О.Дөлгөөн: Бүх цалингаараа зайрмаг авч, хөргөгчөө дүүргэнэ гэж боддог байлаа

70283b1322c6057069f95751369813cd-600x420-Улсын драмын эрдмийн театр хэмээх энэ их айлын нэг гишүүн болж, мөрөөдлийнхөө дүрийг бүтээлээ. Сэтгэгдлээ хуваалцаач?
-Улсын драмын эрдмийн театр бол маш том тайз. Тайзан дээр гарахад үнэхээр үгээр илэрхийлэмгүй сайхан мэдрэмж төрдөг. Энд Монголын үе үеийн мундаг жүжигчид ажиллаж байсан, одоо би тэдний үргэлжлэл болж байна. Тиймээс хариуцлагатай сайн ажиллаж, цаашид улам хичээх ёстой гэжбоддог. Би энэ театртаа ажиллахыг хүсч мөрөөдөж явсан. Одоо би мөрөөдлийнхөөтеатрт, мөрөөдлийнхөө дүрийг бүтээж байна. Үнэхээр гайхалтай.

-Жульетта Ромеотой учрахаас өмнө эрх танхил охин байсан. Харин гэрлэснийхээ дараа хайрынхаа төлөө тэмцэж буй хүчирхэг бүсгүй болж хувирч байгаа юм шиг санагдсан.

-Яг тэгэж санагдаж байна уу?

-Тийм.
-Баярлалаа (инээв). Энийг үзүүлэхийг зорьж дүр дээрээ ажилласан. Жүжигт хэн байгаад хэн болов гэдэг нь маш чухал. Нэг хэвийн явсаар дуусвал онцгүй. Өөрт тохиолдож байгаа зөрчил, фактууд дээр ямар эргэлт гарч байгааг үзүүлэх хамгийн чухал. Ромео, Жульетта хоёр хүний амьдралд олон жилийн хугацаанд болох юмыг хэдхэн өдрийн дотор үзээд, оюун санааныхаа хувьд хурдацтайгаар хөгширч том хүн болдог гэж нэг судлаач ярьж байсан. 14-хөн настай баян айлын эрх охин хайр дурлалтай учраад хэрхэн өөрчлөгдөж байна гэдэг нь сонирхолтой шүү дээ. Миний хувьд тоглолт бүр дээр шинэ зүйл сурч, тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулж байна.

-Та багадаа хэр эрх танхи охин байсан бэ?
-Би айлын дунд хүүхэд. Гэхдээ олон жил айлын бага байж байгаад дүүтэй болсон. Тийм ч эрх байгаагүй, маш даруухан охин байсан. Том болоод цалин авдаг болохоороо бүх мөнгөөрөө зайрмаг авч, хөргөгчөө дүүргэнэ гэдэгтээ бат итгэдэг байсан. Зайрмаганд нугасгүй хүүхэд байсан болохоор тэр. Хичээлээ тарж ирээд хувцсаа ч солилгүй шууд даалгавраа хийдэг. Бүх даалгавраа хийж дууссаны дараа санаа амраад хувцсаа сольж, цайгаа уудаг байсан. Хичээлээ тараад гадуур явна гэсэн юм байхгүй. Харин ахлах ангид ороод нээлттэй болж эхэлсэн. Хөвгүүдтэйгээ юм ярьж, шоолж тоглоод л. Тэгсэн чинь нөгөө ангийн хөвгүүд гайхаад “Дөлгөөнөө, чи ийм хүүхэд байсан юм уу. Яг иймээрээ байгаарай. Ийм байх чинь гоё байна” гэдэг байсан. СУИС-д ороод бүр нээлттэй болсон гэж боддог. Элсэлтийн ерөнхий шалгалтынхаа оноог авчихаад ганцхан СУИС-д бүртгүүлээд орчихсон. Энэ нь ч маш зөв сонголт болсон шүү. Хэрвээ би жүжигчин болоогүй байсан бол инженер болох байсан. Гэхдээ нэлээд сайн инженер.

-Яагаад. Инженер болохыг гэрийнхэн тань зөвлөж байсан юм уу?
-Хүүхдүүд оноогоо хараад аль сургуулийн ямар ангиудад орох боломжтой вэ гэдэг багцаагаа авчихдаг ш дээ. Тэгээд л оноогоо хараад ШУТИС-ийн инженерийн ангид орж болохоор юм байна гэж бодсон. Ер нь жүжигчин болно гээд шийдчихсэн байсан болохоор өөр мэргэжлийг нэг их сайн судлаагүй байсан.

-Анхны дүр тань “Хайрын эрэлд” киноны дүр байсан байх аа?
-Би долдугаар ангид байхдаа Монголын хамгийн анхны аймшгийн кинонд тоглож байсан. “Хайрын эрэлд” кинонд Ц.Төмөрбаатар гуайн бага охины дүрд тоглосон. Болохгүй зам руу орчих гээд байдаг охины дүр л дээ. Энэ кино дөнгөж дууссаны дараа “Амьдралд тавтай морил” киноны Золоогийн дүрийг авсан. Золоогийн дүрдээ маш их хайртай. Бүтэн долоон сарын турш кино багтайгаа хамт амьдарсан. Зураг авалт дууссаны дараа гэнэт тарахаар чинь эвгүй юм байна лээ.

-“Амьдралд тавтай морил”-ын Золоо амьдрал дээрх Дөлгөөн хоёр хэр төстэй вэ?
-Ер нь их төстэй шүү. Гэхдээ Золоо надаас илүү зоригтой.

-Тэгвэл та өөрийгөө юу гэж тодорхойлох вэ?
-Хүмүүсээс ихэвчлэн сонсдог зүйлээ хэлье. Их шооч, сахилгагүй гэдэг юм. Би бол өөрийгөө их зөөлөн хүн гэж боддог. Бүгдэд таалагдах албагүй ч бүх хүнтэй сайхан харьцахыг хичээдэг. Хүнийг байгаагаар нь хүлээж авдаг. Хүн бүртэй эелдэг сайхан харьцаж, таатай сэтгэгдэл үлдээхийг хүсдэг. Амьдрал богинохон шүү дээ. Бас маш их яриа. Нэг яриад суучихвал зогсохгүй ш дээ.

-Цаг наргүй ажилладаг урлагийн хүн, гэрийн эзэгтэй, ээж хүн байна гэдэг амаргүй байх. Та хэрхэн зохицуулж байна даа?
-Хүүхэд хүнстэйгээ ирдэг гэдэг. Тэр үнэн юм шиг санагддаг. Миний хүү гарснаас хойш надад маш их боломж нээгдсэн. Ер нь бүх зүйл жигдрээд сайхан болсон. Заримдаа гэрийнхэндээ цаг зав гаргаж чадахгүй үе байдаг. Өөрийн чинь хэлсэнчлэн урлагийн хүмүүс цаг наргүй ажилладаг. Тиймээс хүүдээ цаг гаргах боломж жаахан дутагдалтай. Азаар би сайхан ханьтай. Манай нөхөр хувиараа ажил хийдэг учраас цагийн тал дээр уян хатан. Нөхөр маань ар гэрийн ажлаа хэнээс ч илүү зохицуулчихдаг. Намайг маш сайн ойлгож, хүндэлдэг учраас ханьдаа их баярладаг.

-Зарим сонирхолтой санагдсан зүйлээ асууя. Та нэг ярилцлагадаа бүсгүйчүүдийн нөхөрлөл тийм ч бат бөх биш гэж ярьсан байсан. Яагаад?

-Тэр үедээ хэн нэгэнд гомдчихсон байсан юм болов уу, их буруу ярьсан байна ш дээ (инээв). Тийм биш шүү. Сайхан нөхөрлөж чаддаг бүсгүйчүүд зөндөө бий. Надад багаасаа найзалсан хоёр сайн найз минь байдаг. Тэр хоёроосоо юугаа ч нуудаггүй, яг нэг хүн шиг болчихсон.

-Та хэр сайн найз вэ?
-Муу найз гэдгээ баттай хэлнэ (инээв). Маш их завгүй байдаг болохоор тэр бүр найзуудтайгаа уулзаад байж чаддаггүй. Төрсөн өдрүүдээр нь ч байж чаддаггүй. Гэхдээ найзууд маань миний ажлыг ойлгодог учраас тэр бүр гомдоод байдаггүй.

-Үгээ яаж цээжилдэг вэ. Жүжигчин бүр өөрийн гэсэн арга барилтай байдаг?
-Харьцаад үйл явдалдаа орчихоор үгээ амархан цээжилдэг. Дан зохиолоо барьж суугаад уншаад байх биш үгээ үйлдэлтэйгээ хослуулна. Би алхаж байх үедээ ингэж хэлнэ, ширээн дээр очихдоо ингэж хэлэх ёстой гээд. Тэгэхээр амархан цээжинд ордог. Ер нь анзаараад байхад жүжигчид ой тогтоолт их сайтай. Дээрээс нь би багадаа шүлэг цээжлэх дуртай байсан. Тэр маань бас нөлөөлдөг болов уу.

-Өмнө нь таны мөрөөдлийн дүр бол Жульетта байсан. Дараагийн “бай”-гаа онилчихсон уу?
-Байгаа. Тэрийг одоохондоо нууцалъя. Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байгаа болохоор олон сайхан уран бүтээлд оролцох боломж олдоно байх. Тэгвэл хамаг чадлаараа хичээж ажиллана.

-Ихэвчлэн хайр татам, сэргэлэн дүрд тоглодог. Тэгвэл танд эдгээрээс тэс өөр дүр санал болговол хүлээж авах уу. Магадгүй аймшгийн киноны дүр бүтээх санал ирвэл?
-Намайг илүү эвдэх дүр байвал би шууд зөвшөөрнө. “Single ladies II” дээр Миеэ ах зохиолоо бичиж байхдаа чамайг ийм болгоно, чи чаднаа гэж хэлж байсан. Тийм дүрд тоглох урамтай “Single ladies II”-д зарим үзэгдэл дээр бүр илүү сэтгэл хөдлөл гаргамаар ч юм шиг санагдаж байсан.

-Хамтран тоглогчдоо сэтгэл татагдах тохиолдол гарч байсан уу?

-Жүжгийн тайз, кино зураг авалтын талбайд би тухайн дүрдээ бүрэн орохыг хичээдэг. Хамтран тоглож байгаа хүнээ ямар сайхан залуу вэ, энэ хүн миний чин хайр гэдэгт бат итгэдэг. Тэгэж өөртөө үзэгдэл бий болгож байж, үнэн жүжиглэлт гарна. Харин ажил дуусахад би жирийн амьдрал дээрх Дөлгөөн шүү дээ.

-Шинэ оноо хэрхэн угтах гэж байна?
-Энэ жил гэр бүлтэйгээ шинэ оноо угтана. Анх удаагаа нөхөр, хүү хоёртойгоо шинэ жилээ тэмдэглэх гэж байна. Түрүү жил хүүтэйгээ амраад гадаад явчихсан байсан болохоор хоёулаа оноо угтсан. Тэрний өмнөх жил хүү маань гэдсэндээ байсан юм. Харин энэ жил яг гурвуулаа хамт байх гэж байна. Мартагдашгүй сайхан баяр болно байх.

эх сурвалж: sainaa.net

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …