс өөр тасархай түрүүлэх хүн олдсонгүй. Ямар сайндаа л “хорооны Засаг даргаас төрийн сайд хүртлээ дэвшсэн азтай бүсгүй” гэх тодорхойлолт түүний нэрний өмнө бичигдэх боллоо шүү дээ. Энэ албан тушаалд яаж очсон нь хэнд хамаа байх вэ. Хамгийн гол нь түүнийг энэ бүх хугацаанд аз үргэлж ивээсээр “хамгийн хамгийн азтай хүн”-ээр тодрууллаа.
Оны хамгийн хүсэмжит залуу
Энэ номинацид өрсөлдөх залуус олон байсан ч Женко хочит Х.Баттулга илт давуу түрүүлж байна. Гэдсээ унжуулсан хууччуудын хажууд Женко шиг сайхан залуу байхгүй л дээ. Тиймээс л ангийнх нь охидууд түүнийг 100 хувь дэмжиж “хамгийн хүсэмжит залуу” гэдгийг баталлаа. Моносын Л.Эрдэнэчимэг гишүүн “Женкогийн туслах” /Б.Батзаяа/ асуудалд ормогц хэвлэлийн хурал хийж түүнийг хамгаалж, хайраа илэрхийлэв. Харин Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэр нөхрөөсөө илүү Женкотой хамт арал дээр хаяагдахыг хүсч байгаагаа хэлж, мөн л хайраа илэрхийлэв. Гэвч тэднээс Р.Бурмаа сайд Женкотой хамт мотоцикл түүрээд үзчихсэн илүү азтай.
Оны хамгийн нээлттэй хүн
Олон долоон үгтэй өмгөтгөл энд хэрэггүй биз. Оны хамгийн нээлттэй хүнээр мэдээж, Зам тээврийн сайд М.Зоригт тодорлоо. Тэрээр өөрийн алхам бүрээ зургаар баримтжуулж, үйлдэл бүрээ твиттерт бичдэг учраас бусад гишүүдээсээ хамгийн нээлттэй нь гэж тодотгож болно. Гэхдээ түүний нээлттэй байдал заримдаа хэтэрчих гээд байдаг талтай. Ямар сайндаа л энэ их ажлын хажуугаар хэзээ дээ зургаа дарж, хэзээ дээ твиттер пост бичээд явдгийг нь салбарын албан хаагчид нь ойлгохгүй байгаа гэцгээнэ.
Хамгийн олон дээлтэн
Энд УИХ-ын гишүүнээс гадна давхар сайдын албан тушаалд томилогдсон хүмүүс өрсөлдлөө. Тэгээд тунаж, тунаж, шигшигдэж, шигшигдэж Н.Батцэрэг гишүүн ялагч боллоо. Тэрээр МҮАН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд гэсэн олон албан тушаалыг давхардуулан хашчдагаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлдгээр маш олон давхар дээл өмсч энэ номинацийг итгэл төгс тэргүүллээ.
Хамгийн их мэдрэлээ шалгуулсан нь
Манай төрд сэтгэц мэдрэлийн өвчтэй хүмүүс их бий гэдэг. Гэхдээ тэдэн дундаа хамгийн их мэдрэлээ дуудуулсан хүнээр О.Баасанхүү гишүүн тодорлоо. Ерөнхий дөө хэлсэн бүх үг нь буруутаж, өөрийг нь орчин үеийн хэллэгээр 5:0-дсэн учраас л энэ номинацид тэргүүлж байж болох юм. Эсвэл өчигдөрхөн Сангийн сайд Б.Болорын хэлсэн “Манай гишүүд хавар болгон мэдрэлээ шалгуулдаг. Энэ О.Баасанхүү гишүүнийг сайн шалгуулах хэрэгтэй байна. Энэ хүний мэдрэл зүгээргүй” гэж хэлсэн үг түүнийг номинацийг тэргүүлэхэд нөлөөлсөн байж болох л юм.
Хамгийн их гологдсон хүн
Энэ номинаци О.Баасанхүү гишүүд дахиад л тэргүүлчихлээ. МАН-ыг Засгаас хөөж, “Шударга ёс” эвслийн бүлэг Засагт нэгдэх үеэр бүлэгт хамааралтай хүн бүр л бялуу хүртсэн. Гэвч О.Баасанхүүд сайд битгий хэл, бүлгийн дэд даргын ч суудал оноогдсонгүй. Үүнээс болоод тэрээр нэг хэсэг бухимдаж, намын дарга даа гомдоллож, дэд сайд асан Б.Тулгад хүртэл шанаадуулаад авсан юмдаг.
Хамгийн босоо гишүүн
Мэдээж босоо гишүүнээр С.Ганбаатар л тодорсон. Тэрээр Чуулганы хуралдааны үеэр босч үг хэлдгээрээ энэ номинацид яалт ч үгүй тэргүүлдэг. Гэхдээ энэ удаад утсаар ярих даа хүртэл босч зогсож байгаад ярьсан учраас энэ төрөлдөө дийлдэхгүй аварга гэдгээ баталлаа. Яасан бэ гэхээр утасны дугаараа хийхдээ сууж байгаад ярих болохоор босч зогсоод байсан бөгөөд энэ үйлдлийг гурван ч удаа давтсан гэдгийг ангийн нөхдүүд нь баталгаажуулжээ.
Энэ онд хамгийн их ядарсан гишүүн
Гишүүн гэхээсээ түүнийг дарга гэж нэрлэх нь зүйтэй л дээ. Хэн бэ гэхээр УИХ-ын дарга З.Энхболд энэ онд хамгийн их ядарсан хүнээр тодорч байна. Түүнд чуулганыг удирдах хүндхэн байсан бололтой юм. Ямар сайндаа хуралдаан удирдаж байх үедээ зүүрмэглэж, камерт дүрсээ үлдээгээд авсан. Ядарсандаа хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь сөрөг намыг өгөөш, шар хэвлэлийн бай болсон доо хөөрхий.
Хамгийн их томорсон гишүүн
Энэ номинацид бенз гишүүн Л.Эрдэнэчимэгийг дэвшүүллээ. Тэрээр энэ онд сайд ч болох шахсан. Гэхдээ сайдаас том албан тушаалд томилогдож, Тавантолгой төслийг гацаасан ачтан шүү дээ. Хэрвээ Л.Эрдэнэчимэг ажлын хэсгийг ахлаагүй бол М.Энхсайхан юу ч хийгээ билээ гэж бодогддог юм. Тэгэхээр бенз гишүүний гавьяа бий бий. Тэгвэл тэрээр саяхан ажлын хэсгийн ахлагчаас гадна УИХ-ын байнгын хорооны дарга гэх албан тушаалд томилогдлоо. Томрох нь баараггүй гэж энэ л байх даа.
Хамгийн их гасалсан гишүүн
УИХ-ын чуулган дээр яригдаж буй асуудал, хэлэлцэгдэж буй хууль, тодорхой төсөл бүр дээр сөрөг сэтгэгдэл хэлж, гасалж сууснаараа Г.Уянга гишүүн энэ төрөлд тэргүүллээ. Түүний амнаас энэ хуулийн төслийг дэмжиж байна гэсэн үг сонсох тун бэрх. Харин шүүмжлэл, эсрэг тайлбарыг хангалттай сонсч болно. Гэвч түүний эсэргүүцсэн хуулийн төсөл бүр батлагдаад явчихсан учраас л “хамгийн их гасалсан гишүүн”-ээр тодруулчихлаа.
Өөрийгөө барьж өгдөг гишүүн
Энэ төрөлд Б.Гарамгайбаатар, Л.Энх-Амгалан нарын аль тэргүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Нэг нь Хөгжлийн банкыг биеэрээ хамгаалагч, нөгөөдөх нь идэвхтэй шүүмжилсэн. Гэвч хоёулаа тус банкнаас их хэмжээний зээл авсан гэдэг нь маргаан дэгдээж байх үед тодорхой болчихсон. Үүний дараа шал дэмий энэ асуудлаар маргалдав даа гээд харамссан болов уу гэж бодогдоод байдаг юм. Ямартай ч өөрсдийгөө бариад өгчихлөө дөө гээд нэг хэсэг шуугиагүй юу.
Хамгийн бүтэлгүй гишүүн
Энэ номинацид Р.Бурмаа сайд тэргүүлнэ. Тэрээр ОХУ-аас хямд үнэтэй улаан буудай оруулж ирэх гэж байгаад салбарынханд баригдчихсан. Дараа нь Дорнод аймагт чөлөөт бүс байгуулах гэж байгаад мөн л баригдчихсан. Хэрвээ Р.Бурмаагаас өөр хүн байсан бол баригдахгүй чимээгүйхэн явуулчих байсан юм гэж намынхан нь чиг чуг хийж байв. Ингээд л Р.Бурмааг хамгийн бүтэлгүй гишүүн байжээ гээд нотолчихлоо.
Хамгийн их өрнөлгүй мэдэгдэл хийсэн хүн
Хамгийн их сүртэй мэдэгдэл хийсэн хүн бол яах аргагүй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг. Би хийнэ, ажил явна, попфлизмийг хална гэж зоригтой мэдэгдлийг маш олон удаа хийсэн ч ажлууд нь гацсаар. Ямар сайндаа л сүртэй мэдэгдэл хийсэн ч өрнөл байдаггүй хүнээр шалгарч байх вэ дээ. Ярих, хийх хоёр ч өөр юм аа, өөр юм.
Хамгийн их хориг тавьсан хүн
Энэ төрөл Монгол Улсын эрхэм Ерөнхийлөгч өрсөлдөгчгүй тэргүүлж байна. Тэрээр маш олон хууль, улс төрийн асуудалд хориг тавьсан. Өөрөө Монгол Улсад байсан ч, гадаадад айлчлал хийгээд явж байсан ч УИХ-аар хэлэлцэгдэх гэж орж ирсэн хуулиудад хориг тавьсаар байсан юм.
Оны хамгийн онцлог хүн
Энэ оны хамгийн онцлог хүнээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэрлэмээр. Одоо ч шалгагдаж байгаа гэх мөртлөө улс төрд эргэн ирэлт хийж, Шадар сайд ч болох шахлаа. Монгол Улсад ял шийтгүүлж байсан, ялын хугацаа нь дуусаагүй хэрнээ төрийн өндөр албан тушаалд томилогдох шахсан ийм үзэгдэл өмнө нь гарч байгаагүй. Тиймээс ч нийгэм үүнийг ихэд цочирдон хүлээн авсан. Хэрвээ өмнө нь иймэрхүү зүйл гарч байсан бол иргэд анзаарахгүй өнгөрч, Н.Энхбаяр төрийн өндөр сэнтийд суучихсан ч байх байсан юм билүү бүү мэд. Гэхдээ энэ онд Н.Энхбаяр Засгийн газрыг бүрэн гартаа атгаж, өөрийн хүссэнээр хөдөлгөж чадсан учраас оны онцлох хүн мөнөөсөө мөн юм.
Оны резетив
Резетив гэж онц хүнд гэмт хэрэгтэнг хэлээд байгаа юм л даа. Энэ төрөл орцонд хүн хутгалж магадгүйгээрээ С.Эрдэнэ сайд тэргүүллээ. Түүнийг хүн хутгалж байсан эсэхийг бид яаж мэдэх вэ. Харин нийтлэлч Баавар мэддэг учраас л ингэж хэлээ байлгүй. Тиймээс л оны резетивд түрүү жилийн “хутга” хочит Н.Номтойбаярыг тасархай хаяж тэргүүлж байна.
Оны эрх жаал
Энэ номинацийг Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг тэргүүллээ. Тэрээр өөрийнх нь санаачилсан төслийг АН-ынхан очоод тууз хайчилчихлаа гээд нэг хэсэг л фейсбүүк хуудсаар гомдоллосон. Хэнд ч эрхлээд байгаа юм бүү мэд. Улс төр гэдэг чинь өрсөлдөөн. Д.Дагваа аваргын хэлдгээр “алаан болдог” байхгүй юу. Гэтэл О.Содбилэг хошуугаа унжуулаад л миний ажлыг өмнөөс минь хийчихлээ гээд л суугаад байх шиг. Сүүлд аавыг минь гэмт хэрэгтэн болгох гээд байна гээд л бас гомдоллож харагдсан. Улс төр ямар хүүхэд асардаг газар биш дээ.
За ингээд төгсгөе. Эрхэм уншигч тань нэмэх санаа байвал сэтгэгдлээ бичнэ биз. Энэ боломжийг та бүхэнд нээлттэй үлдээж байна.
А.Аюуш