“Ардчилал” сонины сэтгүүлч, сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “Эрдэнэдрийлинг-Ригс”, “МУИС-МБМ”, “Уурхайчин” багт тоглож байсан, спортын мастер Батцэнгэлийн Батхишиг яаралтай бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон учраас хамт олон, найз нөхөд, багийн гишүүд нь хамтран “Бид нэг гэр бүл” хандивын аян өрнүүлж эхэлсэн. Учир нь БНСУ-д бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орохын тулд дунджаар 110 сая төгрөг шаардлагатай байгаа юм.
Тиймээс сайн санааны хандивын аяны эхлэл болгон Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооноос сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид болон легионеруудын халз тоглолт хийж, тоглолтын орлогыг Б.Батхишигийн эмчилгээнд хандивлахаар төлөвлөсөн юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд Спортын төв ордны “А” зааланд болсон тоглолтыг “Харанга” хамтлагийн дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн нээн “Батхишиг дүүдээ хурдан эдгээрэй, Хишиг ерөөе” хэмээн өөрийн “Толин хул” дуугаараа үзэгчдийг огшоосон бол реппер Цэцэ мөн найзынхаа төлөөх халуун сэтгэлээр хүрэлцэн ирж үзэгчдэдээ ая дуугаар мэндчилсэн юм.
Энэхүү халз тоглолт эхнээсээ маш сонирхолтой, ширүүн өрсөлдөөн дунд болох нь ойлгомжтой байсан. Учир нь, өмнөх халз тоглолтуудад хоёр хожигдол дараалан хүлээсэн легионер тоглогчид бууж өгөхгүй, хожлын төлөө бүх хүчээ дайчилна гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн билээ. Ийнхүү сэтгэл зүйн дайралт хийгээд эхэлсэн тэдний өрсөлдөгчид болох Азийн наадмын шилдэг найман багийн нэг Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид ч бэлтгэлээ сайтар хангасан, хожино гэдэгтээ итгэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл сагсан бөмбөгийн халз тулаан ширүүхэн өрнөж, 97:104-ийн харьцаатай легионеруудын ялалтаар өндөрлөсөн юм.
Бидний анд найз Б.Батхишигт хандив цуглуулах зорилгоор зохиогдсон эл тоглолтын үзэгчдийн суудал дүүрэн байсан бөгөөд сагсан бөмбөг хэмээх их гэр бүлийнхэн халуун сэтгэлээр нэгдэж, нэг цул болж чаддагийг харуулсан тоглолтын талаар одоо ч гэсэн ам дамжин яригдсаар байна.