Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан тэргүүтэй тус бүлгийн төлөөлөгчид 2015 оны 10 сарын 14-ний өдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн төсвийн 410 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан” хэмээн ор үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээллийг олон нийтэд цацсан тул миний бие 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Гомдлын дагуу шалгалт явуулж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ.
Дүүргийн прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нь хуульд заасны дагуу эцсийн шийдвэр биш бөгөөд МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн цацсан гүжир гүтгэлгийг үнэн гэж үзсэн хэрэг бүр биш юм. Гэтэл хууль хяналтын байгууллагаас эцсийн шийдвэр гараагүй байхад нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс дүүргийн прокурорын байгууллагын шийдвэрийг мушгин гуйвуулж “Нийслэлийн Засаг даргыг МАН гүтгээгүй, үргүй зардал гаргасан нь үнэн гэдгийг Прокурорын байгууллага нотоллоо” гэх мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар түгээж байна. Нийслэлийн ИТХ-ын МАН-ын төлөөлөгчид битгий хэл, жирийн нэг иргэн “Хэрэг үүсгэхээс татгалзсан” гэх шийдвэрийг ойлгоно. Харамсалтай нь нийслэлийн МАН-ынхан нөгөө л зангаараа хуулийн нэр томъёог гуйвуулж, богино хугацааны улс төрийн увайгүй тоглолт хийж, олон нийтийг төөрөгдүүлэх оролдлогоо хийсээр байна.
Нийслэлийн шинэчлэлийн багийн баримталж буй бодлого, гаргасан шийдвэр, өрнүүлсэн бүтээн байгуулалтыг Монгол Ардын Намын гүтгэлэг, хоосон улс төржилт баллуурдаж үл чадна гэдгийг бардам хэлнэ. Манай иргэд ч нотолно. Тиймээс миний бие энэ асуудлын үнэн мөнийг тогтоолгохоор хуулийн дагуу дараагийн шатны хууль хяналтын байгууллагад хандана гэдгээ үүгээр мэдэгдэж байна.